Хөлбөмбөг мандтугай. Дэлхийн хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгчтэй хөлбөмбөгийн спорт мандаж байна. Дөрвөн жилдээ нэг удаа дэлхийн аваргаа шалгаруулдаг уламжлалт тэмцээн өнөөдөр Бразиль улсад тохиож буй. Дэлхий нийтийн адил монголчууд энэ тэмцээний нээлтэд чих тавин суух зуур төрд суугаа эрхмүүд тийш очих тийзээ аль хэдийнэ даруулаад авч. Ингэхдээ айлчлал гэх боловсон нэртэй, туршлага судлах хямдхан халхавчтайгаар төсвөөс мөнгө гаргуулж буй юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 гишүүн, нарийн бичгийн даргын хамтаар дээрх албан-аялалд оролцохоор бүртгүүлж. Нэмээд төсвийн зарлага, зарцуулалтыг хожим хойно нягталж, шалгах үүрэгтэй нийслэлийн Аудитын газрын даргаа ч шургуулаад амжжээ. Тэдний аяллын маршрут Бразиль улсаас эхэлж, “виз” даруулсан 10 хоногийн аяллын сүүлчийг Кубад өнгөрүүлэх гэнэ.
Мэдээж тус улсын нийслэл Бразилиа хот юм уу, нийслэлээсээ ч том Рио де Жанейро хот нь манай 16 төлөөлөгч шиг нутгийн өөрөө удирдах сонгуульт байгууллагатай байх. Тийм ч болоод тэднээс хурлын туршлага судалъя гэж НИТХ-ын дарга Д.Баттулга сэдэж, тогтоолд гарын үсэг зурж, тамга дараа биз. Олон улс даяар бразильчуудыг ДАШТ-д хамгийн муу бэлдсэн гэж шүүмжилж байгаа тохиолдолд нэрээ бодож, нүүрээ түлэхгүйн төлөө хуралдах завгүй ажиллаж байж таараа. Чингис хааны удамт 18 монгол хүн ирэв үү гээд их ажлын хажуугаар цаг зав гаргаж, хурлынхаа туршлагаас танилцуулж, зааж зөвлөж, сургаад өгөх боломж бараг л тэг хувь. Зүйрлэвээс, долдугаар сарын 11-нд Монгол Үндэсний баяр наадам болж байхад Узбек юм уу, Непалаас орон нутгийн хурлын 17 хүн, аудитын газрын даргатайгаа ирж биднээс туршлага судалъя гэсэнтэй агаар нэг. Тийм зүйл боллоо гэхэд үндэсний баяр наадмын үеэр гадаадын зочидтой албан ажил ярих боломж олдохгүй.
Тавдугаар сарын 5-ны өдөр баталсан НИТХ-ын даргын 60 дугаартай тогтоолд “Хурлын туршлага судлах айлчлалд шаардагдах зардлыг хурлын байгууллагын гадаад харилцааны зардлаас гаргахыг нягтлан бодогч /Ш.Шадвийдорж/-д үүрэг болгосугай” гэжээ. Уг тогтоолыг олон нийтийн сүлжээнд байршуулж, нийслэлийн сонгогчдод толилуулахад хамгийн их шүүмжилсэн өнцөг нь төсөв. Эдийн засгаа эрчимжүүлье, төсвөө хэмнэе, ажилчдаа халж цомхотгоё, аялал жуулчлалаа хязгаарлая гэсэн аль вэ гэж асуух хүн олон байна. Арга ч үгүй, ард түмэн энд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн талх, мах, сүүгээ хөөрөгдсөн үнээр худалдан авч суухад дарга нар тэнд дэлхийн аваргын тэмцээн үзэхээр томилолт аваад явах. Энэ чинь тэгээд ариун явдал уу.
Агаарын тээврийн лавлахаас Бразиль хүртэл хэдэн сая төгрөгийн зардал гарч буйг тодрууллаа. Парисаар дамжиж нисдэг тул нэг хүний экономи буюу энгийн суудал 4.5 сая төгрөг гэнэ. 18 нөхрийг Бразильд газардуулахын тулд л 81 сая төгрөг зориулах нь. Бразилиас Куба ороход мөн л зардал гарна. Тэндээс ямар маршрутаар эх орондоо эргэж ирэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч зорьсон газартаа очоод гудамжинд хоноглохгүй нь мэдээж. Дэлхийн анхаарлын төвд ороод буй Рио де Жанейрогийн бүх зочид буудал ханшаа өсгөөд, үнэд орчихсон нь тодорхой. Эрэлт ихсэхэд үнэ өсдөг нь зах зээлийн жам хойно. Хамгийн том гурван хотоор жишээлж дундаж зочид буудлын ханшийг харцгаая. Бразилиад дөрвөн одтой, бизнес ангиллынхан буух боломжтой зочид буудлын нэг шөнийн ханш өглөөний цай ороод 122-403 ам.доллар байгаа юм. Үүнийг 3-5 хоногт тооцож үзэхэд нэмэгдэх нь мэдээж. Харин Рио де Жанейрод ойролцоо буудалд нэг шөнийг өнгөрөөхөд 180-550 ам.доллар шаардлагатай. Сао Паулод 79-284 ам.доллар байгаа юм. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах тоглолт, нээлтийн тасалбар, үзвэр үйлчилгээ, худалдаа арилжаа гээд шат дараалсан олон ажил цуварна. Энэ чинь тэгээд төсвийн хэмнэлт үү.
