Туул голын сав газрын захиргаанаас Туул голын хамгаалалтын бүсэд ахуйн болон барилгын хог хаягдал их хэмжээгээр хаяж буйг таслан зогсоохоор шөнийн цагаар эргүүл ажиллуулж эхэлжээ. Илэрсэн зөрчил дутагдлын талаар БОНХЯ-ны сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбаттай ярилцлаа.
-Туул голын сав газарт хяналт шалгалт ямар хугацаанд хэрхэн явуулдаг юм бэ?
-Олон жил усны хяналт шалгалт эзэнгүй юм шиг явсан л даа. Ус ашиглалтын нөхцөл байдал хүндэрсэн гэхэд буруудахгүй. Томоохон аж ахуйн нэгжүүд хулгайгаар ус авах нь их байсан. Зөвшөөрөл авдаггүй, дүгнэлт гаргадаггүй, төлбөр төлдөггүй л байдалтай байлаа. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 13900 орчим Туул голын ус ашиглагч бий. Бид тооллого явуулахдаа зөвхөн гол горхи нуураа тоолдоггүй. Бүх ус ашиглагчидаа тоолдог. Бүгдийг нь бүртгэлд хамруулснаар хяналт сайжирсан. Үе шаттай арга хэмжээ авч байгаа болохоор томхон зөрчил буурсан. Нөгөө талаар шалгалтын ажил идэвхижээд ирэхээр далд байдлаар ус бохирдуулж, хомсдуулах явдал гарч байна л даа. Тухайлбал, нууцаар тоолуургүй шугам татах явдал байгаа учраас бид харьяа байгууллагуудаа нууц шугам илэрүүлэх багажаар хангаж байна. Ер нь хоёр байдлаар шалгалт явуулдаг. Тогтсон хугацаанд явуулдаг төлөвлөгөөт, нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөт бусаар хяналт шалгалтаа явуулдаг.
-Энэ удаагийн шалгалтаар хэр олон зөрчил илэрсэн бэ. Ноцтой нь юу байна вэ?
-Хамгийн ноцтой нь, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд барилгын хог хаягдал их хэмжээгээр хаясан. Гуравхан шөнийн шалгалтаар 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын авто машин баригдсан. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн машин Энхтайваны гүүрэн доогуур урсах Сэлбэ голд бохир ус асгаж байгаад баригдсан.
-Ийм зөрчил гаргасан байгууллага аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцдог юм бол?
-Эрүүгийн хариуцлага хүлээгэх шаардлагатайг нь цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэж бий. Тэнд фото зураг, видео бичлэгээр баримтжуулсан материалаа хавсарган шалгуулах хүсэлтээ өгнө. Хэрэг үүсгэхээргүй зөрчилд бид учруулсан хохирлыг арилгах арга хэмжээ аваад явна. Буулгасан хог хаягдлыг нь эргүүлэн ачуулах шаардлага өгнө.
-Туул голын хамгаалалтын бүс гэж аль хэсгийг хэлдэг юм бэ?
-Туул гол эх аваад Орхон голд цутгатал 700 гаруй километр урсдаг. Нийт уртынх нь дагуу голын хоёр эргээс хоёр тийш 50 метрийг онцгой хамгаалалтын бүс гэж үздэг. 200 метр нь энгийн хамгаалалтын бүсэд ордог. Энд барилга барих болон ямар нэг үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой.
-Иргэд Туул голын сав газарт хэр их хууль зөрчдөг вэ?
-Иргэдийн гаргадаг гол зөрчил нь машин, эд зүйлээ голын усанд угааж ус бохирдуулдаг. Хэрэв автомашинаа голын усанд угаасан бол жолоо барих эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасдаг заалттай. Өнгөрсөн зун гэхэд нэлээд олон жолооч эрхээ хасуулсан. Мөн агнахыг хориглосон хугацаанд загас агнадаг. Ингэхдээ хориотой арга буюу тороор загасаа барьдаг. Иргэдэд мөн л хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч байгаа.
-Туул голын усны ундаргыг нэмэгдүүлэх зорилгоор Минж нутагшуулсан нь үр дүнгээ өгч байна уу?
-Байгаль орчны төслүүд замын уулзвар шинэчлэхтэй адилхан зүйл биш. Нэлээд урт хугацаанд хичээл зүтгэл мэргэжлийн баг хамт олон шаардсан нарийн ажил байдаг. Минж манай цаг уурт дасан зохицох хэрэгтэй. Сарын өмнө минж нутагшуулж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцсан. Минж маань манай цаг уурт дасч байна. Мэдээж орчиндоо дассаны дараа үржих боломжтой болно. Түүний дараа байгальд нь тавьж нутагшуулах ажил үе шаттай хийнэ.
-Цаашдаа нэмж минж нутагшуулах болов уу?
-Юутай ч төслийнхөө үр дүнг харна. Манай улсад хэд хэдэн газарт минж нутагшдаг. Байгаль дахь минжний тоо толгой өсч байгаа. Өмнө нь бараг үзэгдэхээ больсон газарт хүртэл 100-150 толгой ажиглагдаж байгаа учир хамгаалж ажиллана.