Ховд аймгийг зорьсон манай хамт олны аяллын нэг хэсэг нь буурал уулсын нутаг болсон үзэсгэлэнт Мөнххайрхан байв. Өндрөөрөө Алтай Таван Богдын дараа орох энэ хайрханд хүрэх зам амаргүй. 35 километрийн наана орших Мөнххайрхан сумын төвөөр дайран очих аж. Булган сумаас өглөө яаравчлан хөдөлсөн ч Бодончийн хавцлын үзэсгэлэнд сэтгэл алдран хэдэнтээ жолоо татан саатсаар гэгээ тасарсан хойно сумын барааг харах нь тэр. Уулсаар хүрээлэгдэх нам гүмхэн жижиг суурингийн хэдэн гэрэл алсаас ёлтойн угтав. Хад чулуутай замаар өргөн нарийн гол туучин байж сумын төвд хүрэхэд хэдий оройтсон ч Засаг дарга С.Хүрэлтөмөр найрсаг угтаж, халуун яриа өрнүүлсэн билээ. 1927 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Их жаргалантын ам хэмээх газарт анхны суурь нь тавигдаж урианхайн Чүлтэм да лам удирдаж байсан Ховд аймгийн Мөнххайрхан хэмээх энэ буйдхан сум 87 жилийн түүхтэй. Сумын нийт хүн ам нь 2168 аж. Өөрөөр хэлбэл хотын нэг дунд сургуулийн сурагчдын тоотой тэнцүү гэсэн үг. Тэдний 98 хувь нь урианхай ястан. Хүн ам цөөтэй ч улсад олон зүйлээрээ танигдсан, шаггүй хөдөлмөрч ард түмэн юм. Урианхай сурын мэргэн харваачдын олонхи нь энэ нутгаас төрсөн билээ. Өндөр уулын бүсэд оршдог учраас газар тариалан эрхэлдэггүй, зөвхөн мал аж ахуйгаа түшиглэн амьдардаг аж. Бүсгүйчүүд нь цагаан идээ боловсруулахдаа гаргууд. Сарлагийн ааруул нь арааны шүлс асгаруулам гэдгийг олон хүн андахгүй. Ийн нутгийн сонин хачинг хуучилсаар нэгэнт цаг орой болсон тул тэндээ хоноглон маргааш өглөө нь цаст Мөнххайрханы зүг жолоо заллаа. Өгсүүр замаар УАЗ пургон машин маань ээрэн ээрсээр хайрханы бараа харагдахуйц овоон дээр гараад түр амарсан юм. Урианхайчууд Мөнххайрхан Алтайгаа магтан хайлахаас ч аргагүй ажээ. Сүрлэг хайрхан уулын цаст оройг алсаас харахад омогшил, баясал төрнө. Бид Хөхнуурын эрэгт тухлан буудаллаж, Мөнххайрханы нурууны хоёр дахь өндөр оргил Жамьяанжавын мөнх цаснаас эх авсан уулын гол хөхнуурт цутгах хэсэгт үүссэн хүрхрээг үзэн баяслаа. 127 метрийн өндрөөс буух хүрхрээ хөөсрөлт ихтэй тул холоос цайран харагддаг юм билээ. Хүрхрээний их ус Хөхнуурт цутгана. Харин Хөхнуур нь хоёр хэсгээс бүрддэг аж. Загас элбэгтэй хос нуурыг хүрхрээн тэндээс харахад мөн чиг үзэсгэлэнтэй. Мөнххайрханд хэд хэдэн хүрхрээ байдгийн хамгийн нам нь энэ аж. Үүдэн хоймрын зайтай хосоороо ургадаг вансэмбэрүү цэцгийг үзсэн хүн жаргадаг гээд дуулдаг даа. Тэнгэрийн цэцэг, хайрын бэлгэдэл гэх тэр сайхан цэцгийг олж харснаа “гайхуулъя”.
Энэ сайхан байгалиа нутгийн ард түмэн хадгалан хамгаалж, тахин шүтэж ирсэн нь бахархалтай. 2006 онд Мөнххайрхан уул түүний орчмын 301219.9 га газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан бол 2011 онд өргөтгөж 582446 га болгожээ.
Мөнх цаст Мөнххайрхан уул, Шуурхайн Мөсөн бөөрөг, Хөх нуурын Бух чулуу, Нарийн хагийн Мэлхий хад, Сэнхэрийн голын Эмгэн хад, Долоон нуурын Майхан хад, Шуурхайн чулуу, Их тошингийн Нүдэн нуур, Байнжуурын Тэмээн хад, Арцат, Ямаатын цагаан, ногоон, шар нуурууд, Шуурхай, Долоон нуурын эхний Цагаан, Ногоон нуур, Гавартай ус, Алагийн Буурал хайрхан, Хар усны агуй, Бортын Хэрсэн хад, Ямаат улааны агуй, Битүү нуур, Цагаан Сайгийн Жоншит агуй зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар энд бий. Буга, аргаль, янгир, ирвэс, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага зэрэг сүүн тэжээлтэн, тас, бүргэд, ёл, хойлог, шонхор шувуутай ёстой л баян уулс. Гол төлөв эмийн найрлагад ордог вансэмбэрүү, таван салаа, хонгор зул, сэржмядаг, алтан гагнуур, гоньд, балгана, баргашин зэрэг олон төрлийн ургамал, хад, тошил зэрэг жимс ургадаг аж. Мөн гантиг, усан болор, хайлуур жонш, гялтгануур, шороон будаг зэрэг ашигт малтмалтай гэнэ. Үнэндээ үзсэн харсан бүхнийхээ сайхныг үгээр хэлэхэд ч хэцүү, бичээд ч барагдахгүй биз ээ. Сүрлэг хайрханы бэлээс мордож, Манхан сумын нутаг дахь гурван Сэнхэрийн агуйг зорьсон юм. Аян зам ганзага дүүрэн байж, бууж мордохын зуур нутгийн урианхай залуу Алтайн магтаал, Мөнххайрханы магтаал аялгуулан хайлахыг сонсон сонороо мялаасан билээ.