Хонконгт хүний санаанд оромгүй аймшигтай хүн амины хэрэг гарч, олныг хиртхийлгээд байна. Чау Хой Люн гэгч 30 настай залуу хөгшин эцэг эхээ хөнөөж, цогцсыг нь хөргөгчид хадгалж, зарим хэсгээр нь хоол хийсэн байсныг цагдаагийнхан олжээ. Өнгөрсөн гуравдугаар сард 56, 62 настай гэр бүлийн хоёр хөгшин сураггүй болж цагдаагийнхан эрэлд гарахдаа тэднээс тусдаа амьдардаг хүүг нь сэжиглэжээ. Гэхдээ хүү нь эцэг эх хоёроо эх газар руу явж, зугаална гэж байсан хэмээн цагдаагийн эрлийг хэсэг саатуулсан байна. Гэсэн ч хүүгийн байдал сэжигтай байсан тул гэрт нь нэгжлэг хийгээд үзэхэд тэднийд байсан хоёр том хөргөгчинд эцэг эхийн нь толгойг хадгалж байжээ. Цогцосны зарим хэсгийг хөргөгчид хийгээд багтаагүй хэсгийг нь давсалж хатаагаад агшаасан будаатай хамт хоолны саванд хийсэн байж. Энэ жигшүүр хэргийг Чау Хой Люн өөрийн гараар нэг найзтайгаа хамт үйлдсэн болох нь тодорхой байгаа аж. Тэдний гэрээс гэмт хэрэг үйлдсэн хүйтэн мэс ч олноор олдсон байна.
Айлын ганц хүү Чау Хой Люн өдий хүртэл ажил төрөл эрхлээгүй, эцэг эхийнхээ өгсөн мөнгийг үрж зугаацаж амьдардаг нэгэн байж. Тиймээс хөгшин эцэг эх нь түүнийг ажил олж хий гэж жаахан зэмлэсний төлөө тэр ээж ааваасаа хэсэг холбоо таслаад байжээ. Тэрээр хэдэн сар эцэг эхтэй таагүй харилцаатай байсны дараа тэднийг гэртээ хоол ид хэмээн урьсан байна. Эцэг эх нь хүүгийнхээ уур нь гарч гэж бодон гэрт нь ирэхэд тэд тэднийг хөнөөхөөр урьдаас бүх зүйлийг төлөвлөсөн байжээ. Чау Хой Люн эцэг эхийгээ хөнөөхөөр хурц иртэй хутга, цогцсыг нь хадгалах хөргөгч, будаа агшаагч зэргийг шинээр авсан болохыг цагдаагийнхан шалгах явцдаа тогтоожээ.
Одоо удахгүй түүнийг шүүх хурал болох бөгөөд гэмт хэрэгтэн эцэг эхийгээ хөнөөсөнд тэд өөрсдөө л буруутай, тэд намайг сэтгэл санааны хүнд байдалд оруулж хаясан хэмээн мэдүүлсэн гэнэ.