Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүрээлэнгийн газрыг хувьд шилжүүлбэл монголд газар тариалан байхгүй болно

Хонгор сумын нутаг дэвсгэрт орших УГТСЭШХ-гийн газрыг хууль бусаар иргэдэд өмчлүүлсэн гэсэн шуугиан дэгдсэн билээ. Тэр бүү хэл үр тарианы сайн чанарын үр боловсруулж туршлага судалдаг, тариаланчдын амьдрал амьжиргааны үндэс суурь болсон 1200 га газрын талаар болон Дархан-Уул аймгийн УГТСЭШХ-ын захирал Н.Баярсүхийн байр суурийг сонирхлоо.

- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга болон танай хүрээлэн хоёрын дунд газрын асуудлаар маргаан дэгдээд байгаа. Үүнийг та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэнгээс 2011 оны 11 дүгээр сарын 14-нд манай хүрээлэнд албан тоот бичиг ирүүлсэн. Уг бичигт Хонгор сумын нутаг дэвсгэрт манай байгууллагын эзэмшиж байгаа 1227,9 га газар буюу бидний туршлага, судалгаа хийж, элит үр үржүүлэхэд ашигладаг талбайг гурван үндэслэлээр хураалаа гэсэн байсан. Энэ албан бичгийн хариуг тэр дор нь өгсөн. Яагаад гэвэл Н.Лхагвасүрэн даргын газар хураах тухай гаргасан захирамжид заасан гурван үндэслэлийг огт зөрчөөгүй байна гэсэн баримт нотолгоог баталгаажуулаад Хонгор сумын Засаг дарга, иргэдийн хуралд бид явуулсан. Манай хүрээлэнг буруутгаж байгаа гурван заалтын нэгдүгээрт: “УГТСЭШХ газрын төлбөрөө төлөөгүй байна” гэж буруутгаж байгаа. Бид жил болгон цаг хугацаанд нь газрын тухай хуулийн дагуу төлбөрөө төлж байсан санхүүгийн баримт, Засгийн газрын тодорхойлолтоо гаргаж өгсөн. Хоёрдугаарт: “Байгаль орчинд нөлөөлөх байдалд үнэлгээ хийлгээгүй” гэсэн. Хүрээлэн 2010 онд энэ үнэлгээг Дархан –Уул аймгийн Байгаль орчны газраар хийлгээд үнэлгээ нь гарсан. Үүнийг баримтаар нотлосон. Гуравдугаарт: “Газраа хоёр жил зориулалтын бусаар ашигласан” хэмээн буруутгасан. Үүнийг нотлох баримт байхгүй. Хүрээлэн бол 1979 оноос хойш энэ газар нутгийг эзэмшиж, монгол орны газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, монголд шаардлагатай байгаа төмс үр тарианы сортыг боловсруулах, үрийг нь үржүүлэх, түүнийг тарьж боловсруулах технологийг улсын хэмжээнд хийж, нэвтрүүлж ирсэн байгууллага. Энэ хугацаанд хүрээлэнгийнхэн нэг га газрыг ч атаршуулж юмуу тариа тарихгүй орхиж байсан тохиолдол байхгүй. Жил болгон аймгийн агро тайлан гэж гардаг. Энэ тайланд манай хүрээлэнгийн, тариалсан болон уриншсан талбай тоо хэмжээгээрээ байгаа. Үүнийг аймгийн ХХАА-н газраас материалыг нь гаргуулж авсан. Тэгэхээр энэ буруутгасан гурван үндэслэлийн алийг нь ч зөрчөөгүй гэсэн баримтыг гаргаад тавьсан боловч Хонгор сумын Засаг дарга үүнийг хүлээж авах боломжгүй гээд зүтгээд байна.
-Та бүхэн Хонгор сумын удирдлагатай биечлэн уулзсан уу?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хөөцөлдөж байна. Энэ хугацаанд бид Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэнтэй гурван удаа, иргэдийн хурлынхантай нь хоёр удаа уулзсан. Мөн УГТСЭШХ-гийн удирдлагууд бүрэлдэхүүнээрээ очиж Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчидтэй уулзаж хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ мэтчилэн авч болох бүх л арга хэмжээг авсан боловч Хонгор сумын удирдлагууд уг хүрээлэнгийн талбайг хураана гэсэн үндэслэл дээрээ л зогсоод байна. Хамгийн харамсалтай зүйл нь би Хонгор сумын Засаг даргатай биечлэн хоёр удаа уулзахад тэрээр “ Би бол улстөрч хүн, тиймээс иргэдэд өгсөн амлалтаа ямар нэг аргаар биелүүлэх учиртай” гэсэн. Түүний ярианаас үзэхэд хийгээд байгаа энэ зүйл нь улс төрийн шинжтэй, дараагийн сонгуульд бэлтгэсэн үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой байна.
