Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+15°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Д.Цэвээнравдан: Төр, төрийн байгууллага боломж олгогч болохоос татвар авч, дарамтлагч байх ёсгүй


Хүн унасан нутаг, угаасан ус, уугуул суугуул монголчуудынхаа төлөө хичээж, зүтгэж ажиллахдаа л жаргалтай байдаг. Хүнийхээ төлөө, тэдний сайн сайхны тулд бэрхшээл болгоныг зохицуулъя, шийдье, сайныг нь дэмжье хэмээн урамтай ажилладаг хүмүүсийн төлөөлөл болгож Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданг урилаа. Энэ удаагийн зочноо бид редакцдаа урьж авчраагүй, харин редакцаараа зочныхоо өрөөнд саатсан юм.

-Аймгийн хөгжлийг чиг­лүүлэх жолоо атгаж суугаа­гийн хувьд Ховд нутгийн онцлог, ялгарах зүйлийг нутгийн хүү нь юу гэж хэлэх вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Ер нь бүх юмны хүндрэл бэрхшээлийг арилгах арга зам, хөгжил дэвшлийн гол хүчин зүйл бол хүмүүсээ урам зоригтой байлгах. Хүн өөрөө зөв хандлагатай төлөвших ёстой. Манай аймгийн хувьд бүтээн байгуулалтын их ажилдаа анхаарахаас гадна ард түмний ёс уламжлал, урлаг соёл, үндэсний спортыг орхигдуулалгүй ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас Олон үндэстэн ястны өв соёл, Аваргууд гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ирээдүйд олимп, дэлхийн аварга төрөх магадлал ихтэй нутаг бол Ховд юм шүү. Манай аймгийн иргэд чинь хүндрэл бэрхшээлийг давах гэж, ажил хөдөлмөр бүрийг хийх гэж  төрсөн хүмүүс гэмээр. Наад зах нь хойд улаан уулаа даваад хонио бараалж чадахгүй бол Ховдод амьдарч чадахгүй. Хүн бүр хүүхэд байхаасаа уул давж, адуу малаа хариулаад сурчихдаг. Газар зүйн онцлог юм даа.

Ер нь Ховд аймаг нийт газар нутгийнхаа 35 хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн зорилготой ажилладаг. 1992 онд Монголын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар дэлхийн дээд хэмжээний уулзалтад  очиж нэг том амлалт авсныг та бүхэн санаж буй биз. Монгол улс нийт газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг дархлан хамгаалж, дэлхийн хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмрээ оруулна. Тиймээс бидэнд туслаарай гэсэн байдаг. Тэгэхээр энэ 30 хувийг хүн бүр ярьж байх ёстой. Ерөнхийлөгчөөсөө су­мын дарга хүртэл. Энэ бол бид олон улсын өмнө ёс зүйтэй, хэлсэндээ хүрдэг гэдгээ баталж буй хэрэг.  Бид ч олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг орон нутагт хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Манай аймгийн өөр нэг давуу тал бол усалгаатай газар тариалан. Жилд 14 мянган тонн төмс, 16 мянган тонн хүнсний ногоо хураадаг. Тарвас, амтат гуа, жимсний гол нутаг. Ховд, Буянт, Булган голоо дагасан үржил шимтэй хөрс байна. Усны нөөц, нарны их эрчим хүч нь байна шүү. Хангайд ус, хөрс нь байхад нар дутдаг. Говьд нар, хөрс нь байгаа мөртлөө ус нь дутна. Гэтэл манайд гурвуулаа бий. Ховдын ард түмэн тэр их халуун нар, хүчтэй салхи, их шумуулаа үл ажирч ган төмөр шиг хатуужсан байдаг юм. Товчхондоо ямар ч саад бэрхшээлийг миний нутгийн түмэн давж чаддаг.

