“Дээлтэй Монгол наадам” долдугаар сарын 13-нд Чингисийн талбайд найм дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулна.
Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхий нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор зохион байгуулдаг. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм. “Дээлтэй Монгол наадам”-д оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлсэн байна.
Долдугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас нээлтийн ажиллагаа болж монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаалаар үргэлжилнэ. Дараа нь үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт, урлагийн тоглолт болох юм. Улмаар “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт, цэнгээнт хөтөлбөр “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт явагдана. Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон байгууллага, дүүрэгт шагнал гардуулах ёслол болно. Мөн нийтийн бүжгийн шилдэг хосыг шалгаруулна.