Украйны асуудлаас болж Европын холбоо, АНУ-ын зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээг шил шилээ даран авч байна. АНУ хамгийн хатуу хориг арга хэмжээ авч байгаа бөгөөд Европын холбоог мөн адил эрс хатуу арга хэмжээ авахыг удаа дараалан уриалж байгаа. Гэвч Америк ба Орос хоёрын эдийн засгийн холбоо бага харин Европын холбоо ба Оросын эдийн засгийн уялдаа их. Иймд хатуу хориг арга хэмжээ авсны дараа Европын холбоо Оросоос дутахааргүй их хохирол амсах юм. Үүний нэг нь Европын холбооны гишүүн Польшийн жишээ. Польш нь хэзээнээс Орост дургүй гэдгээрээ алдартай, Украйны хэрэг явдлын дараа энэ дургуйцэл нь бүр гаарсан гэж болно. Ерөнхийлөгчөөс нь эхлээд яамны сайд хүртэл бүх л улстөрч нь Оросыг хэрхэн яаж дуулгавартай болгох, ямар хориг арга хэмжээ авах, яаж хашраах тухай мэдэгдэл, ярилцлага өгч уралдаж байгаа гэж болно. Ийм байдлыг Орос зүгээр хараад суухгүй нь мэдээж. Ингээд наймдугаар сарын 1-нээс эхлээд Польшийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо оруулж ирэхэд хориг тавилаа. Польшийн эдийн засаг Оросоос багагүй хамааралтай гэдгээ мартсан улстөрчдийн мэдэгдлээс болж ийнхүү жимс, ногооны тариалан эрхэлдэг фермерүүд хохирч эхэлжээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Польш нь Оросын зах зээлд 256 сая еврогийн үнэтэй 700 мянган тонн алим нийлүүлснээрээ Хятадыг шахан дэлхийн №1 алим экспортлогч болсон байдаг. Харин одоо ийнхүү хориг арга хэмжээ авсны дараагаар энэ олон зуун мянган тонн алим, ахин 100 мянга гаруй тонн хүнсний ногоо, жимсийг яаж борлуулах вэ гэдэг том асуудал болж хувирлаа.
Польшийн хэдэн мянган фермер ийм байдалд баярлахгүй нь мэдээж. Польшийн Хөдөө аж ахуйн сайд оросуудыг хориг арга хэмжээ авна гэж огт бодоогүй байсан бодолтой хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Тухайлбал, “Оросын хэрэглэгчид шахалт үзүүлж Путин шийдвэрээ өөрчлөх байх”, “Путиныг уурыг хүргэж алим идэцгээе гэсэн ажиллагаа явуулж байгаа нь сайн хэрэг”, “Тэгээд ч польш хүн болгон гадил жимс, жүржний оронд 4,5 км алим илүү идээд байхад л асуудлыг шийднэ”, “Польш алимаа Хятад, Энэтхэг, Япон, Сингапурын зах зээлд гаргах сонирхолтой байна” гээд эцэст нь Европын холбоонд хандан польшийн алим тариалагчдын хохирлыг нөхөн барагдуулах тусгай эв санааны сан байгуулахыг уриалсан байна.