-Өнгөрсөн жил ховдчууд маш их төмс хураасан ч агуулахгүй, борлуулах газаргүй тул малд өгөөд дууссан гэсэн. Иргэдийн аж ахуйг залгуулж буй энэ салбарыг аймаг бодлогоор зохицуулж эхэлсэн үү?
-Ямар ч ажил хийсэн зах зээлийнхээ эрэлтийг мэдрэх нь чухал. Эрэлт 100 хувь байхад нийлүүлэлт 101 хувьд хүрчихээр бүтээгдэхүүн үнэ цэнэгүй болдог.  2012 онд Ховд аймгийн төмсний хэрэгцээнд 150 хувь хүргэж нийлүүлсэн. Нэг кг төмс 20-50 төгрөг болсон. Төмсөө 50 төгрөгөөр зарна гэдэг тариаланчдад эдийн засгийн хувьд асар их хохирол хүлээнэ гэсэн үг. Гол нь хүмүүсээ зах зээлийн наад захын мэдлэгтэй  болгомоор байна. Тиймээс аймгийн зүгээс нийлүүлэлтийг зохицуулж эхэлсэн. Бид өнгөрсөн жил бүх ногоогоо шинжилгээнд өг­лөө. Монголын төдийгүй олон улсын итгэмжлэгдсэн лабора­торт өгсөн. Ховдын хөрсөнд ургасан төмс гэлтгүй бүх ногоо хамгийн сайн шимтэй, жинхэнэ органик гэдэг нь батлагдсан. Шинжлүүлсний ачаар 2013 онд Казахстан руу түүхэндээ анх удаа 800 тонн төмс экспортоллоо. Өнөөдөр манай тариаланчид хэрэгцээгээ мэдэрч төмс тариалах болж. Ховдын зах дээр төмс түүхэнд байхгүй үнэ хүрч байна. Шинэ ургацын төмс кг нь 2000 төгрөг дөхсөн. Энэ бол өндөр үнэ. Төмсний дундаж үнэ 500-600 төгрөг байвал аль аль талдаа тохиромжтой. Цаашдаа бидэнд 100 мянган тонн хүртэл төмс тариалах газар нутаг бий. Гол нь зах зээлийг тэлэх ёстой. Мөн хөдөлмөр хөнгөвчлөх ажилд анхаарах ёстой. Ургацаа боловсруулах ёстой. Энэ намраас аймагт төмс боловсруулах хоёр үйлдвэр ажиллаж эхэлнэ. Нэг нь туршилтаа хийж байна. Пүнтүүзний гурил гаргаж, чипс үйлдвэрлэж, шарсан төмс бэлтгэнэ. Саяхан нарийн ногоо боловсруулах дунд чадлын үйлдвэр ашиглалтад орлоо. Тарвас, амтат гуа, улаан лооль тээвэрлэхэд бэрх учраас боловсруулах гарцаа л эрж буй. Наад зах нь кетчуп хийж болно. Амтат гуагаар чанамал, хүүхдийн тэжээл хийхэд тохиромжтой. Цаашлаад дарс ундаа хийх, хатааж борцлох боломжоо ч судалж байгаа.

-Ховд аймагт Багшийн сургууль байгуулснаар олон сайн үр дүн гарсан ч өнөөдөр төгсөгч илүүдэж, 800 багш ажилгүй байна гэж сонсогдлоо. Цаашид Багшийн их сургуулиа өргөжүүлж, зарим чиглэлээр өөрчлөх, дутагдалтай мэргэжилтнээ бэлдэх боломж хэр вэ?
-Ховдын Багшийн дээд сургууль 1979 оноос багш бэлтгэж эхэлсэн. Сүүлд бүтцээ өөрчилж их сургууль болсон юм. Өнөөдөр багшаас гадна өөр олон чиглэлээр мэргэжилтэн төгсгөж байна. Цаашид бид  зах зээлийн эрэлтэд суурилж, бүс нутагтаа хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийг гол зорилтоо болгосон. Ховд их сургуулийн дэргэд инноваци, технологийн төв байгуулаад орон нутгийн төсвөөс дэмжээд явж байна. Олон сайхан залуус, эрдэмтэн, багш наад зах нь дотоодын хэрэгцээнд таарсан гэрэл чийдэнг өөрсдөө хийдэг болох ёстой. Багш, оюутнууд маань хамтраад био бордооны үйлдвэр байгуулж, эхний бүтээгдэхүүнээ гаргаж байна. Өндөр технологийн шинжтэй өөр хэд хэдэн бүтээл хийх ажил эхнээсээ туршилтанд гарсан. Ер нь, аливаа их сургууль заавал гарааны компани буюу инноваци технологийн бойжуулах төвтэй байвал илүү амжилт олно гэж боддог. Үүнийг дагаад ажиллаж, мэрийж буй оюутан багш ч илүү орлоготой болно шүү дээ. Туршилтын бүтээлүүд нь үйлдвэрлэлд нэвтэрвэл улсын хэмжээний үйлдвэржүүлэх зорилтыг хангана. Нөгөө талдаа энэ сургуулийн маань төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх мэдлэг, чадвартай байж чадвал сургуулийн чанар улам сайжирна. Тиймээс бид энэ талаар анхаарч ажиллаж байна.

