Өлзий ахыгаа бид долоон жилийн өмнөөс мэднэ. Яг таньж мэддэг болсон үе гэвэл түүнээс ч өмнө л дөө. Биднийг хүүхэд байхаас л үндэсний телевизээр орой болгон “Цагийн хүрд”-ээр гардаг өнөө ахыг хэн хүнгүй л мэдэлгүй яахав. Анх “Ардчилал” сонинд ажилд орох гээд ирж байхад өрөө дүүрэн суусан сэтгүүлчдээс хоймор суух ганц танил царай нь Өлзий ах л байсан юм даг. Манай хамт олон тийм л залуухан, шинэхэн байж. Их сургуулийн ширээнээсээ өндийгөөд удаагүй, ёстой будаг нь ханхалсан шинэхэн сэтгүүлчид “Ардчилал” сониныг өдөр тутмын хэвлэл болгон өргөжин тэлэх амаргүй үүргийг биелүүлэхээр гар нийлэн зүтгэж байхад Өлзий ах маань тэр олон шинэхэн боловсон хүчнийг сургаж, сэтгүүлчийн дөртэй болгох гэж ёстой үгээ барж суусан өдрүүд байлаа. Энэ бол 2007 он. Тэр үед сонины өглөөний шуурхай гэж ёстой шуурхай бус хурал хийдэг үе байв.
Зөв бичгийн дүрэм, найруулга зүй, логик, сэтгүүлчийн ур чадвараас эхлээд хувь хүний ёс зүй, биеэ хэрхэн авч авах хүртэл юу эсийг зааж сургаж барах вэ, бүтэн лекц өглөө болгон уншуулдаг байлаа бид. Өлзий ах сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргыг ч хэлэх үү ёстой хариуцлага нэхсэн сургамж зөвлөгөөг өглөө бүр өгнө. Одоо ч өгсөөр л байна. Харин тэр үеийг бодвол үг нь цөөрч дээ, ах минь. Өлзий ахын гараар орсон сэтгүүлчид маань овоо дөр сууж байгаагийнх ч байж мэднэ. Гэхдээ л ахаасаа асуух, сурах зүйл дандаа л гардаг даа. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал хамгийн түрүүнд “Өлзий ах аа” гэсээр л орж ирнэ.
Манай хүн багш мэргэжилтэй, нэлээд хэдэн жил багшилсан болохоороо ч тэр үү урамтай гэгч нь хариулна даа. Ямар асуудлыг хаанахын хэн гэдэг албан тушаалтан мэдэх, тэр хүнээс юу асуувал бараг юу гэж хариулахыг нь, тэгээд бүр ямар өнгөтэй байшингийн хэдэн давхарт хэдэн номерын өрөөнд суудгийг нь хэлээд өгнө л гэж мэд. Хажууд нь суугаа манай сурвалжлагчид бүү хэл хаа холын телевизийн сэтгүүлчид хөдөө гадаа томилолтоор явахдаа утас цохиод яах ийхээ асууж байгаа харагддаг. Сэтгүүлзүйн тогоонд олон жил чанагдсан жинхэнэ сэтгүүлч, сурвалжлагч хүн гэдэг ийм л байдаг. Тэр дундаа дагнасан сэдвээрээ бол салбарынх нь мэргэжилтнүүдийг давж гарахаар шахуу. Өлзий ахын гаршсан ийм нэг салбар бол хөдөө аж ахуй. Жил бүрийн хавар, намартаа газар тариаланг “ганц” анхаардаг хүн маань тэр. Өнөө тариа, ургац хураах ажил, уринш яав ийв, та нар чинь талх тариа идэхгүй хүмүүс үү гээд л хэдэн хүүхдээ хэдэн тийш нь гүйлгэнэ. Тэгээд “ургацаа амжилттай хурааж авбал” дараа нь өнөө өвлийн бэлтгэл юу болж байна гээд л шуурхайгаас даалгавар өгөөд эхэлнэ дээ. Ерөөсөө Өлзий ах ингэж л түмний төлөө санаа тавьж явдаг хүн. Өөрт нь огтоос хэрэггүй ч түмэнд хэрэгтэй мэдээллийг бол харин ч нэг нэхэж шаардсаар байгаад сонин дээр тавиулж байж санаа нь амарна даа.
Ингээд бичиж суух нь ээ нэг Цагаан сарын дурсамж санаанд орж ирлээ. Хэдэн жилийн өмнө ч билээ хамт олон маань сар шинийн золголт хийж, айл хэсэв ээ. Өлзий ахынд очлоо. Жил бүр Дорноговьд өндөр настай ээжийндээ очиж сар шинэ гаргадаг манай хүн биднийг очиход их л тэвдүүхэн бэлдэж билээ. Өлзий ах маань угаасаа их залуу сэтгэлгээтэй, орчин үеийн хүн болохоороо тэр. Биднийг очиход тэднийд эрхээрээ хатсан нэг амьтан байсан нь Налла хэмээх хайртай нохой нь. Өнөө бидний айж сүрдээд, өдөр бүр загнуулаад байдаг Өлзий ах нохойгоо эрхлүүлэхдээ бүр нуур нугас шиг болдог юм байна. Тэгээд бид тэднийхээс гарч явахдаа “Хүүе ээ, Өлзий ах бид нартай Наллагаас дор харилцаад байдаг юм биш үү” гэж инээлдсээр буцсан даа. Ажил дээр бол тийм зарчимч, дэг журамтай л байдаг хүн. Харин хамт олон, ах дүүгийн харилцаандаа бол ёстой л үлгэр дууриал авмаар элэгсэг, хүнлэг хүн дээ. Гэр бүлийнхэнтэйгээ ямар сайхан харилцдаг гэж санана. Тив алгасан суух охиныхоо гэр бүл, зээ охидоо санаад нисчихээд ирнэ. Тэгснээ бас ижийгээ асарч тойглох гээд Сайшанд руу гараад өгнө.
