Санаанд оромгүй зүйл хийдгээрээ алдартай Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд болох буяны оройн зоогт Америкийн мянга гаруй ядуусыг урьжээ. Зургадугаар сарын 25-нд болох буяны зоогийнхоо урилгыг тэрээр “The New York Times”, “The Wall Street Journal” зэрэг Америкийн бүх том сонин дээр байрлуулжээ. Зоогт хүрэлцэн ирсэн ядуус тансаг рестораны зоогийг үнэгүй идэх төдийгүй 300 ам.доллар дотор нь хийсэн улаан дугтуй бэлгэнд авч, иймэрхүү арга хэмжээ болгонд уламжлал ёсоор явдаг “We Are The World” дууг тэрбумтан эр өөрөө дуулахыг сонсоно.
Энэхүү өвөрмөц арга хэмжээгээрээ Чэнь Гуанбяо хятад баячуудын талаарх өрөөсгөл ойлголтыг өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Хятадын баячууд гэж хээнцэр тансаг амьдралд хамаг байдгаа өгчихдөг баярхагчид биш, бусад орны саятнуудын адил буяны арга хэмжээ зохион байгуулж чаддаг гэдгийг бодитоор харуулах гэж хичээсэн нь энэ аж.