Хятадын Юньнань мужийн Лудянь хошуунд ням гарагийн 16 цагт 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлж 380 гаруй хүн амиа алдаж 2000 гаруй хүн шархдаад байгаа тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээллээ. Мөн Лудянь хошууны Хуншиянь тосгоны ойролцоо газар хөдөлсний дараа хөрсний гулгалт үүсч, уулын голыг хаасны улмаас нуур тогтож байна. Хэрэв энэ нуурын ус халивал тосгонд оршин суудаг 800 орчим хүн үерийн усанд урсах аюул нүүрлэх тул иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлжээ.
Гамшгийн бүс дэх аврах ажиллагаанд 10 мянга орчим цагдаа, цэрэг, гал унтраагч ажиллаж байгаа аж. Түүнчлэн байнга газар чичирхийлж байгаа нь аврах ажиллагаа явуулахад багагүй саад болж буй гэнэ.
Мөн газар хөдлөлтийн улмаас 12 мянган барилга байшин нурж, 30 мянга гаруй барилга засварлах шаардлагатай болжээ. Олон тооны зам, гүүр эвдэрч хүн, машин нэвтрэхэд бэрхшээлтэй болсон байна.
Хятадын Юньнань муж газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд байрладаг тул энэ мэт гэнэтийн аюул олон болдог. Тухайлбал, 2013 оны гуравдугаар сарын 4-нд тус мужид 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараалан 34 удаа бага зэргийн чичирхийлсний улмаас 92 мянган хүн хохирч, 1781 барилга нурж, 83 мянгыг ахин засах хэрэгтэй болж байв.
2012 оны зургадугаар сарын сүүлээр 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан. Мөн оны есдүгээр сарын 7-нд 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 орчим хүн амиа алдаж, 200 хүн шархдаж, 20 мянга гаруй барилга нурсан.
2011 оны гуравдугаар сарын 10-нд 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 20 гаруй хүн амиа алдаж, 130 хүн шархдаж олон зуун байшин барилга нурсан.
1996 онд Юньнань мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 300 гаруй хүн амиа алдаж байсан бол 1974 онд энэ бүс нутагт 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 1400 хүний аминд хүрч байжээ.
Ер нь, шинэ Хятадын буюу 1949 оноос хойших тус улсын түүхэнд олон хүний амь нас авч одсон газар хөдлөлт удаа дараалан болж буй билээ. 2008 онд Сычуань мужид болсон аймшигт газар хөдлөлтийг уншигч та санаж байгаа байх.
2008 оны тавдугаар сарын 12-нд Сычуань мужид 8 магнитудын хүчтэй газар хөдлөхөд чичиргээ нь төвөөс 1500 км алсад байдаг Бээжинд төдийгүй Энэтхэг, Пакистан, Тайланд, Вьетнам, Монгол, Орост мэдрэгдсэн байдаг. Албан ёсны мэдээгээр 69 мянган хүн амь үрэгдэн 18 мянга гаруй хүн сураггүй алга болж, 288 мянган хүн хохирсон юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 20-нд Сычуаньд ахин хүчтэй газар хөдөлж 200 орчим хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархдан олон мянган байшин барилга нурсан.
1976 оны долдугаар сарын 28-нд Хэбэй мужийн Таншань хотод болсон 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг ХХ зуунд болсон байгалийн хамгийн том сүйрэл гэж үздэг. Энэ газар хөдлөлтийн улмаас зөвхөн албан мэдээгээр 200 мянга гаруй хүн амиа алдсан гэдэг бол албан бус мэдээгээр 600 мянга хүрсэн гэж үздэг. Газар хөдлөлтийн улмаас 5,3 сая байшин барилга юу ч үгүй болтлоо нурсан байдаг. Тухайн үед БНХАУ-ын явуулж байсан бодлого одоогийнхоос огт өөр байсан тул НҮБ болон олон улсын зүгээс ямар нэг тусламж, дэмжлэг авахаас эрс татгалзсан юм. Харьцуулахад 2008 оны Сычуанийн газар хөдлөлтийн үеэр дэлхийн 61 орон Хятадад янз бүрийн тусламж үзүүлсэн байдаг.
Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсноос хойш бүртгэгдсэн хамгийн олон хүний аминд хүрч, хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлт мөн л манай урд хөршид 1556 оны нэгдүгээр сарын 23-нд болсон. 7,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 830 мянган хүн амиа алдсан байдаг. Энэ газар хөдлөлтийн улмаас уул байсан газар хөндий үүсч, хөндий байсан газар уул бий болж, гол горхинууд урсгалаа өөрчилсөн гэдгийг нанхиадын түүхэн бичээст тэмдэглэжээ.
Товчхондоо, манай урд хөрш япончуудын адилаар газар хөдлөлтийн талаар арвин туршлага хуримтлуулсан гэж болно. Тиймдээ ч өнгөрсөн зууны 70-аад оны үеэд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх талаар олон эрчимтэй судалгаа явуулсны хүчинд аймшигт газар хөдлөлт болохыг урьдчилан мэдээд хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсний ачаар хүний амь үрэгдэлгүй өнгөрсөн шинэ цагийн түүхэн дэх цорын ганц тохиолдолд 1975 оны хоёрдугаар сарын 4-нд болсон юм. Хятадын Ляонин мужийн Хайчэн хошууны төв хотын оршин суугчид болон эрх баригчид амьтдын хэвийн бус авир гэх мэт олон шинж тэмдгийг гярхай ажиглан удахгүй газар хөдлөлт болохыг мэдээд хотын оршин суугчдын нүүлгэн шилжүүлсний маргааш нь 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж хотыг бараг бүхэлд нь нураасан ч хотын оршин суугчид гэмтэж бэртэлгүй эсэн мэнд үлдсэн юм.
Сатистик мэдээнээс үзвэл дэлхий дээр жилдээ сая орчим удаа газар шилгээдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн хаа нэгтээ минутад нэгээс хоёр заавал газар хөдөлдөг. Эдний дийлэнх нь эрчим хүчний ялгарал ба хөдлөх эрчим нь бага болохоор хүн мэдэрдэггүй, зөвхөн тусгай багаж хэрэгсэл нь бүртгэдэг. Үнэхээр их сүйрэл учруулах эрсдэлтэйгээр хоёр долоо хоногт нэг газар хөдөлдөг ч дийлэнх нь далайн ёроолд болдог тул газрын гадарга дээр онц мэдрэгдэггүй.