Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу цахим бүртгэлийн ажил энэ сарын 1-ний өдөр дуулиантайхан эхэллээ. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Цахим хуудас нээгдсэнээс хойшхи дөрвөн цагийн дотор гэхэд дөрвөн сая 500 мянга гаруй тандалт бүртгэгдсэнээс үзэхэд бараг л толгойтой бүхэн газартай болох гэсэн аз сорьсон тэмцэлд орохоор шийджээ. Арга ч үгүй биз. Монгол улсын иргэн газар өмчилж авах эрхтэй хэмээн хуульчилснаас хойш 10 гаруй жил болоход нийслэлийн хүн амын дөнгөж 7,6 хувь, улсын хэмжээнд 11 хувь нь л газраа өмчилж аваад байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлд гэхэд сая гаруй хүн газар өмчилж чадаагүй байна. Цахим бүртгэлийн ажил нэлээд эргэлзээтэй, аз сорьсон зүйл болохыг төрийн орон сууцны корпорацийн барьсан Буянт-ухаа хорооллын квотын төлөөх бүртгэл харуулсан билээ. Тухайн үеийн бүртгэлийн харьцаанаас харахад 10 хүний нэг нь байр авах боломжтой байсан бол энэ удаагийн газрын төлөөх сугалаа нэлээд бүрхэг болж мэдэхээр байна. Эхний хоёр өдрийн дотор буюу өчигдөр 19 цагийн үед авсан мэдээллээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын аманд газар өмчлөх хүсэлтээ нийт 24107 хүн гаргажээ. Гэтэл энэ хэсэгт ердөө 909 иргэнд л газар өмчлүүлэх аж. Өөрөөр хэлбэл, 26 хүний зөвхөн нэг л газартай үлдэнэ гэсэн үг. Бүртгэгдсэн иргэдийн тоо үлдсэн 13 хоногт хэд ч болж мэднэ. Тэгэхээр газрын төлөөх тэмцэл үнэхээр аз сорьсон зүйл болох нь дамжиггүй.
Бүртгэлийн явцыг харахад иргэдийн газар өмчлөх хүсэлтэй байршил ч харилцан адилгүй байх аж. Жишээ нь Баянзүрх дүүргийн Хожуулын аман дахь 909 иргэний өмчлөх газрын төлөө 24 мянган хүн бүртгүүлсэн байхад Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Тариан булагт олгох 7504 газрын төлөө ердөө 3899 хүн бүртгүүлжээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Соёондын аманд 4189 газарт 21892 хүн бүртгүүлсэн байна. Хамгийн эрэлттэй байгаа хэсгийн нэг болох Хан-Уул дүүрэг, Биокомбинатын зүүн урд хөндий буюу Эрдэнэтолгойд 869 газарт 17198 хүн бүртгүүлжээ. Алслагдмал дүүрэг болох Багахангай, Багануур дүүрэгт өрсөлдөөн арай багатай болох бололтой. Тухайлбал, Багахангай дүүргийн Бор-Үзүүрт олгох 1483 газарт 1974 иргэн л бүртгүүлээд байгаа юм. Цахим бүртгэл гацахгүй, хэл амгүй, шударга болоосой хэмээн олон хүн залбирч сууна. Түүнчлэн яг амралтын өдөр тааруулан эхэлсэн цахим бүртгэлийн талаар иргэд гомдоллоод эхэлсэн сурагтай. Тухайлбал, огт газар өмчилж, эзэмшиж байгаагүй хүн бүртгүүлэх хүсэлтээ гаргахад газар эзэмшигч хэмээн гараад байна гэх гомдол цөөнгүй гарчээ. Өчигдрийн байдлаар цахим 70 шахам мянган хүн бүртгүүлээд амжжээ.