-Газар өмчлүүлэх ажил Ховд аймагт хэрхэн өрнөж байгаа вэ? Газрын наймааны асуудал аймгийн төвд байна уу?
-Би бол малчдад тодорхой шалгуур нөхцөлтэйгээр бэлчээ­рийн газрыг нь өмчлүүлэх хэрэгтэй гэж боддог.Малчдад газар өмчлүүлэх санааг зарим хүн мушгиж, буруу зөрүүгээр тайлбарлах байх. Гэхдээ энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Бэлчээр бүхэлдээ нийтийн эзэшлийнх байна гэдэг эрсдэлтэй алхам. Нийтээрээ бэлчээрийг ашиглана гэдэг ч тухайн газрыг нэг мөнгөтэй компани бүхэлд нь уул уурхайн эдэлбэр болгоод лицензээр авах магадлал өндөр. Үүнийг хязгаарлах арга нь өмчлүүлэх юм. Хүний өмчилсөн газарт лиценз олгохгүй шүү дээ. Энэ бол нуган үр нь нутгаа сахина гэдэг үгийн гол утга учир. Тэгээд ч хүн өмчтэй болсноор нүүдэл суудал, шилжилт хөдөлгөөн зогсдог. Бидний хувьд энэ ойлголтыг яаж зөв түгээх вэ гэдэг л хамгийн чухал. Аймгийн төвд газар өмчлөх ажил бол ер нь бага хувьтай явагддаг байлаа. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд бараг 7-8 жил хийсэн шиг их ажил амжуулсан. Ховд аймгийн төвд өнгөрсөн жил 480 айлын гэр хорооллын хашаа бий болголоо. Газрыг нь хэмжээд, бригад гарч хашааг нь бариад нэг айлын газрыг хашаатай нь хамт 1.9-2.3 сая төгрөгөөр үнэлж байгаа. Мэдээж газар нь үнэгүй, хашааных нь үнэ тэр юм. Хэрэв иргэд бие дааж хашаа баривал 3-4 сая төгрөг болно. Ховд аймаг модоо 800-900 км холоос татдаг. Тэгэхээр иргэд газар авахыг хүсвэл хашаа нь хүртэл бэлэн байна гэсэн үг. Нөгөө талаар орлого багатай иргэдээ газартай болгохоор хэд хэдэн ажил хийж байгаа. Орлогогүй, ажилгүй хүмүүсээ хашаа барих ажилд татан оролцуулж, цалинд нь олгоно. Хоёрдугаарт, банкуудтай ярилцаж тохироод хашааны зээлийн шугам нээлээ.
Төрийн бодлогын гол чанар нь иргэндээ боломж олгох юм. Иргэндээ хуулийн дагуу үнэгүй газар олгоод үнэ цэнэтэй болгох нөхцөл бүрдүүлье гэсэн. Инженерийн шугам сүлжээг нь татаж эхэллээ. Ингэснээр газар нь хэд дахин өндөр үнэтэй болох нөхцөл бүрдэнэ. Үнэндээ эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр, хөрөнгө чинээтэй хүмүүсийн бизнесийн арилжааны хэрэгсэл нь газар байдгийг таслан зогсооё, халъя гэсэн. Газрын наймаа байсан нь үнэн. Энэ чинь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн буруу харьцаанаас л үүдсэн шүү дээ. Газар өмчилье гэсэн 2000 хүн байхад тэр жилдээ газар зохион байгуулах төлөвлөгөөнд 200-300 хүнд л газар олгохоор заачихдаг. Тэгэхээр газраа өмчилсөн 300 хүн бусдадаа газраа заралгүй яахав. Тэгвэл бид эрэлтийн 98 хувьд хүргэж нийлүүлэлтээ зохицуулж байгаа юм. Иргэн 0.07 га газар авахын тулд 4-7 сая төгрөг зарцуулдаг байсан. Би өөрөө л гэхэд өргөдөл өгөөд найман жил хүлээж үзсэн. Өнөөдөр Монголд зөв зохион байгуулаад олгож чадвал газраас элбэг зүйл алга. Хамгийн гол нь зөв зохион байгуулах шүү дээ. Ер нь орон нутаг гэлтгүй Улаанбаатарт ч замбараагүй зүйл их бий. Гэхдээ шийдэх гарц байж л таараа.

-Малчдын зээлийн хэмжээ ямар түвшинд байгаа вэ?
-2013 оны эцсийн байдлаар Ховд аймгийн иргэд банкинд 42 тэрбум төгрөг хадгалуулж байна. Ард иргэд болон бизнес эрхлэгчид банкнаас 102 тэрбум төгрөг зээлж авсан байгаа юм. Зээл өсөхийн хэрээр хадгаламжийн хэмжээ ч өсч байна. Сайн үзүүлэлт гэвэл хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл үлэмж хэмжээгээр багассан. Бид улирал бүрт мэдээг нь авдаг юм. Үндсэндээ 0.01 хүртэл хувь болж буурсан. Малчид маань орон сууц их авч байгаа шүү. Орон сууцны эрэлтийн судалгаагаар манай аймагт 2016 он хүртэл 2600 гаруй айл орон сууц худалдаж авах эрэлт байна. Төрийн албан хаагчдад ч эрмэлзэл их бий. Шинээр барьсан орон сууцны 20 хүртэл хувийг малчид л авч байна. Үнийн хувьд нэг ам метр талбай 1.2 сая төгрөгөөр үнэлж буй.

