52 байршилд 15309 га газар иргэдэд өмчлүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарч энэ сарын 1-нээс эхлэн цахим бүртгэлийн ажил эхлүүлээд байгаа. Үндсэндээ 15 хоногийн хугацаанд үргэлжлэх цахим бүртгэл зургаа дахь өдөртэйгөө золголоо. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа юм. Олгох газрын тоо хязгаартай ч иргэд итгэл найдвараа алдалгүй бүртгүүлсээр байна. Өчигдөр оройны байдлаар Баянзүрх дүүрэгт заасан 909 газарт гэхэд 47615 иргэн бүртгүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 4189 газарт 46548 иргэн, Хан-Уул дүүргийн 869 газарт 34780 иргэн бүртгүүлжээ. Харин алслагдмал дүүргийн хувьд өрсөлдөөн харьцангуй гайгүй болох бололтой. Багахангай дүүргийн 1483 газарт 3836, Багануур дүүргийн 7504 газарт 9219 иргэн л бүртгүүлжээ.