Жүжигчин Анжелина Жоли Английн Лондон хотод хүчирхийллийн эсрэг чуулган зохион байгуулж байна. Цагаачдын асуудал эрхэлсэн НҮБ-ын дээд зөвлөлийн тусгай төлөөлөгч тэрээр Британийн Гадаадын хэргийн сайд Уиллиам Хаагтай хамтран чуулган зохион байгуулж, Африкийн зөрчил мөргөлдөөнт мужид амьдардаг, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүдийн дуу хоолойг сонсч байгаа юм. Конго, Судан гээд иргэний дайн, зөрчил мөргөлдөөнтэй мужид эгэл жирийн иргэд үймээн самууны хөлд хамгийн их хэлмэгдэн зовж буйн дотор охид бүсгүйчүүдийг армийн цэргүүд эсвэл босогчид хүчирхийлэх явдал маш их тохиолддог. Тийм явдлыг өөрийн биеэр туулаад гарсан бүсгүйчүүд энэ чуулганд өөрсдийн түүхийг ярьсан нь чуулганд хуран цугласан 100 гаруй орны төлөөлөгчид тэр дундаа А.Жолигийн сэтгэлийг маш их хөдөлгөж, нулимс унагажээ.
Уг чуулганы үеэр мөргөлдөөнт бүсэд хүчирхийллийг зогсоохын төлөөх кампанит ажилд зориулан мөнгө босгох үйл ажиллагаа болжээ.