-Урд хөршөөс барилгын материал татах боломж хэр вэ. Үнийн хувьд аймаг тодорхой зохицуулалт хийж байгаа юу?
-Хэрэв манай Ховдын барилгачид нийслэлд орон сууц баривал ам метрийг нь 750 мянган төгрөгөөр л үнэлнэ. Бид цементээ нийслэлээс эсвэл Хятадаас авдаг. Улаанбаатарт 7000 төгрөгийн үнэтэй уут цемент энд 12 мянга болчихдог. Тэгэхээр барилгын компаниуд маш хүнд нөхцөлд, багахан ашгийн төлөө ажиллаж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр үнэ өндөр байгаа шалтгаан гэвэл бид Ховдод барьж буй бүх барилгад газар хөдлөлтийн есөн баллыг даах шаардлага тавьсан. Энэ барилгын үнийг 7-8 дахин нэмэгдүүлдэг юм билээ. Яг үнэндээ Монгол Улсад хамгийн хямд барилга Ховдод л босч байгаа. Манайд одоогоор 44 барилгын компани ажилладаг. Хэрвээ Улаанбаатар газрыг нь гаргаад өгвөл манайхан ам метрийг нь 750 мянгаар бариад өгч чадна. Хүмүүс маань чадвартай шүү. Аймгийн зүгээс бизнест шантааж, тээг болдог аливаа асуудлыг нь тэглэсэн. Төр, төрийн байгууллага боломж олгогч болохоос татвар авч, дарамтлагч байх ёсгүй.

-Тухайлбал, та бүгд хэрхэн боломж олгож ажиллаж байна?
-Өнгөрсөн хавар манайд байдаг тоосгоны дөрвөн үйлдвэрийн захирал миний өрөөнд орж ирлээ. Юу болов гэтэл ажил дөнгөж эхэлж байтал мэргэжлийн хяналтынхан 45 хоног ажиллуулахгүй гээд хаачихлаа гэсэн. Холбогдох хүмүүсийг цуглуулж бүгд тойрч суугаад ярилцлаа. Барилгын ажил ид эхлэх цагаар тоосгоны үйлдвэрээ хаачихвал хотоос юм уу Хятадаас авах хэрэг гарна. Хоорондоо сайн муугаа ярилаа. Эцэст нь үйлдвэрт гол гурван шаардлага тавихаар болсон. Нэгдүгээрт, хөдөлмөрийн аюулгүй байдлаа заавал мөрдөнө. Хоёрдугаарт, бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангах. Гуравт, байгалийн нөөц ашигласан бол техникийн болон биологийн нөхөн сэргээлтээ зайлшгүй хийдэг байх. Хэрэв энэ  гурвыг хангаж байгаа бол бичиг цаас, тамга тэмдгээс болж ямар ч үйлдвэрийг зогсоохгүй. Харин эсрэгээрээ байвал мэргэжлийн хяналтынхан ч, Засаг дарга миний бие ч хариуцлагаа хүлээе гэсэн. Бид өнөөдөр бизнес эрхлэгчдээ хөл дээрээ найдвартай зогсоход туслах нь хамгийн чухал. Зогсч, саатсан үйлдвэр бүрт аймгийн дарга өөрөө очдог байхаар болсон. Яг үнэндээ болохгүй зүйл гэж огт байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэ­рийн зээлийн талаар таны бодлыг сонсъё. Өрхийн үйлд­вэр­лэл төдийхнийг жижиг, дундын хэмжээнд авч үздэг. Гэтэл өрхийн үйлдвэр­лэл хөгжиж тэлэх, олон хүн ажлын байраар хангах боломжгүй шүү дээ.
-Санал нэг байна. Зарим хүн талхны цех, гутал засвараа жижиг, дунд үйлдвэр гэдэг. Үнэндээ энэ бол бичил бизнес. Бидний хувьд жижиг дунд үйлдвэрийг арай өөр түвшинд авч үздэг. Ховд аймгийн ДНБ-ийг яаж нэмэх, гадаадаас авдаг зүйлсээ хэрхэн багасгах вэ гэдэгт л бодлогоо чиглүүлсэн. Манайд хөөсөнцөр хавтан, чулуу, эсгий, цэвэр ус, ундааны гээд хэд хэдэн үйлдвэр өнгөрсөн жил байгуулагдсан. Нэг дор бүгдийг нь дээш гаргахад хүндрэлтэй ч бид босгоод ирж чадна. Энэ онд гэхэд нэг тэрбум төгрөгийн зээл хуваарилж,  26 аж ахуйн нэгжид өглөө.  Шинээр 26 үйлдвэртэй болно гэдэгт итгэж сууна. Энэ төслөөр аймгийнхаа төдийгүй баруун таван аймгийн шураг/шуруп/, хадаасны хэрэгцээг бид хангах болно. Зах зээлд төр дэмжих бодлогоор нөлөөлж, зохицуулахгүй бол болохгүй. Хөнгөлөлттэй зээлийг сул тавиад, буруу явбал асар их үнээр, арилжааны зээл авч арай хийж үйлдвэрлэл нь босч буй компанийг татаад унагаж болзошгүй. Мэдээж бүх зүйл төгс сайхан бүтнэ гэж байхгүй. Алдаа оноо бий. Гэхдээ нэг үеэ бодвол Монголд зөв зохион байгуулж чадвал ямар ч төвшинд бизнес хөгжүүлэх боломж бүрджээ. Жишээ нь, хамгийн цөөн хүн амтай сум хүртэл Сум хөгжүүлэх сандаа 150 хүртэл сая төгрөгтэй болсон. Орон нутгийн хөгж­лийн сангаас хамгийн цөөн хүнтэй суманд л гэхэд 260 гаруй сая төгрөг өгсөн. Энэ бол маш том боломж. Хамгийн гол нь зөв үр дүнтэй ашиглахад л учир бий.

