Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө нэг хоног л үлдлээ. Өмнөх томоохон тэмцээн уралдааныг харж байхад үйлчилгээний газар, пабууд шөнө оройн цагаар ихэвчлэн болдог тэмцээнийг шууд дамжуулах үеэр үзэгч, хөгжөөн дэмжигчдэд үйлчлэх сонирхолтой байдаг. Гэвч дуртай газар нь энэ эрхийг олж авч чаддаггүй.
Маргааш эхэлж, долдугаар сарын 12 хүртэл бүтэн сар үргэлжлэх 2014 оны ДАШТ-ий үеэр ч зарим үйлчилгээний газар фанатуудад үйлчлэхээр харьяа дүүргийнхээ худалдаа үйлчилгээний газарт хандсан байна. Сүхбаатар дүүргийн хувьд томоохон паб болон үйлчилгээний газрууд асар майхан барьж, дэлхийн аваргын тэмцээний тоглолтын үеэр үйлчлэхээр төлөвлөжээ. Баянзүрх дүүрэгт гэхэд үйлчилгээний 10 гаруй байгууллага дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ажиллах хүсэлтээ өгчээ. Тэдний өргөдлийн дагуу албаныхан тухайн үйлчилгээний газарт тодорхой шалгуур тавьж, шалгаж үзээд дөрвийнх нь өргөдлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар руу явуулжээ. Дүүргийн хэмжээнд өргөдлөө ирүүлсэн газруудын ихэнх нь орчин болоод эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэсэн үүднээс татгалзсан хариу авч.
Дүүргийн зүгээс хөлбөмбөгийн тоглолтын үеэр үйлчлэх аж ахуйн нэгжийг юун түрүүнд үйлчлүүлэгчдийн тав тухтай байдал, орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Энэ шаардлагыг хангасан байгууллагад нийслэлээс зөвшөөрөл өгөх учраас одоогоор ямар ч аж ахуйн нэгж байгууллагад хөлбөмбөг үзүүлэх албан ёсны зөвшөөрөл олгоогүй байгаа аж.
Олголоо ч үйлчилгээний газрууд үүнээсээ ашиг орлого олох нь эргэлзээтэй. Учир нь, хууль журмын дагуу шөнийн 00:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн шаардлагыг дээрх газруудад тавьсан байна. Энэ удаагийн ДАШТ-ий тоглолтууд ихэвчлэн үүр шөнөөр таарч байгаа учраас тэр үеэр ажиллах газрууд ундаа, ус зэргээр л үйлчилж таарах нь. Хэрвээ согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрвэл хуулийн хариуцлага тооцож, торгохоос эхлээд үйлчилгээний зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Өнгөрсөн удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ч хэд хэдэн байгууллага согтууруулах ундаагаар үйлчилж байгаад баригдаж, эрхээ цуцлуулсан билээ.
Албаны хүмүүс хөлбөмбөгийн фанатуудын тэмцээн үзэх эрхийг огтхон ч хаагаагүй, гагцхүү тавьсан шаардлагыг л хангах ёстой гэж хэлж байна. Гэвч тэдний шаардлагыг даваад, үүр шөнийн цагаар ажиллалаа гэхэд бизнесийн байгууллагын гол зорилго болсон ашиг орлого олоход бас л хэцүү.
Ямартай ч, маргааш болох нээлтийг тохиолдуулж, тэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхийг авсан “ETV” төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол хийх гэнэ. Гэхдээ албан ёсны нээлтээс бүр өмнө, маргааш оройн 20 цагт эхлэх ажээ.