Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошима хотод АНУ цөмийн цохилт өгснөөс хойш 69 жил өнгөрснийг япончууд дурсан санаж байна.
Японыг энх тайван улс хэвээр байлгаж, аюулгүй байдлыг хангахыг төв засгийн газартаа Хирошима хотын дарга Казүми Мацүй уриалжээ.
Өнөө өглөө бороотой байсныг үл хайхран Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд жил тутам болдог арга хэмжээг зохион байгуулсан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй 45 мянга орчим хүн уг арга хэмжээнд оролцжээ.
Оролцогчид өглөөний 08:15 цагт дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. 1945 оны наймдугаар сарын 6-ны яг энэ цагт Хирошимад цөмийн бөмбөг хаясан юм. Үүний уршгаар 140 мянга орчим хүн амь үрэгдсэн аж.
“Хирошимаг бөмбөгдсөнөөс хойш 70 жил өнгөрснийг ирэх онд бид дурсан санана. Цөмийн зэвсгээс ангид дэлхийн ертөнцийг бий болгохын төлөө илүү их хүчин чармайлт гаргах болно” гэж Ерөнхий сайд Абэ хэлжээ.