-“Шинэ сум” төслийн талаар аймгийн Засаг дар­гаас асуухгүй өнгөрч болох­гүй байх. Ховдын аль суманд энэ төсөл хэрэгжиж байна. Үр өгөөжийг хэрхэн төсөөлдөг вэ?
-”Шинэ сум” төслийг хэрэг­жүүлэх нь зүйтэй юм. Монгол хүн сумын төв, аймгийн төв, улсын нийслэлд ч байна уу ялгаагүй иргэншсэн 21 дүгээр зуунд орчин үеийн ижил нөхцөлд амьдрах эрхтэй, хэрэг­тэй. Өнөөдөр сумын сургуу­лийн хүүхэд гэдэс эвгүйрхэхэд цас шуурсан 30 хэмийн хүйтнээр 200 метр хунгар туулж очоод ил жорлонд бие засч л байна. Зургаан настай хүүхэд шүү дээ. Мөн сумандаа төрдөг ээжүүд байна. Уг нь эхийн хэвлийн дулаантай адил 37-38 хэмийн тасалгаанд хүүхэд төрөх ёстой. Гэтэл 10, бүр найман хэмтэй өрөөнд ч хүүхэд төрж байна. Шинэ төрсөн эхэд ч, хүүхдэд ч үнэхээр  хүнд байгаа. Тэгэхээр сумын төвийг шинэчлэх, инженерийн шугам сүлжээг сайжруулах төслөө маш хурдан шуурхай хийж, Монголын бүх сумыг хамруулах хэрэгтэй. Гэхдээ миний  бодлоор төв суурин газарт 25 км ойр, дагуул маягийн жижиг сумыг бодлогоос гадуур орхих ёстой. Харин алслагдмал 250-260 сумандаа л хэрэгжүүлээсэй гэж боддог. Манай аймгийн Зэрэг сум Шинэ сум төсөлд хамрагдаж байгаа. Бид хуваарилсан таван тэрбум төгрөгөөр юу хийж болдгийг Монгол Улс даяар харуулж чадна гэсэн итгэлтэй байгаа.

-Уул уурхай яг хөгжиж эхэлж буй аймгийн хувьд орон нутаг ямар бодлого барьж, хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцаж байгаа бол?
-Тун удахгүй Хөшөөтийн нүүрсний ордын ажил эхэлнэ. Уурхайг 100 хувь  олон улсын нээлттэй компани эзэмшдэг. Орон нутагт хувь эзэмшилгүй. Одоогоор Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулсан. Сайн муугаар хангалттай хэлүүлдэг ч Монголын уул уурхайн салбарт нэгэн том жишиг Хөшөөт болоод байна. Нүүрсээ зөөхөөс өмнө Алтайн нуруу давуулж хэдэн зуун км зам тавьсан. Өмнөговьд бол урд хил рүү сайндаа л 260 км зам тавина. Ямар ч даваа, гүвээгүй тал газар шүү дээ. Гэтэл Алтайг давуулж зам тавина гэдэг асар бэрх.  Тэгэхээр бид цаашид ч энэ бодлогоо барьж, хөрөнгө оруулагчдад өндөр шаардлага тавина. Уул уурхайн бүтээгдэхүүн зөөж буй машин цагаан тоос татуулж, газрын хөрс тахлах ёсгүй. Орон нутагт аль болох нэмүү өртөг шингээх хэрэгтэй. Би өөрөө байгаль орчны салбарт олон жил ажилласан хүн. Хариуцлагатай уул уурхайн зарчмыг сайн ойлгодог. Тиймээс Хөшөөтийн гэрээнд дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тусгасан. Өөрөөр хэлбэл уурхайн нийт хөрс хуулсан талбайтай тэнцэх хэмжээний ойжуулах, ногоон байгууламжийн ажил өөр газарт хэрэгжүүлэх үүрэгтэй. Мэдээж ажлаа дууссан хойно ухсан талбайгаа нөхөн сэргээнэ. Хөшөөтийнхөнтэй аймгийн зүгээс байгуулсан гэрээг та бүхэн үзэж болно. Бид бараг жил шахам тохиролцож, ярилцаж байж гэрээ хийсэн. Амаргүй даваа байсан шүү. Гэхдээ наад зах нь аймгийнхаа 300 жилийн нүүрсний нөөцийг авч үлдэж байгаа. Мөн Ховдын бизнес эрхлэгч, ард иргэдийн эрх ашгийг нэлээд сайн тусгасан.

