Баруун Африкт “эбола” вирус хэтэрхий хурдан тархаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн мэдэгдлээ.
Гвинейн нийслэл Конакри хотод болсон бүс нутгийн удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан мэдэгдэл хийхдээ “Үүнтэй тэмцэхийн төлөө бидний гаргаж буй хүчин чармайлтаас ч илүү хурдан энэ өвчний вирус тархаж байна” гэжээ.
Гвиней, Либери болон Сьерра-Леоны удирдагч нар уг уулзалтад оролцсон байна. “Эбола”-тай холбоотойгоор энэ гурван улсад 729 хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдэгдэв.
Хэрвээ байдал энэ маягаар улам дордсоор байвал “эбола” бусад улс руу ч тархаж болзошгүй гэж Чан анхаарууллаа.
Энэ өвчнийг цааш тархахаас урьдчилан сэргийлэхад авч буй арга хэмжээгээ бэхжүүлэхийг тэрбээр уриалахын сацуу халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг хурдан тогтоож, тусгаарлах хэрэгтэй гэж онцлон тэмдлэглэсэн байна.