“Нью ком” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуягаас Дулааны тавдугаар цахилгаан станц барих төслийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Тавдугаар цахилгаан санц барих концессын гэрээнд гарын үсэг зурсан. Барилгын ажил хэзээнээс эхлэх төлөвлөгөө байна вэ?
-Ийм томоохон төсөл тодорхой үе шаттай хэрэгждэг. Тэгэхээр Засгийн газартай тавдугаар цахилгаан станцыг барих суурь гэрээнд гарын үсэг зурлаа гэсэн үг. Энэ гэрээг дагаад бусад дагалдах гэрээнүүдэд гарын үсэг зурна. Жишээлбэл, цахилгаан, дулаан худалдаж авах, нүүрс нийлүүлэх, ус ашиглах зэрэг гэрээгээ одоо байгуулах юм. Нийт 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 70 хувийг нь олон улсын санхүүгийн байгууллага санхүүжүүлнэ. Тэд нарийвчилсан судалгаа хийж хөрөнгө мөнгө өгнө. Ингээд л барилгын ажил эхлэх учиртай. Ингээд цахилгаан станцын барилгаа гурван жилийн хугацаанд барьж дуусгах төлөвлөгөө бий. Энэ гэрээг байгуулах нь цаг хугацаа шаардсан, төвөгтэй ажил. Нэг жил гаруй хугацаанд амжуулна гэж бодож байна.
-Тэгэхээр олон улсын санхүүгийн ямар, ямар байгууллагаас хөрөнгө оруулалт татах юм бэ?
-Нийт хөрөнгө оруулалтын 25-30 хувийг тавдугаар цахилгаан станц барих консерцум гаргана. Энэ консерцумд Францын “Жи ди эф сузз”, Японы “Сожицу”, Солонгосын “Поско”, манай “Нью ком” компани нэгдсэн юм.
Үлдсэн хөрөнгө оруулалтыг нь Монгол Улсын Засгийн газартай олон жил хамтран ажиллаж байгаа Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Японы Жайка, Солонгосын Экспорт импортын банктай санхүүжилт хийхээр урьдчилан тохирч байна.
-Манай улсын эдийн засгийн байдлаас шалтгаалж ханш өсч байна. Ханшийн энэ өсөлтөөс шалтгаалж 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага байгаа юу. Ер нь ханшийн эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?
-Төсөл хэрэгжих явцад гадаад, дотоодын ханган нийлүүлэгчдээс хэдий хэмжээний бүтээгдэхүүн авч байна гэдгээс хамаарна. Гэхдээ ханшийн эрсдэл тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлал бий. Нэг ам.доллар, төгрөгийн харьцаа ямар болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэвч эрсдлээ нарийн тооцож хамгийн бага байх механизм л ашиглана. Ер нь ханшийн эрсдэлийн нөлөөлөл аль болох бага байлгахын төлөө л ажиллана гэж ойлгож болно.
-Шинэ цахилгаан станц ашиглалтад орлоо гэхэд нэг киловатт цахилгааны үнэ ямар байх бол. Иргэдийн түрийвчинд хэт их ачаалал өгөх юм биз гэсэн болгоомжлол бий. Энэ талаар юу гэж үзэж байна вэ?
-Тавдугаар цахилгаан станц бүтээгдэхүүнээ төгрөгөөр тооцно. Бид өнгөрсөн оны хоёрдугаар сард Засгийн газартай хэлэлцээр хийж тохирсон суурь үнэ 60 төгрөг байгаа. Бид 2017, 2018 онд цахилгаан үйлдвэрлэж борлуулж эхэлнэ. Тэр үед инфляц, ам.долларын ханш ямар байхаас хамаарч нэг киловатт цахилгааны үнэ тогтоно. Өөрөөр хэлбэл, маш олон индекс тухайн үед ямар байхаас хамаарч үнэ ханшаа тогтооно гэсэн үг. Одоо бол яг нэг киловатт цахилгааны үнэ төд өдөн төгрөг гэж хэлэх бололцоо байхгүй.
-Тэгэхээр нэг киловатт цахилгааны одоогийн үнээс арай өндөр тогтож магадгүй гэж ойлгож болох уу?
-Манай улсын одоо мөрдөж байгаа нэг киловатт цахилгааны үнийг төрөөс олон жил хүчээр барьж ирсэн. Хуучин цахилгаан станцууд нь эрх биш ажиллах ёстой гэдэг үүднээс хандаж байгаа. Иймд цахилгаан станцдаа тоног төхөөрөмжийн шинэтгэл хийх, хүчин чадлаа өргөтгөх боломжгүй юм. Ер нь цахилгаан дулааны үнийг зохистой төвшинд нь хүргэж байж техник технологийн дэвшил гарч урт хугацаанд эрчим хүчээр найдвартай хангадаг болно. Иймд үнэ тарифыг нэмэх ёстой гэж төр засаг, эрчим хүчний салбарынхан үздэг.
-Жилд хэдий хэмжээний нүүрс хэрэглэх тооцоо гарсан бол. Нүүрсээ хаанаас авах вэ?
-Тавдугаар цахилгаан станц Засгийн газраас өгсөн даалгавраар Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас авна. Нүүрсний нийт хэрэглээний 70 хувийг Шивээ-Овоогоос үлдсэнийг нь Багануурын уурхай нийлүүлнэ. Жилд хоёр сая гаруй тонн нүүрс хэрэглэх тооцоо бий.
-Тэгэхээр одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрс өөрийн өртөгөөсөө хямд гэдэг. Ямар үнээр нүүрсээ авах вэ?
-Одоогоор нүүрс хангамжийн гэрээгээ тохироогүй байна. Иймд үнэ ханшийг нь мөн тогтоогүй юм. Нүүрсний үнэ цахилгаан станцын эдийн засаг, санхүүгийн байдалд төдийлэн нөлөөлдөггүй. Нэг ёсондоо нүүрсийг нь хэрэглэж цахилгаан үйлдвэрлээд уурхайд мөнгийг нь өгдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр нүүрсний үнийг хэрэглэгч төлж цахилгаан станц дунд нь дамжлага болж байгаа юм. Тэгэхээр нүүрсний үнээс шалтгаалж тавдугаар цахилгаан станцын эдийн засаг, арилжааны функцэд өөрчлөлт орохгүй. Нүүрсний уурхайнууд хүнд байдалд байна. Үнийг нь чөлөөлж бодит төвшинд хүргэж өгөөч гэсэн санал Засгийн газарт байнга тавьдаг. Тэгэхээр тавдугаар цахилгаан станц том хэрэглэгч болох тул Засгийн газар, уурхайнуудтай нүүрсний үнэ ханшаа тохиролцож л таарна.