Афганистанд өнгөрсөн бямба гаригт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өглөө хэмээн Талибан бүлэглэлийнхэн 11 хүний хурууг тайрч, балмад аашилжээ. Тэд үүгээр ч зогсохгүй сонгуулийг үймүүлэхээр пуужин харваж, халдлага зохион байгуулсны улмаас 47 хүн нас барсан юм. Талибаны зохион байгуулсан удаа дараагийн халдлага дайралтад өртөж амиа алдсан хүмүүсийн 20 нь энгийн иргэн, бусад нь сонгуулийн ажилтан байжээ. Үүнээс гадна армийн 60 гаруй цэрэг дайчид амиа алдсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёулаа баруунтай холбоо харилцаагаа сайжруулж, ирэх хоёр жилд АНУ-ын 10 мянган цэргийг эх орондоо байлгах төлөвлөгөөтэй байгаа учраас Талибан бүлэглэлийнхэн афганчуудыг сонгуульд оролцож, тэдний төлөө саналаа өгч болохгүй хэмээн шахаж шаардаж байгаа юм.
Сонгуульд оролцох насны 12 сая хүнтэй Афганы Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ирэх долдугаар сарын 22-нд гарна.