Одоо сонинд маань Өлзий ах тэгээд түүний өөдөөс харж суух Цээгий эгч хоёр л ижий аав шиг бидэндээ нөмөр нөөлөг болж байна. Бид өдөр тутмынхаа ажлын аахар шаахар зүйлээс эхлээд аялал зугаалгынхаа маршрутыг хүртэл асуух юм даа. Сэтгүүлчээр олон жил ажиллахдаа Монгол орны өнцөг булан бүрийг хаанаас нь хаашаа ч гаргаахгүй болсны хувьд хамт олон маань жил бүрийн зун хийдэг аяллынхаа маршрутыг Өлзий ахаар л зуруулна даа. Эхний жил Дундговь, Дорноговь, тэрний дараа Архангай, Хөвсгөл, гурав дахь жилээ Дорнод, түүний дараа Сүхбаатар, тав дахь жилдээ Өмнөговь, өнгөрсөн зун Хэнтий гээд бид их аялсаан. Одоо хэдхэн хоногийн дараа Ховд нутаг руу хөлгийн жолоо залах гэж байна. Энэ бүх аяллын маршрут, хөтөлбөр бүгдийн ерөнхий төлөвлөгч нь Өлзий ах. Аль аймаг сумын аль газрыг заавал очиж үзэх ёстой, тэнд ямар түүхэн дурсгал, байгалийн үзэсгэлэнт газар байгааг, хаанаас гарч, хаашаа очих гээд бүгдийг нь ягштал бичээд төлөвлөөд өгнө. Ийм хөтөчтэй байхад аялал бүхэн сайхан бололгүй яах билээ.
Ингээд л ажил дээр ч, амьдрал дээр ч дандаа түшиг тулгуур болж байдаг ах минь бидэнтэйгээ долоон жилийг хамт үджээ. Энэ хугацаанд Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор мялааж хамт олноо баярлуулж байсан нь саяхан мэт санагдана. Гэтэл өчигдөрхөн Х.Өлзийбаяр ах маань дахиад л энгэрээ мялаалаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор. Ёстой л эзнээ олсон шагнал гэж энэ. Хөдөлмөрлөсөн хүнд л өгөх ёстой юм бол авах ёстой шагнал нь байлаа. Яг үнэнийг хэлэхэд ажлын нарийн цаг ч баримталж мэдэхгүй шинэхэн боловсон хүчнүүдэд өглөө ажилдаа яс ирэхээс авахуулаад ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх гэж өөрийн үр хүүхдээс дутахгүй санаа тавьж, сургаж яваа хөдөлмөр бүтээлийнх нь шагнал. Харин Өлзий ах өөрөө бол даруухнаар ингэж хэлсэн юм. “1990 оны цагаан морин жил Сүхбаатарын талбайн зүүн өмнө өнцөгт Зил-130 машин дээрээс уншигчид булаалдан авч уншиж байсан “Ардчилал” сониныг өнөө хүртэл чирж яваа манай хамт олны хөдөлмөрийг төр үнэллээ. Чөлөөт нийгмийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилал” сонины хамт олны хөдөлмөр зүтгэлийг л төр үнэлсэн хэрэг. Түүнээс би ганцаараа хэр их ачаа даах билээ. Та нартайгаа л хамт ачааны хүндийг үүрлээ” гэж өчигдөрхөн шагналаа мялааж хамт олондоо хэлсэн юм.
Хэдий ингэж хэлсэн ч энэ таны шагнал. 1982 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсөөд нутагтаа очсон залуухан багшийн ардын хүүхдийг сургаж хүмүүжүүлснээс эхлээд сургуулийн захирлаас ажиллаж байхдаа идэвхтэн бичигч болж, улмаар ардчиллыг тохинуулсан 90-ээд онд аймгийнхаа “Ялалт” сониныг эрхлэн гаргаж бурангуй эрх баригчдыг зад шүүмжилж байсан, төрийн төв хэвлэл “Ардын эрх” гэж байх үеэс орон нутгийн сурвалжлагчаар ажиллаж, хожмоо ММ агентлаг, SBN, TV5, TV8 телевизийн редактороор ажилласан он жилүүд, тэр бүртээ бидэн шиг залуу сэтгүүлчдийг сургаж дадлагажуулж байсан 30 гаруй жилийн хөдөлмөрийн тань үр дүн билээ.
Бид бол Өлзий ах гэдэг, сэтгүүл зүй, хэвлэлийн салбартаа бол Өөжгий гэдгээрээ л танил болсон Х.Өлзийбаяр ахын маань үзэг нь хурц, үг нь мэргэн байх болтугай.