Украины 400 гаруй цэргийн албан хаагч Оросын хилчдэд хандан орогнол хүссэн тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлэв. Оросын тал тэдний хүсэлтийг хүлээн авч өчигдрийн үүрээр хил дээр тусгай гарч нээн орогнол хүссэн цэргийн албан хаагчдыг Орос руу оруулжээ. Орос уу дүрвэн гарсан цэргийн албан хаагчдын дотор 196 хилчид байжээ. Үүнээс өмнө наймдугаар сарын 2-нд босогчид Украйны нисэх хүчний бас нэгэн онгоцыг унагажээ.
Нэг талаас ийм мэдээ ирж байхад нөгөө талаас Украйны Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей мэдэгдэл хийж салан тусгаарлагчидтай хийж байгаад ажиллагаанд мэдэгдэхүйц амжилтад хүрсэн, ялалтад хүрэхэд тун ойрхон байна гэж мэдэгдлээ. Украйны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Андрей Лысенко босогчдыг өвөл гэхэд бүрэн ялж дуусна гэж мэдэгдлээ. Харин Украины Дотоод хэргийн яамны сайд Арсен Аваков хоёр долоо хоногийн дотор босогчдыг ялна гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө Украйны Жанжин штабын дарга Виктор Муженко цаад тал нь сарын дараа салан тусгаарлагчдыг бүрэн устгана гэж мэдэгдэж байсан юм. Гэхдээ Украины арай бодитоор сэтгэдэг шинжээч нар Оросын зүгээс босогчдод тусламж үзүүлж байгаа цагт сайд дарга нарын хэлээд байгаа хугацаанд ялалт байгуулж байлдааны ажиллагааг дуусгана гэдэг “уран зөгнөл” гэж онцолсон байна.
Энэ хооронд Украины Засгийн газар өнгөрсөн ням гарагаас эхлэн Татварын хууль ба 2014 оны төсөвт тодотгол хийж одоо байгаа дээр нэмж 1,5 хувийн дайны татвар нэмж авч байхаар боллоо. Иргэдийн цалингаас эхлээд сугалааны хожил хүртэл бүх төрлийн орлогод энэ 1,5 хувийн татварыг ноогдуулжээ. Нэмэлт татвараар 2,9 тэрбум гривен буюу 241 сая ам.доллар олохоор төлөвлөөд байгаа бөгөөд бүгдийг зэвсэгт хүчнээ санхүүжүүлэхэд зарцуулах аж. Үүнээс гадна төмрийн хүдэр, газрын тос ба шатдаг хий олборлолтын татвар, архи ба тамхины акцизын хэмжээг нэмсэн байна. мөн гүйцэтгэх засаглалын зарим яамдын зардал, парламентын гишүүдийн цалинг хасчээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Порошенко нь салан тусгаарлагчдыг дарах тусгай ажилланд хоногт 70 сая гривен буюу 6 сая ам.доллар зарцуулж байна гэж мэдэгдсэн. Харин Украины Сангийн яамнаас тусгай ажиллагааг явуулахад сар болгон 128 сая ам.доллар зарцуулж байна гэж мэдэгдсэн.
Одоогийн байдлаар салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаа ба гарч болзошгүй онц байдлын үр дагаварыг залруулах санхүүжилтийг 11 тэрбум гривенээр нэмэгдүүлсэн байна.