Америкийн эрх баригчид аюулгүй байдлын салбарт нууц мэдээллийг гадагш дамжуулдаг Сноудентэй адил бас нэгэн хүн гарч ирсэн гэсэн дүгнэлт хийжээ. Энэ тухай “CNN” агентлаг мэдээлэв. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Америкийн тусгай албадын зүгээс тус улсын яам, тамгын газрын эсрэг явуулдаг тагнан турших ажиллагааны тухай мэдээлэл цацагдсаны дараа нууц албадуудад мэдээлэгч байна гэж сэжиглэж эхэлжээ. Удалгүй “The Intercept” нэртэй цахим сонинд Америкийн Үндэсний алан хядлагатай тэмцэх төвийн нууц материал хэвлэгдсэний дараа сэжиг нь үнэн гэсэн дүгнэлт хийсэн байна.
“The Intercept” нь Барак Обамагийн Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаанд алан хядах ажиллагаа явуулсан нь нотлогдсон ба сэжиглэж байгаа хүмүүсийн өгөгдлийн санг нэмэгдүүлсэн тухай мэдээлэл гаргасан юм. Энэ нийтлэлд Обамагийн үед АНУ руу нисч ирэхийг нь хориглосон гадаадын иргэдийн тоо бараг 10 дахин нэмэгдэж, 47 мянгад хүрсэн гэдгийг онцолж. Мөн алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж байгаа хүмүүс ямар бүлэглэлд багтдаг, Америкийн эрх баригчид эдгээр хүний талаар ямар мэдээ цуглуулдаг тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
“The Intercept” цахим сэтгүүл нь “eBay”-г үүсгэн байгуулагч Пьер Омидьярын байгуулж санхүүжүүлдэг “First Look Media” компанийн өмч. Хамгийн сонирхолтой нь “The Intercept” сонины толгой ажилтнуудын нэг нь сэтгүүлч Гленн Гринуолд. Өнгөрсөн жил ТТГ ба Үндэсний аюулгүй байдлын экс албан ажилтан Сноудений ил болгосон маш нууц материалуудыг хамгийн анх хэвлэж эхэлсэн хүн нь Гленн Гриуолд юм. Энэ нийтлэлийн дараа Америк нь Герман, Францаас эхлээд Бразиль, Мексик хүртэл дэлхий даяар төрийн тэргүүн, нэртэй улс төрчдийн электрон шуудан, утасны яриаг нууцаар чагнаж байдаг нь илэрч дэлхийг донсолгосон дуулиан дэгдэж Обама тун эвгүй байдалд орсон бөгөөд үр дагавар нь одоо ч мэдэгдсээр буй. Одоо бас нэг Сноуден гарч ирээд байгаа нь тусгай албадын хувьд төдийгүй Обамагийн хувьд тун ч таагүй мэдээ. Одоо цацагдаж эхэлсэн мэдээг Сноуден зугатахаасаа өмнө өгсөн байж магадгүй гэсэн таамаг гарсан ч ил болсон материалуудын огноо нь 2013 оны наймдугаар сар гэсэн байгаа бөгөөд энэ үед Сноуден хэдийнэ Орост оччихоод байсан билээ.
Гриуолд нь нууц албанд шинэ мэдээлэгчтэй болсон байж магадгүй тухайгаа өнгөрсөн сард хэлж байв. Хоёрдугаар сард “CNN”-д ярилцлага өгөхдөө “Эдвард Сноудений хийсэн үйлдэл, энэ үйлдлээс гарсан нааштай үр дүнд урам зориг орсон хүмүүс байгаа гэвэл худлаа хэлсэн болохгүй гэж бодож байна” гэсэн юм.
Гэхдээ шинээр гарч ирсэн мэдээлэгч нь Снуоденийг бодвол нууцад нэвтрэх түвшин арай доогуур болж таарч байгааг “CNN” агентлаг онцолсон байна. Учир нь, ил болгосон материалууд дээр "Secret" ба "NOFORN" гэсэн тэмдэглэгээ байжээ. Ийм тэмдэглэгээг гадаадын Засгийн газарт танилцуулах хэрэггүй гэж үзсэн мэдээлэл дээр л тавьдаг. Харин Сноудений ил болгосон материалын дийлэнх нь "Top Secret" буюу маш нууц гэсэн тэмдэглэгээтэй байсан.