Мартчихаж. Сонгууль дуусч, иргэд үймж, гал гарч, мөргөлдөөн үүсч эцэст нь таван хүн амь үрэгдсэнийг бид мартчихаж. Яг л 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн маргааш хөл хорионд орсон шиг “хүлээстэй” өнгөрлөө өчигдөр. Санан дурсаж, төрийн өндөрлөгүүд үг хэлж, өөрсдийнх нь төлөө, бас өөрсдийнхөө төлөө тэмцэж амиа алдсан, өдгөө шоронд хоригдож байгаа олон залуусын тухай ганц үг ган хийх өндөр албан тушаалтан үнэндээ олдсонгүй. Угтаа ардчилал, эрх, эрх чөлөө, хүний эрх ноцтой зөрчигдсөн зургаан жилийн өмнөх бодит байдлыг өдөр бүр биш ч өчигдөр ярих учиртай байсан. Гэвч тийм зүйл болоогүй нь энэ өдрийн үйл явдал жилээс жилд бүдгэрч, үнэн замхран одох, хариуцлагыг хэн ч үүрдэггүй тогтолцоо улам бүр бэхжих айдас дагуулав.
Хэдийгээр хэрэгт буруутай гэгдэх нэг нь ял эдэлсэн ч нэгнээ буруутгаж байсан улс төрийн хүчнүүд өнөөдөр усанд хаясан чулуу шиг “алга болов”. Өдөөн турхирсан гэж биесээ чичилж, гэмгүй иргэдийг дунд нь үрэгдүүлсэн тэд “Намайг хууль, хяналтынхан шалгасан. Буруугүй нь тогтоогдсон” хэмээн өнгөрснөө “үгүйсгэсээр” зургаан жилийг үдлээ. Эцэст нь иргэд хохирч, гэдсэндээ, хөлдөө буудуулан өрөөл татанхай тахир дутуу болсон нь үнэнд итгэхээ больж, энэ явдлын улмаас шоронд орсон 200 гаруй иргэн төр засагт үнэн голоосоо гомдож сууна. Магадгүй, үүнээс ч их байж болно. Учир нь улс орон даяар онц байдал зарлаж, төв замыг танкаар хамгаалж, тугалган тоглоом шиг бүрэн зэвсэглэсэн цэргүүдийг хаа сайгүй зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүчээр дарахдаа манай улс ардчилал, эрх, эрх чөлөөнөөсөө нэг алхмаар ухарсан. Үгүй гэвэл, иргэдийг олноор нь ачиж, Дэнжийн-1000 дахь Түр саатуулах 111 дүгээр байранд хорьсон нь боолын нийгэм эсвэл олноор нь хядаж байсан Дэлхийн II дайны үйл явдалтай дэндүү гэмээр төстэй байсныг сануулж болно. Тэгэхэд, иргэдийг аадар борооноор цээж нүцгэн галуун цуваагаар алхуулж, зарим нэгнийг нь нойтон бороохойгоор ороолгож байсан. Эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшин хамааралгүйгээр гарын шүүсээ гаргасан энэ явдал, түүнд өртсөн иргэд өнөөдөр ардчилсан нийгэм байдаг гэдэгт итгэнэ гэж үү.
Тэгэхэд Монгол Улсын УИХ-ын тав дахь удаагийн сонгууль 2008 оны зургадугаар сарын 30-ны өдөр орон даяар явагдсаныг. МАН (МАХН) 45 суудал, АН 28, бусад нь дөрвөн суудалд ялалт байгуулсан урьдчилсан дүн гарсан гэдгийг эргэн сануулъя. Яг энэ байдлаас болж АН, БНН, Иргэний эвсэл мэдэгдэж, “Сонгууль будлиантай болсон” хэмээн уриа хашгирсан байдаг. Тухайн өдөр ямар нэг зүйл болоогүй ч шөнөжин өдөөн хатгалгад автсан, өөрөө бухимдсан иргэд тэсэж сууж чадаагүй. Бараг л үүрийн гэгээнээр цуглаж, “Ардчиллын төлөө өгсөн ард түмний санал хаачив”, “Сонгуулийн дүн гарах шөнө Төрийн ордны төмөр цайзаа юунд хашив”, “Өнгө мөнгөний сонгуулийг ард түмэн хүсээгүй ээ” зэрэг уриа хийж төв талбай дээр цуглаж эхэлсэн юм. Үдээс хойш жагсаал тухайн үеийн МАХН-ын байр руу чиглэж, үг хэлэх, намын удирдлагуудтай уулзах шаардлагаар үргэлжилсэн. Гэвч МАХН-ын байрнаас С.Баяр тэргүүтэй улстөрчид хамраа ч цухуйлгалгүй, цэрэг, цагдаагийн хүч ашиглан байраа хамгаалалтад авсан нь үйл явдлыг улам хурцдуулж эхэлсэн байдаг. Улмаар төмөр хайс мултлах, цагдаа нартай сөргөөцөлдөх зэргээр үргэлжилж байсан жагсаал хүчирхийллийн хэлбэрт шилжиж, иргэд чулуу, цагдаа хүчнийхэн бороохойгоо резинэн сумтай буу болгов. Энэ үеэр МАХН-ын дарга бусад гишүүдийн хамтаар намын байраа орхин гарсан. Ингээд иргэдийн эсэргүүцэл эцэстээ хүрч, намын байранд нэвтэрснээр гал түймэр гарч, жагсаал хууль, хүчний хяналтаас гарав. Намын байрны нэгдүгээр давхарт ажиллаж байсан дэлгүүрт их хэмжээний согтууруулах ундаа байсан нь галын голомтыг дэвэргэж, намын байртай залгаа орших уран зургийн галерей, албан байгууллага зэргийг их хэмжээний хохиролд унгасан. Энэ байдлаас үүдэн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийж, шөнийн 12.00 цагаас онц байдал зарлах шийд гаргасан. Ингэснээр долдугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарсан бөгөөд дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан явдал болж өнгөрсөн билээ.
Мөн энэ шөнө үймээнд оролцсон эсвэл тэр хавиар явж байсан иргэдийг хамааралгүйгээр 900 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд тэдгээрийн 200 гаруйд шүүхээс ямар нэгэн хэмжээгээр ял оноосон харамсалтай явдал болсон байдаг. Харин энэ асуудалтай холбоотойгоор байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Үймээнд оролцон баривчлагдсан 998 хүний 718 нь л сонгуульд саналаа өгсөн гэсэн тайлан тавьсан. Түүнчлэн үймээнд шатсан МАХН-ын байрыг сэргээн засварлах ажилд 14.6 тэрбум төгрөг зарцуулсан ч үймээний үеэр нас барсан иргэд болон бусад хохирогчдод энэ хэмжээний мөнгө олгоогүй юм. Үүнээс харамсалтай нь “шүүхийн тогтоолгүйгээр” цаазаар авахуулсан таван залуугийн алтан амийг өчигдөр эргэн дурсаж, үг хэлсэн эрх мэдэлтэн байсангүй. Тухайн үедээ ч гэсэн ардчиллыг үгүй хийх дөхсөн энэ үймээний эсрэг хориг арга хэмжээ, түүнд хохирсон олон зуун иргэдийн гомдол 10-хан хоногийн дараа болсон баяр наадмын хуушууртай холилдон одсон билээ. Өдгөө ч өдөр хоног өнгөрөх тусам энэ хэргийн ээдрээ улам гүнд булшлагдаж, улс төрийн эрх ашгийн үүднээс өнгөцхөн яригдаад өнгөрөх боллоо.