Хувь хүн тоглолтын нээлтийн тасалбар авъя гэвэл 220-495 ам.доллар байгаа юм. Харин хэсгийн тоглолтууд 90-175 ам.доллар байх аж. Хэрэв аль нэг хотод болох бүх тоглолтыг үзэхээр сонговол үнэ нь ялгаатай. Нийслэл Бразилиад 635-1250 ам.доллар буюу хамгийн үнэтэй тасалбар байгаа бол хамгийн том хот Сао-Паулод 380-745, Рио де Жанейрод 470-920 ам.долларын тасалбар борлуулжээ. Манай төлөөлөгчид эдгээрийн аль нэгээс сонгох нь гарцаагүй юм. Энэ сарын 4-ний байдлаар нийт 180 мянган тасалбар борлосон тухай “FIFA world cup” албан ёсны хуудсаараа мэдээлжээ. Энэ дотор 18 нь манай төлөөлөгчийнх байгаа болов уу.
Саяхан манай улсын дипломат харилцааны салбарт эмэгтэй элчин сайдынхаа тоог хоёроор нэмээд, нийт дөрвөн эмэгтэй элчин сайдтай болж, түүхэн үйл явдал тохиосон. Ш.Батцэцэг нь Индонезид, Ч.Сосормаа алдарт Бразильд томилогдсон. Улстөрчид яаран баталж илгээсэн Бразильд суух Элчин сайдыг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2016 онд болох зуны 30 дахь олимпын наадам үзэх бэлтгэл хангуулахаар илгээсэн болж харагдах аж. Нэгэнт улсаа төлөөлж суух Элчин сайд болсон тул айлчлан очиж буй төрийн албан хаагч, түшмэдийн ая тухыг хангах үүрэг хүлээнэ. Ер нь, хоёр бүсгүйг бараг л нэн яаралтай хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдийг өнөөдөр бодоод үзэхэд Бразильд болох томоохон үйл явдлуудаас хоцрохгүйн төлөөх үйлдэл гэж хардах үндэс байгаа юм.
Хэрэв зээ, нэр нь тодорсон өөрсдийн мөнгөөр, Бразиль руу аялж, амарсан бол энэ мэт хэл ам гарахааргүй байв. Гэвч нийслэлийг хөгжүүлнэ, мандуулна гэж ам андгай өргөж төлөөлөгчийн суудалд хүрчихээд ард түмнээс олгосон бүрэн эрхийн тэн хагас нь өнгөрч байхад төсвийн мөнгөөр хуралтай танилцах нэрээр аялж буй нь харамсалтай. Юутай ч, сонгогчдын дунд “Хэрэв энэ нөхдийн дунд аяллаас татгалзах хүн гарвал дараагийн сонгуулиар хамгийн түрүүнд сонгоно оо” гэх хүн ч гарчээ. МАН-ын бүлгийн гишүүн Р.Дагва үүний хариуг яаралтай илгээж “Манай намынхан үүнийг эсэргүүцэж ирсэн. Явахгүй гэдгээ хэлсэн” гэж үгүйсгэсэн өглөө. Тэрээр “Тавдугаар сарын 5-нд тогтоол гарч, намайг гадаад пасспортоо өг гэхэд нь би явж чадахгүйгээ хэлсэн. Тэгэхээр миний нэрийг хасч, оронд нь өөр хүн оруулсан байх ёстой. Ямар ч байсан энэ дунд би багтаагүй, анхных нь тогтоолыг барьж яриад байна” гэлээ. Туршлага судлах бүрэлдэхүүнд багтсан 18 хүний дотор багтсан НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Энхболдоос энэ талаар тодруулах гэсэн ч аль хэдийнээ утсаа салгасан байв.
Ямартай ч, 18 хүний нэр өөрчлөгдсөн байх магадлалтай. Гэхдээ л туршлага судлахын төлөө ийм олуулаа Куба руу, алдарт Бразиль руу явах сонголт хэр оновчтой вэ.
Дашрамд, УИХ-ын гишүүдээс чөлөө авч, Бразиль руу явсан гэх мэдээлэл одоохондоо алга.