Зайсангийн амны хоёр талд Чингисийн хөрөгтэй буюу Ум, Соёмбот гэсэн уул бий. Хоёул дархан цаазат бүс нутгийн тусгай хамгаалалттай хилийн бүсэд оршдог. Тиймээс хууль, дүрмийнхээ дагуу байшин барих байтугай газар хатгах хориотой. Гэвч газарзүйн байршлаасаа үүдэн энэ бүс “халдлагад” өртөж алга дарам газар нүдний гэм болчихоод буй. Өдгөө бүр даамжирч дээр дурдсан хоёр уулыг сэндийчиж эхэллээ. Чингисийн хөшөөтэй уулыг ухаж, тэнд амьдарч байсан хоёр айлын гэрийг нураасан явдал өнгөрсөн сарын 24-ны өдөр гарсан бол өчигдөр Зайсан толгойн баруун талын Соёмбот уулын хормойг экскаватороор ухаж байгаа дүр зураг онлайн ертөнцөд тархлаа. Тиймээс бид энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
Байцаагчийн өрөөнд орж ирээд Л.Гүндалай “ална шүү” гэж заналхийлсэн
“Одоо Зайсангийн ам гэж нэрлээд яах вэ. Зүгээр л Л.Гүндалайн ам гээд нэрлэчихвэл яг таарна хэмээн” “Экологи Зайсан” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Өнөржаргал хэллээ. Тэрбээр өчигдөр орой Л.Гүндалайтай халз мэтгэлзээнд орохын өмнө бидэнтэй уулзсан юм. Тэдний хоорондох маргаан олон жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд иргэд зөвшөөрөлтэй газар дээрээ амьдарч байхад Л.Гүндалай 17 хүн хөлслөн хоёр айлын гэрийг “шар будаа” шиг тараасан учраас тэдний удаах тэмцэл эхэлсэн байна. Тиймээс Чингисийн хөрөгтэй ууланд ямар асуудал гарсан талаар сийрүүлэн хүргэе.
2008 оны зургадугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав газар эзэмшүүлэх тухай 224 тоот захирамж гаргажээ. Тэрхүү захирамжид, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.1, Газрын тухай хуулийн 33.1.1 дэх заалт, Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн захирамжлах нь гэж эхлээд “Тус дүүргийн гэр хороололд суурьшсан XI хорооны нутаг дэвсгэрт иргэний, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хавсралтад нэр заасан 237 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэжээ. Тиймээс Зайсангийн аманд Чингисийн хөрөгтэй уулын хормойд, Соёмботой уулын бэлээр амьдарч байсан уугуул иргэд албан ёсоор өөрсдийн газраа 15 жилийн хугацаанд эзэмшиж эхэлсэн байна.
Харин 2009 онд буюу иргэдийг газар эзэмшиж эхэлсний дараа онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 242 тоот тушаал гарсан байна. Тушаалын хавсралтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/83 дугаар бүхий гэрчилгээ хавсрагдсан байна. Харин тэрхүү гэрчилгээнд, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол Улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улаанбаатар нутагт орших Богдхан уулын “Дархан цаазат газар” тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын таван га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрч, энэхүү гэрчилгээг О.Одсүрэнд таван жилийн хугацаагаар олгов гэжээ. Харин О.Одсүрэн гэдэг нь Оюундалай буюу Л.Гүндалайн эгчийн хүүхэд аж. Ингээд албан ёсоор бол иргэн О.Одсүрэнгийн газар нийтдээ долоон га болжээ. “Экологи Зайсан” төрийн бус байгууллагын хэлж буйгаар бол тэд долоон га газрынхаа 2.5-н га-г зарсан байна. Ингээд хашаа татахдаа Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджавын олгосноор газар эзэмших гэрчилгээтэй байсан хоёр айлын газарт халдсан байна. Ингэхдээ цоожтой байсан айлын гэрийг буулгаж, бурхан тахилыг нь хээв нэг хаяж, гэрийг дахин эвлэхгүй болтол нь хэмхэлсэн учраас тэндхийн иргэд эсэргүүцэл үзүүлжээ. Энэ талаарх гомдлоо иргэд дүүргийн цагдаагийн газарт гаргасан бөгөөд энэ үеэр нь Л.Гүндалай байцаагчийн өрөөнд орж ирээд “ална шүү” хэмээн заналхийлсэн талаар “Экологи Зайсан” төрийн байгууллагын тэргүүн дурдав. Мөн Л.Гүндалай гэрийг нь сүйтгэсэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Алтанчимэг нарт өөрийн гараар “Зүүн дээр нүүж буусан тохиолдолд орц гарцын асуудлыг гаргаж өгнө. Мөн тог цахилгаанаар хангана. Гэр, тавилгын хохирлын асуудлыг жич тусад нь шийднэ” хэмээн бичиж өгөөд гарын үсгээ зуржээ. Энэхүү тохиролцоог бататгахаар хорооны Засаг дарга нь байлцсан бөгөөд мөн гарын үсэг зурсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл хэмхэрсэн гэрийг нь янзалж өгөөгүй. Өнгөрсөн сарын 24-нөөс хойш айлаар хоноглож явна хэмээн хохирогчид ярьсан юм.
Түүнчлэн “УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай өөрийн төрсөн эгч Оюундалайн хүү Одсүрэнгийн нэр дээр Зайсанд маш их газар авсан. Нэг гэрчилгээгээр газар авсан мөртлөө, газраа сунгаад илүүг нь зараад л байж байдаг шүү дээ. Сүүлдээ хоёр айлын газрыг оруулж, кадастрын зураг хийсэн. Зайсангийн газар дээр хоёроороо эсвэл таваараа байгаа цөөн айлыг гаднаас нь харж байгаад “GPS”-ээр кадастр хийчихдэг. Тэгэхээр айлууд нь мэдээгүй байтал компаниуд хүн хөлслөөд л хөөж эхэлдэг байдалтай нүүр тулдаг юм. Тэгсэн мөртлөө биднийг мөнгө авдаг, луйварчин, компаниудыг шантаажилдаг гээд зурагтаар яриад сууж байна. Зайсанд ямар компаниуд ажиллаж байгаа билээ, бод доо. Иргэдэд дарамтлуулахгүй биз дээ. Хуульд дийлдэхгүй байгаа хүмүүс бидэнд дарамтлуулна гэж байхгүй шүү дээ. Яг энэ хоёр айлын асуудал маань шүүхээр хэлэлцэгдэх болсон. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй байхад хүч хэрэглэн хоёр айлыг аймшигтай болгосон. Харин өөрөө Зайсангийн уулын аманд хаус бариад суучихсан. Энэ ширээ сандлыг бид хийсэн гээд л телевизээр яриад сууж байна шүү дээ” гэж байв.
“Тоглоомын талбай барина”
Соёмбот уулыг ухаж эхэлсэн талаар Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай холбогдлоо. Хариуцсан мэргэжилтэн нь газар дээр нь юу болж байгааг мэдэхээр явсан учраас тус албанаас мэдээлэл өгсөнгүй. Тиймээс бид газар дээр нь ажиллахаар явсан тус дүүргийн газар зохион байгуулагч н.Ган-Эрдэнэтэй холбогдохоор залгасан ч утас нь холбогдохгүй байсан юм. Мөн Хан-Уул дүүргийн XI хорооны газар хариуцсан мэргэжилтэн н.Нямдаваа нь бидний дуудлагат хариу өгсөнгүй. Харин “Зайсанд тоглоомын талбай байхгүй учраас Соёмбот уулыг ухаж, тоглоомын талбай барих гэж байгаа” гэж тэндхийн оршин суугчид хэлэв. Итгэхэд хэцүү энэ өгүүлбэрийн талаар бид албаны тайлбар сонсож чадаагүй ч оршин суугчид тоглоомын талбай барих учраас эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа гэдгээ дуулгав. Өөрөөр хэлбэл, таван жилийн өмнө 5300 хүн амтай байсан Зайсан толгойн суугчид өнгөрсөн оны байдлаар 10100 болсон нь тоглоомын талбай хүрэлцэхгүй байх шалтгаан болсон бололтой юм. Гэвч судалгаанаас харвал, хоёр дахин өссөн хүн амын 70 хувь нь шинээр суурьшсан буюу Зайсанд хууль бусаар баригдсан барилгад аж төрдөг аж.
Өнгөцхөн бодоход л Улаанбаатар хотын хамгийн үнэтэй бүсэд шинээр баригдсан барилгууд бүгд хүүхдийн тоглоомын талбайтай. Бүр гурван үеэрээ амьдарч ирсэн 30 хүрэхгүй хувийн хүн амаас тусгаарлаж, хашаа татсан хүүхдийн тоглоомын талбай байгаа гэдгийг хүссэн нь очоод харчихаж болно. Нөгөөтэйгүүр, Зайсанг эзэлсэн эрх мэдэлтэн, цаашид ч эзлэх хүсэлтэй дарга нар Зайсангаас зайлуулах хүсэлдээ автсан уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулж хөрөнгө мөнгө гаргах нь юу л бол. Дунджаар 100 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа уугуул иргэдийн газрыг худалдаж авч чадахгүйдээ уулын хормой бараадаж байж энэ мэт зүйл үр хүүхдэд зарцуулна гэдэг үнэндээ худал биз ээ. Тиймээс бид Соёмбо, Ум хоёр уулын асуудлыг дараагийн дугаартаа хүргэх болно.