Мотоцикл унадаггүй монгол малчин үгүй болсон цаг гээд хэлчихвэл маргах хүн гарахгүй л болов уу. Харамсалтай нь, хөлөглөх болсон хятад мотоцикл хүний амь насанд ч хүрэх болсон тухай таагүй мэдээ дуулдсаар удав. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 760 гаруй осол гарсны олонх буюу 70 орчим хувь нь орон нутгийн замд гарчээ. Үүний дотор мотоциклтой холбоотой ослын эзлэх хувь ч чамгүй өндөр байгаа юм. Тодруулбал, хятад мотоциклтой явж байгаад осолдсон тохиолдол өнгөрсөн онд 371 гарч, үүний улмаас 112 хүн амь насаа алджээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд мотоциклтой явж байгаад гаргасан ослын улмаас 37 хүн хорвоогийн мөнх бусыг үзэв.
Гэмтэж бэртсэн хүн ч олон байгаа юм. Гэхдээ бүгд мотоциклийн буруугаас болоогүй гэдэг нь тодорхой. Эрхийн үнэмлэхгүй, норм, даац хэтрүүлсэн, хамгаалах малгай өмсөөгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн гээд жолоочийн буруугаас үүдэлтэй нь олон гэнэ. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэгчлэн мотоциклд ч учир бийг албаныхан хүлээн зөвшөөрөх аж. Энэ талаар Нийтийн хэв журам хамгаалах газрын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар, “Иргэд мотоциклоор зорихдоо зориулалтын замаар явахгүй байгаа нь осол гарах эхний шалтгаан болж байна. Бид энэ талаар судалж үзсэн. Хятадаас манай улсад импортоор орж ирж байгаа мотоциклууд нь хайлшин обудтай байдаг. Өөрөөр хэлбэл, хатуу хучилттай замаар л явах зориулалт бүхий мотоциклийг манайхан голчлон шороон зам, тэр бүү хэл замгүй газар малын бэлчээрт унаад байгаа юм. Хайлшин обуд цохилтын хүч тэсвэрлэх чадвар муутай. Үүнээс үүдэн осол гарч байж болзошгүй. Харин орос мотоцикл буюу хэрээсэн обудтай мотоцикл нь цохилтын хүч тэсвэрлэх чадвартай болохоор осол гарах нь бага байж” гэв. Юутай ч нөхцөл байдал аргагүй хүнд байгаа тул ЦЕГ-аас механик инженерийн сургууль, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажлын хэсэг байгуулаад судалгааны ажил эхлүүлжээ. Юун түрүүнд метал хийцийн бүтцийг судалж, олон улсын ISO стандартаас хэр доогуур байгааг тогтоох гэнэ. Судалгааныхаа дүнг ч удахгүй мэдээлнэ гэлээ.
Хүний амь насыг авч одсоор буй хятад мотоциклийг хилээр импортлохыг хориглооч гэсэн хүсэлт гомдол ч мэргэжлийн хяналтын байгууллагад ирдэг байна. Ямар нэг үндэслэлгүйгээр шууд хорьчихож болохгүй учраас энэ талаар судалж байгаа, удахгүй холбогдох албаныханыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлнэ гэсэн хариуг МХЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас өгсөн юм.
Улаанбаатар хотод гэхэд хятад мотоциклийн худалдаа эрхэлдэг хэд хэдэн дэлгүүр бий. Тэдний нэг болох Зүүн дөрвөн замын урд байрлах дэлгүүрийн худалдагч эмэгтэй, “Мотоцикл бол асуудалгүй. Харин иргэд өөрсдөө согтуу унаж яваад осол гаргаад байдаг юм билээ” гэв.
Албаныхан эхний байдлаар мотоциклд учир бий гэж үзээд судалгааны ажил эхлүүлж, Ерөнхийлөгчийн тамгын газраас энэ асуудлаар ажлын хэсэг хүртэл байгуулаад байгаа ч хятад мотоциклийн борлуулалт харин сайн байгаа гэнэ.
Өнгөрсөн сард болсон “Залуу малчдын чуулган”-аар хятад мотоциклоос татгалзахыг Монголын залуучуудын холбооноос уриалж, чанартай сайн мотоцикл зээлээр авах боломжийг судалж үзнэ гэдгээ мэдэгдэж байсан. Мотоциклоос болоод осолд орсон талийгаачдын олонх нь 18-35 насныхан тул тус холбооноос анхаарсан нь энэ.
Мянганы хөгжлийн зорилтот осол гэмтлийг бууруулах тухай заалт бий шиг санагдах юм. Гэтэл олон ч хүнийг нөгөө ертөнц рүү илгээж буй энэ “алуурчин”-г хааж, хориглох нь бүү хэл “өөгшүүлэх” нэгэн ч байх аж.
mminfo.mn мэдээллийн сайтад гарсан нэгэн мэдээлэлд , “УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ойг тохиолдуулан бүх өрхөд хятад мотоцикл бэлэглэх сурагтай. Ингэснээр Өлзийт сумын бүх өрх унаажих нь ээ. Эрхэм гишүүн нутагтаа болдог бүхий л наадмыг ивээн тэтгэж, бөх морийг машинаар байлдаг нэгэн” хэмээжээ. Удахгүй улсын баяр наадам болно. Олон ч аймаг сумын тэгш ой тохиож байгаа энэ үед эрхэм гишүүд сум орон нутагтаа очиж наадах нь гарцаагүй биз ээ. Гэвч эрдэнэт хүний амь насыг хөнөөж буй хятад мотоцикл бэлгэнд бэлдэхийнхээ оронд нутгийнхаа залуусаас энэ талаар асууж сураглаж ирээд арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. Ид хийж бүтээх насны сайхан залуус тахир дутуу болж, цаашлаад амь насаа алдаж байгаа энэ асуудлыг эрхэм УИХ-ын гишүүд минь анхааралдаа авна хэмээн найдъя.