Математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Филдсийн шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртсэн байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн иран гаралтай Мариам Мирзахани Филдсийншагнал авчээ. Тэрээр “Энэ шагнал миний хувьд их том, нэр төрийн хэрэг. Миний ялалт эмэгтэйчүүдийг үүнтэй төстэй уралдаанд оролцоход түлхэц өгвөл их баярлана” гээд цаашид эмэгтэйчүүд иймэрхүү шагналыг илүү олон авна гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
Мирзахани гадаргуун геометрийг судалсан бүтээлээрээ Филдсийн шагнал авсан аж. Олон улсын математикийн холбоо буюу “IMU” нь “Мариам Мирзахани геометр болон динамик системийн судалгаанд маш өвөрмөц хувь нэмэр орууллаа” гэж өндөр үнэлсэн байна.
Мирзахани 1977 онд Ираны нийслэл Тегеранд төрсөн. 1994 онд Хонконгод болсон Олон улсын математикийн Олимпиадад түрүүлэн алтан медаль авч, 1995 онд Канадын Торонтод болсон математикийн бас нэг уралдаанд ялалт байгуулж байсан аж. Тэрээр Стэнфордын их сургуульд математикийн профессороор зургаан жилийн турш ажиллаж буй юм байна.
Филдсийн шагналыг 40 нас хүрээгүй хоёр, гурав эсвэл дөрвөн математикчид гардуулдаг. Шагнал нь тусгайлан бүтээсэн медалиас гадна дагалдан 15 мянган канад доллар буюу 13,7 мянган ам.доллар ирдэг.