Хятадад Коммунист намын өндөр албан тушаалтнуудын дунд сүүлийн хэдэн жил газар аваад байсан авлигын эсрэг аян улам эрчээ авч байна. Хятадын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хэд хэдэн дуулиант хэрэг гарсныг уншигч та санаж байгаа байх. Энэ удаад дорнод Хятадын Зянши мужийн захирагчийн орлогчийг авлигын хэргээр баривчилсан байна.
Хятадын ардын дээд прокурорын алба энэ талаар “Ардын дээд прокурорын газар нь хуулийн дагуу Зянши мужийн захирагчийн орлогч Яо Мугэний эсрэг авлигад сэжиглэн хэрэг үүсгэж, түр саатуулах арга хэмжээ авлаа” гэсэн мэдэгдэл хийжээ. Үүний дараа Хятадын Коммунист намын Төв комисс “Яо Мугэнь нь албан тушаалаа ашиглан бусад этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрөө болон хамаатан саднаараа дамжуулан их хэмжээний хахууль авч байсан” гээд намаас хөөснийг мэдэгджээ.
2012 онд болсон Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлын дараагаар Си Жинпинээр удирдуулсан тав дахь үеийн удирдлага Засгийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажил эхлээд байгаа. Зөвхөн 2014 оны эхний хагасын байдлаар авлигатай холбоотой 19 мянган хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхлээд байна.