ОХУ-ын Алтайн хязгаарт болж байгаа их үерийн улмаас нэг тосгоны дэргэд балластик пуужингийн угсраа хөвж очжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр бол тосгоны ойролцоо хадгалж байсан цөмийн балластик пуужингийн угсраа хэсэг гэнэ. Тосгоны ойролцоо өөр бас хэд хэдэн пуужин хөвж байгаа гэж нутгийн “Русский еврей” сэтгүүлд бичсэн байна.
“Алтайд болж байгаа үерийн улмаас Бийск районы Мало тосгоны дэргэд ийм хэд хэдэн төхөөрөмж хөвж яваа нь пуужингийн угсраа. Роскосмосын албан тушаалтнууд болохоор пуужин хөөргөсний дараа бүр л бүх хэсгүүдийг дахин боловсруулахаар авч явдаг гэж илтгэдэг байсан” гэж нүдээр үзсэн хүмүүс интернетэд бичжээ.
Харин “Алтай” төвийн ерөнхий мэргэжилтэн, зохион бүтээгчийн зөвлөх, Бийскийн технологийн их сургуулийн пуужинт хөдөлгүүрийн тэнхимийн профессор Алексей Яскин хүмүүсийг тайван байхыг сануулаад хөвж яваа энэ төхөөрөмж ямар ч аюулгүй гэсэн байна.
“Энэ бол Зөвлөлтийн үеэс Бийскийн химийн үйлдвэрийн байранд үлдэж хоцорсон пуужингийн хөдөлгүүрийн хоосон корпус. Тэгэхээр энэ ямар ч аюулгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна” гэж тэр хэлсэн байна.
Яскины хэлснээр бол энэ пуужин зэвсэглэлээс аль хэдийнээ хасагдсан, тэр хэсгүүдийг нь ардын аж ахуй хувь хүмүүс ашиглаж байсан гэнэ. Хэвлэлийн бичсэнээр бол хөвж яваа тэр хэсгийг өнгөрсөн онд нутгийн иргэнээс 25 мянган рублиэр худалдан аваад ухсан нүхээ доторлон ус агуулах сав хийхээр хашаандаа тавьсан байсан гэжээ.