Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэн ”Цаг үргэлж” авто сургууль байгуулж, анхны 18 төгсөгч жолоочийн үнэмлэхээ гардлаа.
Уг авто сургууль нь энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр байгуулжээ. Уг сургуульд тулгуур эрхтэний бэрхшээлтэй буюу суумгай хүмүүс хамрах боломжтой.
Жолооч болох нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөрөөдөл. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам, гарц, тээврийн хэрэгсэл байдаггүй нь тэдний хөгжих, суралцах боломжийг хаадаг. Гэр бүлийнх нь хүмүүс бүгд ажилтай тул гадуур дагуулж явах хүн байдаггүй. Харин жолооны үнэмлэх авснаар өөрөө гадуур явах боломж бүрдэж байна хэмээн төгсөгчид ярьж байв.