Украины эрх баригчид Зүүн мужуудын салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш албан ёсны мэдээгээр 363 цэргийн албан хаагч амиа алдаж, 1,4 мянга нь шархадсан байна. Гэвч эрх баригчид ойлгомжгүй шалтгааны улмаас амиа алдсан болон шархадсан хүний тоог дарж мэдэгдэж байгаа гэдгийг Үндэсний гвардын гэрээт цэргийн албан хаагч Украины мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Ярилцлага өгсөн гэрээт цэргийн албан хаагч нь салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаанд анхнаас нь оролцож байгаа аж. Тэрээр “Хэрэв зурагтаар өнгөрсөн хоногт хоёр эсвэл гурван цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж байгаа бол бодит байдал дээр 12-13 түүнээс ч олон хүн байна гэж ойлгож болно. Донбасст явуулж байгаа тусгай ажиллагааны явцад хамгийн багадаа 4000 –н цэргийн албан хаагч амиа алдсан. Албан ёсны эх сурвалжууд яагаад 363 гэж худал мэдээ өгөөд байгааг мэдэхгүй юм. Амиа алдсан олон цэргийн албан хаагчийн нэрс нь тусгай ажиллагааны албан ёсны жагсаалтад ч ороогүй гэдгийг та мэдэх үү? Жишээлэхэд, Донбасст байлдаж байгаад толгойдоо сум зоолгуулсан байтал хувийн хэрэг дээр нь “Үхлийн шалтгаан нь зэвсэгтэй буруу харьцсан” гээд л биччихнэ. Семенёвка тосгоныг чөлөөлж байсан десантчид гэхэд л албан ёсоор өөр газар хээрийн сургууль хийж байсан” гэж хэлжээ.
Цаашлаад, маш олон үхлээс зайлсхийх боломжтой байсан ч тусгай ажиллагааг ямар ч дотоод зохион байгуулалтгүй явуулж байна гэж шүүмжлээд “Бүх зүйлийг тэгж байгаа л болно доо гэсэн зарчмаар явуулж байна. Шархадсан цэргийг эсэн мэнд хүргэж болох байлгүй дээ, болохгүй бол тэр л биз гэх мэт. Шархдагсдыг зөөх нисдэг тэргийг гэхэд л маягтыг буруу бөглөсөн гэдэг шалтгаанаар маш удаан хүлээх нь олон” гэсэн байна.