Америкийн Ерөнхийлөгч Барак Обама “The Economist” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Орос юу ч үйлдвэрлэдэггүй, цагаачид сайхан амьдрал хайж Оросыг зорьдоггүй, орос эрэгтэйн дундаж нас 60 болсон гэж элдэв өнгөөр муулсан аж. Ярилцлага гарсны дараахан өрнөдийн сэтгүүлчид Обамагийн хэлсэн хэр үнэн болохыг тодруулахаар судалгаа явуулжээ. Эдний заримаас нь уншигч танд сонирхуулъя.
“Forbes” сэтгүүлийн тоймч Марк Адоманис Обамагийн мэдэгдлийн талаарх “Оросын талаарх Обамагийн гурван төөрөгдөл” гэсэн нийтлэл бичжээ. Адоманис нь “Обама Путинийг мэдрэлийн ядаргаанд оруулах гэж бүх л чадлаараа чармайж байгаа нь илт. Гэхдээ Оросын тухай гуравхан тодорхойлолт хийхдээ бодит байдалд үл нийцэх санаанд багтамгүй олон алдаа багтааж дөнгөсөн байна” гэж тодорхойлжээ.
Тухайлбал, цагаачид сайхан амьдрал хайж Оросыг зорих гэж яарахгүй байна гэсэн мэдэгдэл нь бодит үнэнд яагаад ч нийцэхгүй. Төв Азийн орнуудаас ирсэн олон зуун мянга, бүр сая гаруй цагаач орчин үеийн Орос орны амьдралын онцлог, бүр салшгүй онцлог болж хувирсан. Цагаачдыг хамгийн их татдаг улсуудын жагсаалтад Орос нь АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. Иймд “Оросыг цагаачлалын тухай ээдрээтэй маргаан, мэтгэлцээнтэй тулгардаггүй гэж бодож байгаа хүн энэ улсын тухай бараг юу ч мэддэггүй гэсэн үг” гэж Адоманис онцолсон байна.
Дараа нь Обама Оросын эрэгтэйчүүдийн дундаж нас 60 болж буурсан гэсэн нь мөн л бодит байдалтай яагаад ч нийцэхгүй. Оросын статистикийн төв газрын сайт руу ороход л 2013 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж нас нь 65,14 гэж заасан байгааг ядах зүйлгүй олж уншиж болно. Иймд Обамагийн иш татсан тоо нь бодит байдлаас найман хувиар зөрсөн хэрэг. Хэрэв энэ зөрүүгээр яваад байвал бид Обамаг 1957 онд төрсөн гэж хэлж болно гэдгийг Адоманис онцолжээ. Өрнөдийн эрэгтэйчүүд оросынхоос илүү урт насалдаг нь үнэн ч гэлээ Обама яагаад ч юм алдаатай тоо сонгож авсан байна.
Гуравдугаарт, Обама Оросын хүн ам огцом цөөрч байгаа гэсэн нь мөн л том төөрөгдөл. Үнэхээр Зөвлөлт задран унасны дараа нэг хэсэг Оросын хүн ам цөөрсөн нь үнэн. Гэхдээ Путин энэ талаар бодит үр дүнд хүргэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр байдал эрс өөрчлөгдсөн юм. Тиймээс АНУ-ын улс төрийн элитийн төлөөлөгчид Оросын хүн ам эрс цөөрч, сүйрэх гээд байгаа тухай мэдэгдэл хийх нь том алдаа. Обама ч мөн ялгаагүй. Бодит байдал дээр Оросын хүн ам 2009 оноос эхлэн тогтвортой өсч байгаа.
Эцэст нь, Адоманис “Эртнээс төлөвлөсөн ярилцлагад нэг биш, хоёр биш бүр гурван хэтийдсэн алдаа орсон байна гэдэг Обамагийн багийг тун муу талаас нь харууллаа” гэжээ.
“The Washington Times” “Обама Путиныг өдөж байна” нэртэй нийтлэл бичсэн байна. Нийтлэлд сүүлийн үед олон улсын тавцанд Украины асуудлын тухайд Обама сул дорой харагдаж байна гэсэн шүүмжлэлд эмзэглэсэн бололтой Путиныг дэлхийн хэмжээнд тийм ч том тоглогч биш гэсэн мэдэгдэл хийж чимхээд авлаа гэсэн байна. Цаашлаад, Америкт явуулсан санал асуулгын дүнгээр Обамаг америкчууд гадаад бодлогодоо тааруухан гэж дүгнэсэн бол Орост Путины рейтинг мэдэгдэхүйц нэмэгдсэн гэдгийг онцолжээ.
“The Daily Beast” сонин “Обама Оросыг юу ч үйлдвэрлэдэггүй гэж хэллээ” гэсэн нийтлэл бичиж. Тоймч Асавин Суэбсаенг “Обама нь Оросын зүгээс гарч байгаа аюулыг энэ мэтээр нэг бус удаа багасгах гэж оролдож байна” гэжээ. Мөн Оросыг юу үйлдвэрлэдэг болохыг тус сонины сэтгүүлчид шалгаж үзээд Орос нь хагас боловсруулсан хар төмөрлөг, алмаз, бордоо, мод, зэс утас, цацраг идэвхит бодис үйлдвэрлэн экспортолдогоос гадна америкчууд Афганистаны армид зориулан Оросоос нисдэг тэрэг худалдан авч байгаа тул бас нисдэг тэрэг үйлдвэрлэдэг юм байна гэсэн дүгнэлт хийжээ.
Өрнөдөд, ялангуяа Америкт Оросыг цөмийн зэвсэг, газрын тос, шатдаг хийтэй л болохоос бусдаараа Африкийн ядуу орнуудаас нэг их ялгараад байх зүйлгүй, үйлдвэрлэл байдаггүй, хүмүүс нь архи уухаас өөр юм хийж чаддаггүй, дандаа Өрнөдөөс гуйж, амыг нь харж амьдардаг улс гэсэн энэ мэт ойлголтод улстөрчид, жирийн иргэдийн дунд бөх суурьшсан байдгийн нэг жишээ нь энэ. Оросын газар нутаг, хүн ам, аж үйлдвэрлэл, боловсролын салбарын талаар тун бүдэг бадаг төсөөлөлтэй. Тун саяхан гэхэд Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Псаки Оросыг Украины хилийн хажууд хээрийн сургууль явуулж байгаад ихэд сэтгэл түгшиж буй тухай албан ёсоор мэдэгдсэн. Орос хээрийн сургууль үнэхээр явуулж байгаа нь үнэн ч хийж байгаа газар нь Казахстаны хилийн орчим, Украины хилээс хамгийн багадаа 700 км алсад байдаг аж.
Гэхдээ хүйтэн дайны үед жирийн америкчууд Оросын гудамжаар баавгай чөлөөтэй явж байдаг, өдөр шөнөгүй цас ордог, хүмүүс нь хутга сэрээ ашиглаж чаддаггүй гэх мэтээр төсөөлдөг байсныг бодвол одоогийн Обамагаас эхлээд Псаки хүртэлх хүмүүсийн ташаа төсөөлөл харин ч гайгүй гэж болно.