Нийслэлчүүд бидний хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг хангаж байдаг Төв аймгийн Борнуур, Жаргалант сумыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох нь. Ирэх аравдугаар сар гэхэд зам баригдаж дуусах аж. Замын ажлыг ХБНГУ-ын сэргээн босголтын банкны зээлийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа бөгөөд “КТК” компани, “Анандын зам” компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байна. Замын нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ Авто замын газрын дарга Б.Энхтөр, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн олон жилийн хөөцөлдлөгөөний үр дүнд өнөөдрийн нээлтийн ажиллагаа эхэлж байна. Аймгийн төвийг улсын нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох асуудал яригдаж байгаа энэ үед Төв аймагчууд сумын төвөө төв замтай холбох ажлыг хийлгэж чадлаа гэсэн юм. Дашрамд дурдахад Төв аймагт энэ жил дээрх хоёр автозамын ажлаас гадна Батсүмбэр чиглэлийн 43,4 км, Налайх-Зуунмод чиглэлийн 25 км автозам шинээр барих ажил эхэлжээ.