Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“... БИ ЭХ ОРНЫХОО ЗОХИСТОЙ ХӨГЖЛИЙН ЗАГВАРЫГ ИЙМ БАЙДЛААР ТӨСӨӨЛЖ МӨРӨӨДӨЖ БАЙНА...”

Нийслэлийн замын  түгжрэл,  утаа, хог гэдэг дийлдэхээ байсан гурван асуудлыг ярьж буй хүмүүс ихэвчлэн хэргийн буруутнаар нь өнөөх “баруун хойд захын бор овоохойнуудаа” л яллаад байх болж. Тэд хөдөөнөөс дураараа нүүж ирчихээд гудманд хогоо цацаад л, нүүрс, хулгайн мод түлэхээ больчихоод бүр гялгар уут, дугуйны хаймар түлж бидний уушиг зүрх, уураг тархийг хордуулдаг болсон юм байна. Зарим даварсан нэг нь аксент түрээсэлж унаад замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй осол гаргаж бидний замыг түгжээд л гэх мэт ...

Гэсэн хэдий ч энэ бүхний буруутан нь тэд биш ээ!
Энэ бол элэг нэгтнүүдээ “баруун хойд захын бор овоохойдоо овоолж”, хотын захынхаа хог шиг үзэж ирсэн төр засгийн маань өнөө маргаашийг арга¬цаасан арчаагүй бодлогын дампуурал, түүнийх нь үр уршиг!
Монгол Улсынхаа Үндсэн Хуулийн дагуу тэд хаана ч амьдрах эрхтэй. Амьдралын арай илүү нөхцлийг хайж хот орон бараадан ирж буй нь тэдний буруу биш. Би хот руу нүүн ирэгчдийг ямар ч зөвшөөрөлгүй, дуртай газраа бууж амьдрахын эсрэг байдаг хэдий ч энэ удаа ямар учраас ард иргэд маань хот руугаа нүүгээд байгааг тайлбарлах гэж оролдож байгааг зөвөөр тунгаан ойлгоно уу.  Амьтан хүртэл аятай, аюулгүй орчин хайж үүрээ засдаг нь байгалийн жам. Хүн төрөлхтөн мянга мянган жил их нүүдэл хийж, эцэст нь дэлхийн бөмбөрцөгийнхээ алга дарам газруудад л сая саяараа чихэлдэн сууж байгаа нь газар нутаг нь багадснаас болсон гэж үү?

XIII зуунд бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлчихээд “Үүнээс цааш газар үгүй!” хэмээж асан. Америк, Австрали тив байдгийг хүн төрлөхтөн хоёр гурван зууны дараа л мэддэг болсон юм чинь. Хожим XVII зуунд монголчуудыг өвөр хооронд нь эвдрэлцүүлж, аль болох тархай бутархай байлгах нь зүйтэй юм гэдгийг ухаарч хүчирхэгжсэн манж, хятадууд монголчуудыг ар, өвөр Монгол болгон дагаар оруулахдаа бидний ар монголчуудыг 80 гаруй хошуунд хуваан тусгаарласан нь тухайн үедээ маш сүрхий геополитик байжээ гэдгийг түүх бидэнд хэлж өгсөн. Дараа нь XX зуунд Зөвлөлийн засагт орос ах нар маань биднийг бүр 360 суманд хуваасны учир юусан билээ?

Мөнөөх л геополитик бус уу? Гэтэл өнөөдөр XXI зуунд дэлхийн бусад улс гүрэнтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж буй жинхэнэ ёсоор тусгаар тогтносон, ардчилсан Монгол орон маань тэр л хүчин мөхөс үедээ дагахаас өөр аргагүй байсан дагуул орны засаг захир¬гааны тогтолцоогоо дагасаар, баримталсаар яваа нь зөв үү?
360 сумын Засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, соёлын ордон, цагдаа бүгд л цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдал, холбоо харилцаа, цалин пүнлүү, машин унаа, томилолтын зардал гээд бүгдийг улсын төсвөөс авна. Мянга хүрэхгүй өрхтэй сумын төв рүү хоёр гурван зуун км цахилгаан шугам татах гэж хэдэн тэрбум төгрөг зарна. Хэдэн уул даваа, хэдэн өртөө газрын цаана оторлож буй өвчтэй хүнийг үзэх гэж сумын эмч бүсгүй хуучин муу “69”-ээр цасан шуурга, аадар борооноор өдөржин шөнөжин довтолгоно. Хэдэн малтайгаа хамт цасан шуурганд уруудсан малчнаа олох гэж ОБЕГ-ын нисдэг тэрэг, аврах ангийхнийг эрэлд гаргана. Зуд боллоо гээд 1000 гаруй км газар улсын төсвийн мөнгөнөөс гадна, нутгийн зөвлөл, гадаад дотоодынхны хандив тусламжаар малын тэжээл, хоол хүнс, эм тариа, хувцас хунар, түлээ нүүрс зөөнө. Тусламжийн цуваа цасанд суучихна гээд тракторын цувааг мөн дагуулна.
Зөв л дөө, бид чинь хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж байгаа улс юм чинь!  
Гэтэл харамсалтай нь энэ тогтолцоо маань бидэнд хөгжил дэвшлийг авчрахгүй гэдэг нь өдрөөс өдөрт улам л тодорсоор...
Энэ л засаглалын золиос болсон малчдын ИХ НҮҮДЛИЙН цуваа Их Хотоо зорьсоор л...

Арга мухардсан айлууд нь бүр оршуулгын газарт булш шарилтай хаяа дэрлэн буусаар...
Хүнлэг энэрэнгүй нийгэм ийм байж болох уу?
Ийм засаглалд бидний урьд нь үрсэн, одоо үрж буй, цаашид үрэх гэж буй мөнгөөр бид арай өөр, үр өгөөж сайтай тогтолцоог бий болгож чадахгүй гэж үү?
Би эх орныхоо зохистой хөгжлийн загварыг дараах байдлаар төсөөлж мөрөөдөж байна. Үүнийхээ зөв эсэхийг олон түмэнтэй хуваалцаж санал онол хэлэлцмээр байна.

Үүнд:

1.       Гэр хорооллынхноо тохилог орон сууцанд оруулмаар байна
2.       Шинэ хот байгуулмаар байна;
3.       Бүсчилсэн засаглалын тогтолцоонд шилжмээр байна;
4.       Эдийн засгийн онцгой бүсүүдийг байгуулмаар байна;
5.       Зарим газраа гадаадынханд концессоор эзэмшүүлмээр байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан