“Bloomberg” агентлагийн сэтгүүлчид мөрдлөгө явуулан Клинтоны гэр бүл Америкийн хуулийн цоорхойг ашиглаж нарийн аргаар төлөх ёстой татварынхаа хэмжээг багасгаж байсныг тогтоосон гэж “CBS News” мэдээлэв. Билл ба Хиллари Клинтон нар татварын хуулийг, ялангуяа залгамжлан авсан өв хөрөнгөнд ногдуулах татварын хуулийг бүгд ягштал мөрдөхийг уриалдаг.
“Bloomberg”-ийн шинжээчид Клинтоны гэр бүлийн өмчийн бүтцэд дүн шинжилгээ хийгээд тэднийг Америкийн олон бизнесменүүдийн хэрэглэдэг санхүүгийн аргыг ашиглаж байсныг илрүүлжээ.
Энэ арга нь тун энгийн гэнэ. Америкт өвлөн авсан өмч, хөрөнгөнд 40 хүртэл хувийн өндөр татвар ногдуулдаг. Иймд өв залгамжлагчдаа өндөр татвараас чөлөөлөхийн тулд бизнесменүүд өөрсдийн байгуулсан траст компанийн мэдэлд өмчөө бүрэн шилжүүлдэг. Харин энэ компани нь хүлээн авсан хөрөнгөнөөс ашиг олох үйл ажиллагаа явуулсны дараа нь өмч хөрөнгийг анхны эзэд эсвэл өв залгамжлагчдад нь эргүүлэн өгдөг. Гол нь траст компанид өмчөө шилжүүлсэн хувь хүн залгамжлуулсан өвийн татвараас чөлөөлөгддөг.
Клинтоны гэр бүл яг энэ загварын дагуу ажиллаж 2010 онд траст компани байгуулан 2011 онд байгуулсан компанийнхаа нэр дээр Нью-Йоркт байдаг байраа шилжүүлэн өгсөн байна. Энэ мэт арга хэрэглэснээр тэд хэдэн зуун мянган ам.долларыг татвараас чөлөөлөн хэмнэлт гаргасан аж.
Хиллари Клинтон нь 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр социологийн “Ipsos” компани санал асуулга явуулахад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь ирэх сонгуульд Хиллари Клинтоны ялах магадлал хамгийн өндөр гэж мэдэгджээ. Гэхдээ Клинтон өөрөө сонгуульд өрсөлдөх талаар ямар нэг нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.