-Өмнө нь тантай уулзахад Ховд хотын агаарын бохирдлыг хөндөж байсан. Улаанбаатараас ч илүү агаарын бохирдолтой. Утааны эсрэг ажил ямар шатандаа яваа вэ, магадгүй нийслэлчүүдэд үлгэр жишээ болохуйц шийдэл олсон байж болох юм?
-Ховд хот хонхор газар байршдаг болохоор Улаанбаатараас илүү утаатай нь үнэн. Өвөл салхины урсгалгүй болчихдог. Өвөлдөө 6500 айлын гэрийн яндангаас, 83 дунд зэргийн уурын зуухнаас утаа гардаг. Аймгийн төвийн хуучин уурын зуух хэрэгцээ хангаж хүрэлцэхгүй болсноос байгууллага бүр өөрийн халаалтын зуух ажиллуулах болсон учир утаатай хот болгочихсон. Үнэндээ нэг байгууллага дулаахан өвөлжиж байгаа мэт харагдавч хотын бүх иргэний эрүүл мэнд халдаж байгаа асуудал. Ний нуугүй ярихад айл өрхийн утаа уурын зуухныхаас харьцангуй тортог бага. Тиймээс эхний ээлжинд шинэ дулааны станцтай болохоор зорьж, зүтгэсээр ашиглалтад оруулж байгаа. 83 зуухыг үе шаттайгаар зогсоохоор болсон. Өнгөрсөн жил 11-ийг зогсоосон. Энэ жил 40 орчмыг болиулна. Ирэх жил үлдсэнийг нь. Төрийн байгууллагын уурын зуухыг бол хүчээр зогсоож болно. Албан даалгаврын дагуу есдүгээр сарын 15 гэхэд Ховд аймагт ажиллаж буй улсын төсвийн, орон нутгийн өмчит бүх газар уурын зуухаа зогсоох ёстой. Тэгээгүй тохиолдолд хаалгыг нь төмрөөр дарж гагнахаас аргагүй. Харин хувийн хэвшлийнхнийг шууд зогсооход хэцүү. Гэхдээ л зах зээлийн зарчмаар шахаж ажиллана. Ресторан, буудал, караоке уурын зуухтай байвал иргэд тэнд орж үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Нөгөө талаас төрийн зүгээс цахилгаан станц шинээр байгуулах, Ховд хотын цахилгаан дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх хоёр гол ажил хэрэгжүүлж байна. Хүмүүст сонголт бий болгож буй хэрэг. Төвлөрсөн дулаанаас дулаанаа ав, үгүй бол цахилгаан халаалт ашигла.
Дараагийн нэг зорилт бол орон сууцыг олноор нь барих. Бид орон сууц барих  ажлыг бүх талаар дэмжиж байна. Газрыг нь хямд шийдэх, инженерийн шугам сүлжээ ойртуулах гэх мэт. Түүнчлэн хот төлөвлөхдөө хойно байгаа өрх айлуудаа хотын урд тал руу нүүлгэхээр болсон. 2020 он гэхэд Ховд хотын нийт өрхийн 40 хувь нь орон сууцтай, мөн 40 хувь нь хаус буюу амины байшинтай болно. Монголд яагаад ч 2050 он хүртэл 100 хувь гэр хороололгүй хоттой болж чадахгүй. Учир нь бид чинь нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн.

-10-аад жилийн өмнө солонгосчууд Өмнөговьд маш сайхан дулааны станц барьж өгсөн ч жилийн дараа л “гал алдаж” эхэлсэн. Хэт өндөр хүчин чадлыг дамжуулах дэд бүтэц нь даагаагүйгээс тийм зүйл болсон. Танай аймагт Өмнөговийн түүхийг давтах юм биш байгаа?
-Үнэхээр анхаарах ёстой зүйл. Бид шинэ дулааны станцаа магистраль төв шугаманд холбох 6.2 км шугам шинээр хийж үндсэн дулаанаа оруулж ирж байгаа. Дээрээс нь найман ширхэг ЦТП шинээр барьж хэрэглэгчдэд дулаан түгээнэ. Хүндрэл бэрхшээл гарч болохыг үгүйсгэх аргагүй. Олон жил элэгдсэн зүйлс өндөр даралт даахгүй байх эрсдэлтэй ч үүнийг бууруулахын тулд манай мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

