Улсын баяр наадам угтан орон нутгийн малын худалдаачдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гарган Мал худалдаалах түр цэг байгуулсан байна. Захирамжийн дагуу энэ сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, МТ шатахуун түгээх станцын зүүн хэсэгт мал худалдаалах цэгийг байгуулжээ. Харин зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ.
Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалж байгаа юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавьж ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.