“Hotel Mongolia”-д тавтай морил. Сэтгэл татам газар шүү. Нэг оччихвол буцаж чадахаа ч байж мэднэ.
Монголд ажиллахаар, хөрөнгө оруулахаар очсон банкир, уурхайчин, нягтлан бодогч, буяны байгууллагын ажилтан гээд 50 гаруй хүн энэ улсаас явж чадахааргүй болсноор “Eagles” хамтлагийн “Hotel California” дууны үг Монголд бодит биелэлээ олжээ.
Монголоос гарч болохгүй гэдэг хоригт багтчихсан эдгээр хүний заримынх нь ажил олгогч хэдэн сар, жилээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаагаас ийнхүү Монголд үлдэх ёстой болоод байгаа аж. “Миний карьер үгүй болчихлоо. Хэзээ энэ газраас явахаа ч хэлж мэдэхгүй байна” гэж Филиппиний иргэн Хиларион Кажуком ярьж байна. Тэрээр Канадын “SouthGobi Resources” компанийг татварын хэргээр шалгуулж байх үед нягтлан бодогчоор нь ажиллаж байжээ. Түүнээс гадна ажлын газрынх нь Кристобал Дэвидийг ч хил давж болохгүй гээд 2012 оноос хойш Монголд байлгаж байгаа аж.
Ер нь, иймэрхүү түүхтэй гадаадын олон иргэн надтай ярилцсан боловч тэд Монголын эрх баригчид, албаны хүмүүсээс эмээж нэрээ нууцлахыг хүссэн юм. Тэд бүгдээрээ л өөрсдийнх нь эсрэг шалгаж байгаа хэргийг үндэслэлгүй хэмээн няцааж байв. Гэхдээ хамгийн хачирхалтай нь, тэдний зарим нь гадаад паспорттойгоо байгаа, бас ямар нэг хэрэгт огт шалгагдаж байцаагдахгүй байгаа хэрнээ учир битүүлэг шалтгаанаар хил давж болохгүй гээд цагдаа хэлчихсэн болохоор яахаа мэдэхгүй суугаа аж.
Улаанбаатар дахь “Mahoney Liotta LLC”–гийн түнш Жеймс Лиоттагийн хэлснээр Монгол улс Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын конвенцэд гарын үсэг зурж, нэгдэн орсон учир арилжааны шинжтэй иймэрхүү маргаанаар шалтаглан иргэдийн хөдөлгөөнийг хорих эрхгүй. Энэ тухай Авлигатай тэмцэх газар болон прокурорын газраас тайлбар хүссэн боловч тэд хариулахаас татгалзсан юм. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанд хандахад энэ талаар Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар өгөх нь зохисгүй гэсэн юм.
Монголд гацаанд орчихоод байгаа гадаадын иргэд анх энэ орныг зорихдоо бүгд л ижил мөрөөдөл тээсээр иржээ. Саяхныг хүртэл дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай гэгдэж байсан энэ улсын уул уурхайн тэсрэлтээс их мөнгө хийхийн хажуугаар өргөн уудам тал, говь цөл дэх нүүдэлчдийн соёлыг үзэж харах нь тэдний мөрөөдөл байлаа.
Орос-Хятадын дунд орших, далайд гарцгүй энэ улс асар их нүүрс, зэс, алтны орддоо олборлолт хийж, Хятад руу экспортлосны ачаар 2011 онд ДНБ нь 17.5 хувиар өссөн. Гэвч удалгүй түүхий эдийн үнэ ч унаж, Монголын Засгийн газар хамгийн том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотой маргаан үүсгэсний улмаас өнгөрсөн жил гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан юм. Ингээд Монгол улс албаныхаа хүмүүсийг Сингапур, Нью-Йорк руу илгээх болж, хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах гэж хичээх болов. Гэвч аль хэдийнэ Монголд хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьд “Та нар эхлээд дотоод бодлогоо тодорхой болго” гэсэн л хариу өгч байна.
Бодлогын тодорхойгүй байдал дээр Монголд ирсэн гадаадынхны хил давах эрхийг хааж буй нь бүр л сөрөг хандлага үүсгэж байна хэмээн хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Mongolia Asset Management”-ийн үүсгэн байгуулагч Майкл Прейсс хэллээ. Тухайлбал, Крис Брэдли хэмээх банкирыг өнгөрсөн оны сүүлчээр зургаан долоо хоног шахам хугацаанд хил гарах эрхийг нь хаасан хар дурсамж түүний Монголд ажилласан 10 шахам жилийн сайхан дурсамжийг баллаж орхижээ. Тэрээр Өмнөд Африкийн “Standard Bank”-ны Монгол дахь зээлийн авлагыг шийдвэрлэхээр холбогдох хүмүүстэй хэлэлцээр хийхээр ирсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас Монголоос гарах эрхийг нь хассан байна.