-Үүнтэй холбоотой бас нэг асуудал бол Ба­руун бүсийн цахилгаан дам­жуулах шугамын газар.  Ба­руун бүс хилийн цаанаас цахилгаан авдаг учир өрийн сүлжээнд орчихдог. Өрийн асуудал одоо ямар болсон бэ?
-Баруун бүс эрчим хүчний нэгдсэн системтэй болсон. Үүний 29-30 хувийг Дөргөний усан цахилгаан станцаас, 70-71 хувийг Орос, Хятадаас авч байна. Ховд хотын эрчим хүчний хэрэглээ 2013 онд 40 хувиар өссөн. Бизнесийн хүрээ жаахан тэлэхэд л нэмэгдчихэж байгаа юм. Эдийн засаг нь тэлээд сайн юм шиг атлаа цахилгаанаа импортоор авдаг болохоор илүү хүндрэлтэй болж байгаа юм. Жишээ нь, Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас жилдээ 200 сая килоВатт эрчим хүч авна гээд гэрээ байгуулчихсан байхад хэрэглээ өсөхөөр 200 сая килоВатт нь  300 сая болоод нэмэгдчихнэ. Ингээд өр үүсчихээд байгаа юм. Тиймээс цаашид баруун бүсийнхэн маань өөрсдийн эрчим хүчний эх үүсвэртэй болох асуудлаа яаралтай шийдэх ёстой. Бид ч үүний төлөө ажиллана. Дөргөний усан цахилгаан станцын дэргэд нар, салхи, ус хосолсон сэргээгдэх эрчим хүчний төв байгуулна. Тэнд нарны маш хурц тусгал, идэвхжилтэй. Нэмээд салхины потенциал сайтай. Нэг нэгнээ нөхөж ажиллах боломжтой сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн систем байгуулах судалгааны ажлууд үргэлжилж байна. Холбогдох газарт нь төслийнхөө саналыг явуулсан. Үүнээс гадна Монгол, Японы эрдэмтэд Ховд голыг түшиглэж Сүжигтийн усан цахилгаан станц барих ТЭЗҮ хийсэн байдаг. Энэ ажлыг ч үргэлжлүүлэх нь зүйтэй. Мөн нүүрсний уурхайнуудын аманд дулааны цахилгаан станц байгуулах хэрэгтэй гэсэн судалгаа байна. Ер нь бие даасан эх үүсвэртэй л болох нь чухал. Дөргөний усан цахилгаан станц 2012 он дуустал жилдээ 16-22 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн жил 40 саяд хүрсэн. Төсөлд тусгасан хүчин чадал нь жилд 38 сая кВт байдаг. Энэ оны эхний долоон сард гэхэд 22 сая кВт цахилгаан гаргаад байна. Товчхондоо, төслийнхөө хүчин чадлыг давуулан ашиглаж байгаа юм. Энэ нь төслийн менежмент, үйл ажиллагаанаас шууд шалтгаалдаг. Мэдээж гол мөрний ус элбэгтэй байгаа нь нөлөөлсөн.

-Хойд, урд хөршийг холбосон олон улсын авто зам Ховдоор дайрна. Үүнийг дагаж эдийн засгийн ашиг тус их гарах нь мэдээж. Тэгвэл нийгмийн чанартай үр өгөөж юу байх бол?
-Олон улсын зэрэглэлийн зам манай аймгаар дайрна гэдэг эдийн засгийн болон геополитикийн чухал ач холбогдолтой.  Манай улс цаашид эдийн засгийн гурван босоо тэнхлэгтэй болж, хөгжлийн ирээдүй төвлөрнө гэж боддог. Зүүн талаар нэг чиглэл, төвөөрөө Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлтэй. Баруун бүст яах аргагүй Алтайн уулсын арыг тойрч төвлөрнө. Энэ бол хэдэн зуун жилийн арилжаа, худалдаа явж байсан түүхэн уламжлалт зам. Хүмүүс эртнээс зах зээл хаана байна, арилжаа наймаанд хаагуур явбал ашигтай вэ гэж зам сонгохоос гадна ачаатай тэмээ нь аль газраар явахад тохиромжтойг олсон. Алтайн уулс 3000 км үргэлжилсэн. Ямар ч техник давахад бэрх. Хамгийн дөт, бололцоотой нь энэ зам.  Мэдээж зам дагаж хөгжил төвлөрнө. Нөгөө талаас  сөрөг зүйл гарна. Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн нутагт 250 км засмал зам шинээр барьсан. Гэтэл автын осол нэмэгдлээ. Засмал замаар явж сураагүй нутгийн иргэд жаахан хальтиргаанд унах жишээтэй. Мөн ямар ч бичиг үсэг мэдэхгүй, жолооны үнэмлэхгүй хүн машин тэрэг авчихдаг, тэгээд л осол аваар гардаг. Тэгэхээр энэ бүхнийг хэрхэн бууруулах вэ гэдэгт тал талаасаа анхаарч ажиллаж байна.