-Хонгор сумын Засаг даргын гаргасан хүрээлэнгийн эзэмшлийн газрыг хурааж авсан шийдвэрийг танайхны хүсэлтээр Дархан-Уул аймгийн Засаг дарга цуцалсан шийдвэр гаргасан. Гэвч 20 хоногийн дараа аймгийн Засаг дарга өөрийнхөө нөгөө шийдвэрийг цуцалсан баримт байдаг. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Тийм үйл явдал болсон нь үнэхээр харамсалтай. Энэ газрын маргааны асуудлыг бид Хонгор сумын Засаг дарга, иргэдийн хурал, дээд шатны удирдлага болох Дархан-Уул аймгийн дарга Насанбат, иргэдийн хурлын дарга Цэндсүрэн, Ерөнхий сайдын ажлын алба, Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, мөн бидний ажилтай холбоотой УИХ-ын гурван ч байнгын хороо, иргэд гэх мэт бүх л шатанд хандсан. Үүний үр дүнд Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын хэсэг томилж Хонгор суманд ажиллуулсан. Энэ ажлын хэсэг Хонгор сумынхны гаргасан шийдвэр хууль, эрх зүйн үндэслэлгүй, буруу гарсан байна гэсэн үнэлэлт, дүгнэлт гаргасан. Түүнчлэн  ҮХААЯ, УИХ-ын байнгын хороод, БШУЯ зэргээс аймгийн Засаг даргад олон албан тоот бичиг ирсэн байдаг. Эдгээр дүгнэлтэд  үндэслээд сумын Засаг даргын гаргасан шийдвэр буруу гэж үзээд үүнийг цуцлах захирамжийг 2014 оны тавдугаар сарын 23-нд гаргасан. Энэ захирамжид 2014 оны тавдугаар сарын 30-ны дотор хүрээлэнгийн газрыг буцаан олгох арга хэмжээг ав гэж заасан байдаг. Засаг дарга маань энэ асуудалд ажил хэрэгч хандаад, хуулийн дагуу  зөвөөр шийдлээ гэж бид ихэд талархаж байсан. Гэвч хамгийн хачирхалтай нь энэ оны зургадугаар сарын 13-нд буюу үндсэндээ 20 хоногийн дараа аймгийн Засаг дарга маань энэ захирамжаа буцаагаад цуцалчихлаа. Яагаад гэнэт цуцлах болов оо гэхээр их том хүчин зүйл нөлөөллөө гэж хардаж байна. Бидэнд ирсэн зарим мэдээллээр энд улстөрийн нам орсон байх ч магадлалтай. Энэ шийдвэрийг гэнэт өөрчилсөнд улс төр орчихлоо гэж ойлгож байна.
- УГТСЭШХ-гийн газрын тухай шийдвэрийг ямар нэгэн аймаг юм уу, сумын Засаг дарга өөрчилж болохгүй юм шиг санагдаад байна. Энэ тал дээр?
-Бид 1979 оноос хойш 34 жил энэ газрыг эзэмшиж байна.1995 онд тэр үеийн  ҮХАА-н сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаал гарсан байдаг. Тэр тушаалд хүрээлэнгийн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт эзэмшиж байгаа туршлага судалгаа, элит үр үржүүлгийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсугай гэж маш тодорхой заасан байдаг. Энэ тушаалын дагуу Дархан-Уул аймаг дахь улсын тусгай хэрэгцээний газарт манай газар харъяалагддаг. Тэр ч утгаараа 2013 оны сүүл хүртэл хүрээлэнгийн эзэмшиж байгаа бүх газар, ялангуяа Дархан-Уул аймагт эзэмшиж байгаа бүх газар, аймгийн газрын нэгдсэн сангийн тайланд Улсын тусгай хэрэгцээний газар гэсэн ангилалд явж байсан байдаг. Гэтэл одоо Хонгор сумын Засаг дарга тэргүүтэй хэдэн хүн хуйвалдаад 2014 оны аймгийн газар ашиглалтын хурлаар оруулж батлуулахдаа иргэдийн хурлын төлөөлөгчдийн мэдэхгүй байгааг далимдуулж засч оруулаад батлуулсан баримт бидэнд бий. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй уулзахад тэдний яриж байгаагаар аймгийн газрын нөөц сангаас танай хүрээлэнгийн улсын тусгай хэрэгцээний газраас хасаад иргэдэд хуваарилах гэж байна гэдэг асуудал орж ирээгүй. Аймгийн 2014 оны газрын төлөвлөгөө батлах гэж байна гэдэг асуудал орж ирээд батласан гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бол цаанаасаа хуйвалдаад, хууль зөрчиж хийсэн асуудал. Хуулийн заалтан дээр хэрвээ Улсын тусгай хэрэгцээний газраас хасах гэж байгаа бол түүнийг Засгийн газрын тогтоолоор УИХ, Засгийн газарт ярьж байж шийдэх ёстой асуудал гэсэн байдаг. Мөн улсын тусгай хэрэгцээний газраас хасч байгаа бол эзэмшиж байгаа байгууллага нь зөвшөөрсөн ч, зөвшөөрөөгүй ч мэдэгдэж байх ёстой гэж заасан байдаг. Дээр дурдсан хоёр сайдын тушаалыг өнөөдрийн байдлаар цуцалсан ямарваа нэг шийдвэр байхгүй. Тэгэхээр энэ бол тусгай хэрэгцээний газар мөн гэсэн байр суурин дээр бид зогсч байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан