Дэлхий дээр жил болгон хуучин компьютер, утас, факс, принтер гэх мэт 50 сая тонн электрон хог гардаг. Эдгээрийн 70 хувийг дэлхийн хамгийн цахим хогийн цэг болох Хятадын Гуандун мужийн Гуажу нэртэй газар авчирдаг. Тийм ч болохоор Гуажуг дэлхийн хамгийн бохир хот гэж нэрлэдэгт гайхах зүйлгүй. Жишээлэхэд, хөрс ба усан дахь хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөснөөс 370 дахин ихээр агуулагддаг.
Аюултай буюу электрон хэрэгслийн хогийг дахин боловсруулах явцыг 1989 онд байгуулсан “Аюултай хог хаягдлыг хил дамнуулах тээвэрлэх ба гадагшлуулахыг хянах Базелийн конвенци”-ээр зохицуулдаг. Европын холбоонд үх төрлийн цахим төхөөрөмжийг цуглуулах ба дахин боловсруулах хэм хэмжээг “Waste Electrical and Electronic Equipment Directive” гэсэн тогтоол байдаг. Харин АНУ-д e-waste-ийн эргэлтийг хянах холбооны болон муж улсын олон тооны хууль үйлчилж байдаг. Үүнээс гадна Европын холбоонт e-waste-ийг дахин боловсруулах явцыг RoHS (Restriction of Hazardous Substances) гэсэн бас нэг тогтоол зохицуулж байдаг. Энэ тогтоолыг тун нарийн бодлоготойгоор боловсруулсан болохоор хуучирсан электрон хэрэгслийг Европт дахин боловсруулах бараг боломжгүй. Учир нь, тогтоолын дагуу дахин e-waste боловсруулах үйлдвэрүүд хар тугалга, мөнгөн ус, кадмий, зургаан валенттай хром, полибромжуулсан бифенил ба полибромжуулсан дифенил зэргийг хадгалах хориотой. Иймд америкчууд ба европчууд e-waste-аа боловсруулахын тулд экологийн аюулгүй үйлдвэр барих гэж олон тэрбум ам.доллар зарцуулахын оронд Гуравдагч ертөнцийн орнууд руу явуулах нь хамаагүй хямд байдаг.
Цахилгаан ба цахим төхөрөмж, хэрэгслийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг АНУ-д e-waste боловсруулдаг гуравхан үйлдвэртэй, хамгийн том нь ердөө 70 мянган тонныг боловсруулах чадалтай гэдэг нь бодит байдал ямар байгааг харуулсан тод жишээ.
Ингээд e-waste-ын 70 хувийг буюу 35 сая тонн орчмыг Хятад руу, ахин 20 хувийг Нигери, Гана гэх мэт Африкийн орнууд руу, үлдэснийг нь Бразиль, Энэтхэг болон бусад улсууд руу ачдаг.
Хятадад e-waste-ын 80 хувь нь Гуандун мужийн Гуажу нэртэй жижигхэн хотод ирж буудаг. Энэ хотын дэргэдэг хогийн цэг нь 52 ам.км талбайтай, ойролцоох дөрвөн тосгонд ахин 15 ам.км талбайтай өөр хогийн цэг байдаг. Эдгээр хогийн цэг дээр нийт 300 мянга гаруй хүн ажилладаг.
Гуажугийн хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь компьютер, принтер, зурагт зэргийг гараараа задална. e-waste-д агуулагдаж байгаа металл болон бусад зүйлийг ялгаж авахын тулд шууд шатаадаг. Тиймээс энд өдөр болгон 100 гаруй том түүдэг асч байдаг. Шатаасны дараа үлдэгдэл дотроос зэс, тугалга гэх мэт металлыг ялган авна. Алт, мөнгө зэргийг агуулсан хайлшийг цэвэрлэхийн тулд бүдүүлэг лаборатори руу явуулна. Жишээлэхэд, бичил схемүүдийг цэвэрлэдэг хүчилтэй ванныг шууд Лианжань голын эрэг дээр байрлуулсан байх бөгөөд ашиглаж хэрэггүй болсон хүчлийг шууд л гол руу асгана.
Энэ мэтээр боловсруулахад унац нь янз бүр. Жишээлэхэд, 486 маягийн хуучин компьютерийг дахин боловсруулахад 20 ам.доллар хүртэл ашиг олно. Гэхдээ энэ бүхнийг гардан хийдэг ажилчид энэ мөнгөний тун ялихгүй хэсгийг л гар дээрээ авна. Тэдний цалин гол төлөв өдөрт 3-6 ам.доллар. Тэгсэн атлаа долоо хоногийн зургаан өдөрт нь хоногт 10-12 цаг ажиллана.
Хогийн цэг дээр ажилладаг хүмүүсийн 80 хувь нь уушиг, арьс, мэдрэлийн өвчин эмгэгтэй. Гуажугийн хүүхдүүдийн цусан дахь тугалгын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 88 хувиар их. Хөрсөн дэх зэс ба тугалгын хэмжээ зөвшөөрөгдөснөөс тус тус 370 ба 115 дахин өндөр. Диоксины агуулга 130 дахин өндөр. Гуажугийн эргэн тойронд 60 км-ийн дотор усыг унданд хэрэглэх нь амь насанд аюултай тул ундны усаа хот руу машинаар зөөдөг.
Хогийн цэгээс хамгийн их ашиг олдог нь мэдээж боловсруулах компанийн эзэд. Тэд жилдээ e-waste-ийг дахин боловсруулаад 3 тэрбум орчим ам.долларыг ашиг олдог ажээ.