Египетийн нийслэл Каир хотноо Израйль ба Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд болох ёстой байсан энхийн хэлэлцээрт израйльчүүд төлөөлөөгчөө явуулахгүй болсон тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Учир нь ХАМАС бүлэглэлийг энхийн хэлэлцээр хийх нэрийдлээр дэлхий нийтийг төөрөгдөлд оруулж, Израйлийг түрэмгийлэгч болгон харагдуулж цаг хожихоос өөр зорилгогүй гэж Израйлийн тал үзэж байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар зуучилсны хүчинд сөргөлдөгч талууд энэ сарын 1-нд гурав хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн байсан. Гэвч гал зогсоосноос ердөө хэдхэн цагийн дараа тохиролцоо зөрчигдсөн юм. ХАМАС бүлэглэл үүнд Израйлийг буруутгасан бол Израйль нь ХАМАС-ын зэвсэгт дайчид израйлийн цэргийн албан хаагчийг хулгайлсан гэж мэдэгдсэн.
Израйль нь долдугаар сарын 7-оос эхлэн Газын бүсийг хяналтдаа байлгадаг ХАМАС бүлэглэлийн эсрэг чиглэсэн “Нуршгүй хад” нэртэй байлдааны ажиллагаа явуулж байгаа юм. Долдугаар сарын 17-ныг хүртэл израйльчүүд агаараас цохилт өгснөөр хязгаарлаж байсан бол дараа нь хуурай замын ажиллагаа явуулж эхэлсэн. Хуурай замын ажиллагаа нь Египетийн хилийн дагуу газар доогуур ухсан туннелийг устгах замаар зэвсэгт дайчдыг зэвсэг, сумаар хангах боломжийг таслах зорилготой. Тусгай ажиллагаа эхэлснээс хойш 1650 гаруй палестин, 60 гаруй израйль иргэн амь үрэгдээд байгаа юм.
Израйль ба Палестин хоорондын мөргөлдөөн олон зууны түүхтэй. Нийтийн он тооллын 130 онд Ромын эзэнт гүрний хаан Адриан еврейчүүдийг бослого гаргасны төлөө хаант улсыг нь устгаж, нийслэл Иерусалемийг газрын хөрснөөс арчин олон зуун мянган хүнийг хороож, үлдсэнийг нь өргөн уудам эзэнт гүрний өнцөг булан бүр рүү тараан, нутгийн нэрийг Иудей байсныг Сирийн Палестин гэж өөрчилсөн юм. Үүнээс хойш еврейчүүд нэгдэж, улс байгуулалгүй олон зууныг туулсан түүхтэй. Ингэсээр дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1947 онд НҮБ-аас Палестин нутгийг Еврей ба Араб гэж хоёр хэсэг хуваах тогтоол гаргаж еврейчүүд бараг 2000 жилийн дараа 1948 онд ахин улс байгуулах боломжтой болсон юм. Ийнхүү хоёр хэсэг хувааж, Израйль улс байгуулагдсан цагаас палестинчууд ба израйльчууд хоорондын сөргөлдөөн эхэлсэн гэж болно.
Израйль улс байгуулагдсан цагаасаа өөрийг нь тойрон байгаа лалын шашинт, араб үндэстнүүдээс бүрдсэн улсуудтай зургаан ч удаа дайтсан. Энэ олон дайн тулааны явцад НҮБ-ын 1947 оны тогтоол ёсоор араб буюу палестинчууд тусгаар улсаа байгуулах ёстой байсан нутгийг Израиль өөрийн мэдэлд авсан. Энэхүү мэдэлдээ авсан нутаг өнөөдөр хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд та бид Иордан голын баруун эрэг ба Газрын зурвас гэдэг нэрээр нь мэднэ.
