Хүнсний хорогдол хаягдлыг бууруулах үндэсний зөвлөгөөн өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээ нь Монгол Улсад хүнсний хорогдол хаягдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох юм. Дэлхий дээр ядууралд нэрвэгдсэн ард иргэдийн 62 хувь нь амьдарч байгаа Ази Номхон далайн бүсийн хэмжээнд хүнсний хорогдол хаягдалтай тэмцэх зорилго бүхий “Хүнсээ хэмнэе аян”-ыг зохион байгуулж эхэлсэн юм. Монгол Улс 2014 оны гуравдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын ХХААБ-ын Ази Номхон далайн бүс, нутгийн 32 дугаар бага хурлын үеэр “Ази Номхон далайн орнуудын хүнсээ хэмнэх аян”-д албан ёсоор нэгдэж, энэ дагуу кампанит ажил өрнүүлж эхэлжээ. Хүнсний хорогдол хаягдлыг бууруулах нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад чухал ач холбогдолтой ч энэ талаархи нарийн судалгаа манай улсад байдаггүй гэнэ.
ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн. Б.Уданбороос цөөн асуултад хариу авлаа.
-Хүнсний хорогдол хаягдлыг бууруулахад дэлхий нийт хэзээнээс анхаарах болсон юм бэ?
-НҮБ-ын ХХААБ-аас анх 10 жилийн өмнөөс энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн байдаг. 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч ядуурлын хэмжээ ч дагаад өссөн. Үүний шалтгаан юу вэ гэсэн асуулт тавигдах болсон. Улс орнууд хүнсний үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж ирснээс бус хүнс нь хүмүүст хүрч байгаа эсэхэд анхаардаггүй байж. Дэлхий дахины үйлдвэрлэсэн нийт хүнсний 1.3 тэрбум тонн нь сүлжээний аль нэг шатанд муудан хаягдал болж байна гэсэн тооцоо гарсан байна. Үүний гуравны нэгтэй тэнцэх хүнсээр л өлсгөлөнд нэрвэгдсэн бүх хүнийг хангахад хүрэлцэнэ гэсэн тооцоог НҮБ-аас гаргасан л даа. 2013 оны наймдугаар сард Ази Номхон далайн бүсийн хурал болоход миний бие оролцсон. Улс орнууд ямар арга хэмжээ авч байгаагаа танилцуулсан. Тухайлбал, Япон улс хүнсний хорогдол, хаягдлыг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Шийдэж чадаагүй улс маш олон байсан. Манайх хүнсний хорогдол хаягдлыг бууруулах чиглэлээр эх орондоо кампанит ажил өрнүүлж буй анхны орнуудын нэг болж байна.
-Аяны хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Хорогдол хаягдал нь маш өргөн цар хүрээтэй асуудал. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хүртэл ярьж болно. Гэхдээ бид эхний ээлжинд голлох таван чиглэлд анхаарлаа хандуулья гэсэн. Энэ нь мах, сүү, үр тариа, жимс жимсгэнэ, гурил гурилан бүтээгдэхүүн, нийтийн хоолны салбар. Хүнсний норм норматив нь аль аль шатандаа хоцрогдсон байдаг. Бид өнөөдөр юу хийх шаардлагатай байгаа вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Кампанит ажил зургаан сарын хугацаанд үргэлжлээд дуусна. Үүний дараа НҮБ-ын ХХААБ-аас техник технологийн туслалцаа үзүүлж, 2-3 жилийн өргөн цар хүрээтэй ажил хийх юм.
ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдтой ярилцлаа.
-Хүнсний хорогдол хаягдлыг бууруулах аян хүртэл өрнүүлж байна. Энэ тухайд та ямар бодолтой байна?
-Монголчууд бид буянтай ард түмэн юм. Хоол хүнсний гачлан, өлсгөлөнгийн талаар огтхон ч мэдэхгүй. Харин Африкийн болон зүүн Азийн олон орон өлсгөлөнд нэрвэгдэж, хоол хүнсний хомсдолтой байна. Бид бүхэн өөрсдийнхөө хөдөлмөрөөр гаргаж авсан хүнсийг аль болох хорогдолгүй боловсруулж хэрэглэх нь чухал. Энэ нь цаанаа ногоон хөгжлийн эдийн засагтай зайлшгүй холбоотой.
Хүнс хоолоо бэлтгэхийн тулд байгаль орчноос хэдий хэрийн баялаг бид авч байгаа бол, хүмүүс биднээс ямар хэмжээний хөрөнгө, хөдөлмөр гарч байгаа бол гэдгийг тооцож үзэх шаардлагатай. Манай улсын газар тариалангийн салбарт гэхэд жилдээ хэрэглэх төмс хүнсний ногоо, үр тариагаа хурааж авахад 120-130 тэрбум төгрөгийн зардал тариаланчид, ногоочдоос гардаг.
-Ургац хураах явцад хаягдал хэр гардаг вэ?
-Би хоёрхон тоо хэлмээр байна. Үр тарианы хувьд 30 хүртэл хувь нь хураах явцад хаягдаж, гээгддэг. Өөрөөр хэлбэл, хурааж авсан ургацынхаа 30 хувийг өөрсдийн зохион байгуулалт, техник технологийн дэвшил муугаас ч юм уу, хариуцлагагүйгээс ч юм уу хаяж байна. Төмс хүнсний ногооны хувьд хадгалах савны багтаамж хурааж авсан ургацынхаа дөнгөж 50 хувийг багтаах хэмжээнд л байна. Үлдсэн 50 хувийг нь хадгалж чадахгүй бол тэр хүнс яах вэ. Хаягдах хорогдох эрсдэл хүлээнэ л гэсэн үг. Бид мэдлэггүйгээсээ, технологийн хоцрогдлоос болж ийм хэмжээний хүнсийг газарт шингээж байхад дэлхийн нөгөө бөөрөнд хүмүүс өлсч байх юм.
-Хүнсний хаягдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол?
-Эхний ээлжинд бид зоорь агуулах савны багтаамжаа сайжруулах хэрэгтэй. Худалдаанд гаргах түвшинд хорогдолгүй борлуулах боломж бий болгох хэрэгтэй. Иргэд хүртэл хоол ундаа бэлтгэхдээ ногооныхоо хальсыг нимгэн авч, хэмнэхийг эрмэлзэх нь чухал. Хүнсний хаягдлыг бууруулах нь иргэн нэг бүрийн ухамсраас шалтгаална.
-Зоорийн агуулах багтаамж хэр нэмэгдэхээр байгаа вэ. Энэ тал дээр төрөөс ямар бодлого баримталж байна вэ?
-Зоорь агуулахын багтаамжийг нэмэх тал дээр үе үеийн Засгийн газар анхаарч ирсэн. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 89 мянган тонн багтаамж бүхий хүнсний ногооны агуулах сав байсан бол өнөөдөр 182 мянган тонн болоод байна. Шинэчлэлийн Засгийн газраас зоорийн багтаамжийг нэмэхийн тулд Монголбанктай хамтран зоорь барьж байгуулах аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд зоорийн багтаамж 50-60 мянган тонноор нэмэгдэнэ гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар нийтдээ 33 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулснаас 23 аж ахуйн нэгж нь зээлийн гэрээгээ байгуулаад ажилдаа орсон. Эхний зоориуд долдугаар сард ашиглалтад орно.