УИХ-ын чуулганы мягмар гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд амрах тухай асуудлыг авч хэлэлцэн баталлаа.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль буюу наадмаар тав хоног амрах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, “10–ны өдөр ажил хийдэг хүн байдаг юм уу, энэ өдөр амралтад орж байгаа юу” гэсэн асуултыг тавьсан. Байнгын хорооны дарга А.Бакей, “11-нээс эхлээд тав хоног амарна. 10-ны өдөр амрах тухай асуудал байнгын хорооны хуралдаан дээр яригдаагүй” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин амралтын өдрүүдийн тоо нэмэгдсээр байгааг байнгын хороо юу гэж үзэж байгааг тодруулав. Ө.Энхтүвшин гишүүний асуултад байнгын хорооны дарга А.Бакей, “Энэ асуудал яригдсан. Жилийн 365 хоногийн ажил амралтын зохистой харьцааг судлах нь зүйтэй гэж үзсэн” гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, “Тав хоногийн амралтыг нэмж хасах тухайд ярих гээгүй. Манай улс ажлын нэг өдөр хичнээн хэмжээний төгрөгийн бүтээмжтэй байдаг, Алдаж байгаа хөдөлмөрөө ажиллагааны цагийг нэмэгдүүлэх байдлаар нөхөөд байна уу эль эсвэл хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр нөхөөд байна уу” хэмээн тодруулсан. Энэ асуултын хариуд А.Бакей дарга “Ажлын өдрөөс амралтын өдөрт шилжихэд нэг өдөрт хичнээн бүтээмж бүхий үйл ажиллагаа алдагдаж байгаа тухай судалгаа одоогоор алга байна. Энэ талаар судлах нь зөв зүйтэй юм” гэв. Ингээд гишүүд асуулт асууж, сонирхсон асуудлаа тодруулсаны дараагаар санал хураалт явуулахад 63.8 хувийн саналаар хуулийн төслийг дэмжив.