Ийнхүү Израйлийн мэдэлд орсон нутгийг чөлөөлөхийн төлөө Палестиныг чөлөөлөх байгууллага /ПЧБ/ үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ байгууллагыг 1964 онд Египетийн тухайн үеийн Ерөнхийлөгч Абдель Насерийн санаачлагаар байгуулсан бөгөөд Ясир Арафат удирдаж байлаа. ПЧБ нь Палестин нутгийг хоёр хуваан еврейчүүдийн улс байгуулсныг хууль бус гэж үзээд газар нутгийг бүхэлд нь чөлөөлөн нэгдсэн Палестин улс байгуулах зорилготой байв. Өөрөөр хэлбэл анхандаа ПЧБ нь Израйль улсын эвлэрэшгүй дайсан байж тусгаар тогтнолын төлөө алан хядах ажиллагаа зохион байгуулах замаар тэмцэж байв. Харин өдгөө Израйльтай дайтаад байгаа ХАМАС бүлэглэлийн түүх нь Афганистаны Аль-Кайдагийн түүхтэй тун төстэй гэж болно. ХАМАС бүлэглэлийн шашны тэргүүн Ахмед Ясин нь 1978 онд израйльчуудад эзлэгдсэн Палестины нутагт “Мужама аль-Исламия” нэртэй лалын шашны буяны байгууллага байгуулав. Шашны байгууллагын гишүүд тухайн үед алан хядах ажиллагаа явуулдаггүй, харин ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдгаараа алан хядах ажиллагаа явуулдаг гэдгээрээ ПЧБ-ээс эрс ялгаатай байв. Иймд анхандаа израйльчүүд тэднийг ПЧБ-ын гол өрсөлдөгч, тогтоож чадах хүчин гэж үзээд санхүүжүүлдэг байжээ. Үнэхээр ч тухайн үед израйльчүүдэд эзлэгдсэн нутагт Ахмед Ясинаар удирдуулсан шашны явцуу үзэлтнүүд ба ПЧБ-ын шашны үзлээс ангид, зүүний талын үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд цус асгаруулсан тэмцэл ихээр болдог, түүнд нь Израйльчууд оролцдоггүй байв. Энэ бүхний үр дүнд Ахмед Ясины байгуулсан хөдөлгөөн буюу шашны хэт явцуу үзэл Палестинд ихээхэн нэр хүндийг олж газар авчээ.
Улмаар ПЧБ 1988 онд алан хядах ажиллага хэрэглэх аргаас албан ёсоор татгалзахад Ахмед Ясин өөрийн хөдөлгөөнөө ХАМАС буюу Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн нэртэй улс төрийн нам болгон өөрчлөөд Израйлийн эсрэг, Палестины нутагт шашнаас ангид улс байгуулахыг эсрэг тэмцэж эхэлсэн түүхтэй. Израйльчууд 1984 онд Ясиныг зэвсгийн нууц агуулах байгуулсан хэргээр баривчлахад цаадах нь зэвсгээ Израйлийн эсрэг бус харин ПЧБ-ын эсрэг хэрэглэхээр зэхэж байсан гэж тайлбарлаад суллагдаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг. Иймд ХАМАС бүлэглэл тэдний эсрэг Израйлийн хийж байгаа тэмцлийг АНУ-ын Төрийн департаментын нэгэн ажилтан тухайн үед тайлбарлахдаа “Толгой дээрх үсээ шатаачихаад дараа нь алхаар цохиж унтраах гэдэг хүнийг израйльчууд санагдуулж байна” гэж хэлж байсан удаатай. 2001 онд Усама бин Ладен ихэр байшинг онгоцоор мөргүүлсний дараа өөрсдийнхөө талаар үүнтэй адил үг хэлж байсан биз. Зөвлөлтийг Афганистанд цэргээ оруулсны дараа америкчууд Усама бин Ладенийг санхүүжүүлж, Зөвлөлтийн цэргийн эсрэг тэмцэх бүлэглэл байгуулахад дэмжин зэвсэг, сум хэрэгслээр хангаж байсан түүхтэй гэдгийг уншигч та санаж байгаа байх.
Өнөөдөр ПЧБ-ын гол нам ФАТХ нь Иордан голын баруун эрэгт Палестины автономийг хянадаг бол ХАМАС нь Газын зурвасыг хянадаг.
Израйлийн Ерөнхий сайд мэдэгдэл хийж ХАМАС-ын хулгайлсан израйль цэргийн албан хаагч алагдсан гээд маш хатуу хариу өгнө гэдгээ ч мэдэгдсэн. Иймд Газын зурвас дахь байдал цаашид ч түгшүүртэй хэвээр байх бололтой.