Брэдли хэлэхдээ “Өмнө нь би хүн бүхэнд Монгол бол одоо хөгжиж буй орнуудаас хамгийн онцгой нь, учир тэнд маш аюулгүй гэж хэлдэг байсан” гэж ярьж байна. Брэдли өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр эрх чөлөөтэй болж, Австрали руу буцсан бол Филиппинээс ирсэн Кажукомын хувьд гэр бүлийнхнийхээ төрсөн өдөр, төгсөлтийн баяр, оршуулах ёслолд хүртэл оролцож чадалгүй Skype-аар л холбогдож байгаа аж. Түүний хадам аав ээж хоёр зургаан сарын хугацаатай нас барахад алинд нь ч эх орон руугаа явах боломж олдоогүй байна.
Кажукомын хамтрагч Дэвид ч бас Филиппин дэх байшингаа шуурганд алдаж, яаралтай ар гэрээ зорих хэрэгтэй байсан ч Монголд гацсаар. Яагаад, яагаад, яагаад? Дараа нь яах бол гэсэн асуулт ар араасаа зовоосоор байна гэж Кажуком ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
Кажуком, Дэвид хоёрын хуучин босс Жастин Капла хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас тэднийг ч бас Монголд байх шаардлагатай гэсэн юм. Жастин Капла SouthGobi-гийн ерөнхийлөгчөөр зургаан сар орчим хугацаанд ажилласан бөгөөд энэ үед тус компани 50 сая ам.долларыг татвараас нуун дарагдуулсан гэдэг хэргээр шалгагдаж буй аж. Жастин Капла Монголд 11 жил амьдрахдаа нутгийн бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголоос гарч болохгүй гэж хориг тавиулсан түүнд Улаанбаатар яг л шорон шиг санагддаг болж. “Нэгэнт л энэ газрыг орхиж болохгүй, эндээс явж чадахгүй гэж байгаа бол энэ шоронгийн жижиг өрөө байна уу,том хот байна уу ялгаагүй хорих газар л гэсэн үг” хэмээн тэрээр хэлж байна. Ж.Капла энэ асуудал дээр анхаарал хандуулж өгөөч хэмээн АНУ-ын Конгрессын болон Сенатын гишүүдэд хүртэл хандсан байна. Гэвч одоо хүртэл ямар нэг ахиц гараагүйгээр барахгүй түүнийг хэрэгт холбогдуулан барьж хорьсонгүй. Уг нь, тэр өвчтэй аавдаа очихыг, Америк дахь гэр бүлийнхэнтэйгээ эхнэр, хүүхдүүдээ танилцуулахыг ихэд яарч байгаа аж.
“Монголын тал хил нэвтрэх эрхээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт шахалт учруулж иргэний болоод хөрөнгө оруулалтын маргаанаа шийдвэрлэх гэж оролддог зүй бус явдлын тухай мэдээллийг бид анхааралтайгаар авч үзэж байгаа. Иймэрхүү асуудал олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад таагүйгээр нөлөөлнө” хэмээн Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Аллисон Алгео мэдэгдлээ.
Ийнхүү Монголоос гарах эрхээ хасуулсан хүмүүсийн дунд зөвхөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс ч биш Солонгос, Хятадын иргэд ч байгаа гэнэ. “Lotus” хэмээх хүүхдийн асрамжийн газрын дарга Австралийн иргэн Диди Калика гэхэд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Монголоос явах гээд чадаагүй байна. Учир нь, түүнийг нэг ажилтан нь хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэмээн гомдол гаргаснаар хуулийн байгууллага шалгаж эхэлсэн аж. Тэрээр анх удаа ачтай болоод Австрали дахь гэр бүл рүүгээ явахаар яаран хүсэлт гаргасан ч татгалзсан хариу өгчээ.
Мөн Австралийн иргэн Сара Армстронг Монголоос морддогийн даваан дээр Чингис Хаан нисэх буудлын VIP танхимд яг л Холливудын кинонд гардаг шиг баривчлагджээ. “SouthGobi” компанийн хуульч байсан түүнийг 2012 оны аравдугаар сард Хонконг руу нисэх гэж байхад нь баривчилсан юм. “Үнэхээр аймшигтай байсан. Ямар ч үндэслэлгүй баривчилж байгаад үнэхээр итгэж чадаагүй” гэж ярьсан юм. Тэр ийнхүү саатуулагдсаныхаа дараа хэдэн долоо хоногийг барууны компаниуд ямар бүтэц зохион байгуулалттайгаар, яаж ажилладгийг Монголын цагдаа нарт тайлбарласаар өнгөрүүлсэн гэнэ. “Тэд захирлуудын зөвлөл гэж юу болохыг ч мэддэггүй” хэмээн Сара Армстронг хэлсэн юм. Армстронг саатуулагдах хугацаандаа хэзээ хэзээгүй хоригдож магадгүй гээд хэрэгцээтэй зүйлээ байнга нэг цүнхэнд хийж биедээ авч явдаг байж. Түүнийг хэрэг хэвлэлээр нэлээн анхаарал татсаны хүчинд тэрээр 2012 оны зул сарын өмнөх өдөр буцах эрхтэй болсон юм.
Энэ мэтчилэн зориод ирсэн хүмүүсийг барьж саатуулаад байвал эцэстээ Монголын эдийн засаг л хамгийн ихээр хохирно гэж Сара Армстронг ч, Крис Брэдли ч хэлж байна. Брэдли одоо Мьянмар юмуу Колумб ч юмуу Африкт хөрөнгө оруулах боломж хайж байгаа гэнэ.