-Шилжилт хөдөлгөөн, нүүдэл суудал сүүлийн жилүүдэд ямар байгаа вэ?
-2006 онд Ховд аймаг 92 мянган хүнтэй байсан. 2012 оны эцэст энэ тоо 78 мянга болсон. Жилд дунджаар 2300-2400 хүүхэд төрж, 380-440 хүн нас бардаг. Ингээд тооцвол жилдээ 1800-1900 хүнээр өсч баймаар. Гэтэл долоон жилээр тооцоод үзэхэд 24 мянган хүн Ховдоос нүүсэн. Хэрвээ тэд Ховддоо байсан бол 3-8 хүнтэй найман талхны цех тасралтгүй ажиллахаар байжээ. Хамгийн гол нь нүүж байгаа хүмүүсийн 70 хувь нь баялаг бүтээх хөдөлмөрийн насныхан. Нөгөөтэйгүүр аль ч газар зохицоод амьдрах чадвартай хүмүүс маань явчихаж. Шилжилт хөдөлгөөн гэдэг нүүгээд очиж байгаа газартаа асуудал үүсгэхээс гадна орхиод явж байгаа газраа хөгжил дэвшлээс хоцрох байдал үүсгэдэг гаж үзэгдэл юм. Тийм ч учраас бид Ховдынхон нутагтаа ирээд амьдраач ээ гэхийн тулд амьдрах, аж төрөх сайхан орчинг бүрдүүлэх ёстой. Хүн заяавал хүнс заяана гэдэг учраас хүнээ дагаж зах зээл нь хөгжинө. Өнгөрсөн оны хувьд явсан иргэд маань цөөнгүй буцаж ирсэн. Энэ жил ч ирэх хүн олширлоо. Тэгэхээр 2020 он гэхэд бид аймгийн төвөө 60 мянган хүнтэй болгохоор төсөөлдөг. Хэрэв 2020 он гэхэд Ховд аймаг 110 мянган хүнтэй болчихвол хөгжлөө арай өөр төвшинд ярих байх. Хүмүүсээ эргээд ир гэж хэлээд орхилгүй боломжийг байнга бүрдүүлж өгөх ёстой.

-Орон нутагт намчирхах, талцаж муудалцах байдал их байдаг нь нууц биш. Өмнө нь Ардын нам, Ардчилсан нам гэж хуваагддаг байсан бол одоо “Шударга ёс” эвсэл нэмэгдсэн. Хамгийн хортой нь ажил хийдэг, хийж байгаа хүнээ намаар талцаж, хойш татах нь элбэг шүү дээ.
-Манай аймгийн Иргэдийн хурал 41 төлөөлөгчтэй, АН 26, МАН 14, МАХН 1. Би аймгийн ардчилсан намынхаа даргын албыг давхар хашдаг хүн.  Ер нь улстөржилт ихсэх тусам нутаг орон, ард иргэд л хохирдог. Сонгуулийн үед нь улстөржөөд бусад тохиолдолд хэрхэн харьцангуй намжмал царцанги байдалд оруулах вэ гэдэг нь тухайн газартаа улс төрийн лидер болж байгаа хүнээс  л шалтгаалдаг гэж боддог. Манай аймгийн хувьд одоохондоо улстөржиж бие биенийхээ ажлыг татаж унагах байдал байхгүй. Аймгийн хэмжээний удирдах албан тушаалтнуудын маань төвшинд бүх намын төлөөлөл бий. Ховд маань өөрөө онцлогтой аймаг. Олон үндэстэн ястны өлгий. Энэ олон үндэстэн ястныхаа эвийг зангидаж авч явна гэдэг намуудын асуудлыг ярихаас илүү эмзэг асуудал. Тийм учраас Ховд аймгийн удирдах үйл ажиллагаанд бүх үндэстэн ястныхаа төлөөллийг байлгахыг хичээж байна. Хүн амын 0.3 хувийг эзэлж байгаа тувачуудаас ч хоёр байгууллагын дарга ажилладаг.  Тува хүн аймгийн хэмжээнд дарга хийхээр ард түмэн нь талархан хүлээн авдаг.  Мөн Ховд аймаг удирдах бүрэлдэхүүндээ жендерийн  эрх тэгш байдлыг аль болох хангаж ажиллаж байна. Нийт удирдах бүрэлдэхүүний 30 хувьд  эмэгтэй дарга бий. Энэ бол Мянганы хөгжлийн зорилтот тусгасан нэг заалт. Монгол улсын хэрэгжүүлэх ёстой үүргийн нэг.  Бид ч үүнийг хэрэгжүүлэх ёстой.

0 Сэтгэгдэл
erguu mal bdag yum ene tseveenravdan gej
kkk, alia salbadai, olny ineed ee gej...
Хамгийн их уншсан