ОХУ-ын Калининград мужид Оросын цэргийн Баруун тойргийн командлагчийн удирдлага дор Балтийн тэнгисийн флот, десантын цэрэг, агаарын хүчний хээрийн сургууль эхэллээ гэж ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Хээрийн сургууль Европт болж байгаа НАТО-гийн цэргийн Saber Strike-2014 болон BALTOPS-2014 сургуулилттай хамт эхэлж байна” гэж Оросын БХЯ-ны мэдээлэлд дурджээ.
Энд хөлөг онгоцууд, десантын цэргийн болон тэнгисийн явган цэргийн салаанууд Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний дэмжлэгтэй оролцож байгаагийн зэрэгцээ сөнөөгч-бөмбөгдөгч Су-34 онгоц, Ми-24 нисдэг тэрэг, бөмбөгдөгч Ту-22М3 онгоц оролцож байгаа аж.
Балтийн флотын хөлгүүдийн үндсэн зорилго нь ОХУ-ын хил, усан бүсийг хамгаалах, эсрэг талын усан доогуур шумбагч завь илрүүлэн устгах сургуулилт хийх юм байна. Харин тэнгисийн цэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг, агаар сансрын хамгаалалтын хүчний хамтын ажиллагаа нь тухайн районд агаарын довтолгооноос хамгаалах маневр гүйцэтгэнэ гэжээ.
Үүний зэрэгцээ агаарын цэргийн хүчин агаарын десантчдыг эсрэг талын хаа нэгтээ буулгаж зэвсэглэсэн бүлэглэлийг бүслэн устгах дасгалыг Калининградын нислэгийн талбайд хийж байна. Десантын болон тэнгисийн явган цэргийн энэ ажиллагааг сөнөөгч бөмбөгдөгч Су-34 онгоц, Ми-24 нисдэг тэрэг агаараас дэмжин ажиллах юм байна.
Балтийн тэнгис дэх НАТО-гийн сургууль
Энэ даваа гарагт эхэлсэн НАТО-гийн цэргийн Saber Strike-2014 хээрийн сургууль 20-ны өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. Балтийн гурван орон гэгддэг Латви, Литва, Эстонийн нутагт болж байгаа энэ хээрийн сургуульд Латви, Литва, Эстони, Канад, Дани, Финлянд, Норвеги, Их Британи болон АНУ-ын цэргийн албан хаагчид оролцож байна.
Энэ сургуулийн гол зорилго нь батлан хамгаалах болон давших ажиллагааны үеэр цэргийн хамтарсан үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх явдал гэнэ.
Үүнтэй зэрэгцээд жил бүр болдог BALTOPS-2104 буюу “Балтийн ажиллагаа” гэдэг сургууль АНУ-ын тэнгисийн цэргийн зургадугаар флотын удирдлага 21-ний өдөр хүртэл болох юм. 42 дахь жилдээ болж байгаа энэ сургуулилтад Их Британи, Герман, Гүрж, Дани, Латви, Литва, Нидерланд, Польш, АНУ, Финлянд, Франц, Швед болон Эстони улс гэсэн 13 орон оролцож байна.
АНУ-ын талаас штабын Mount Whitney хөлөг, LCC 20 болон Oscar Austin, DDG 79 зэрэг хөнгөн хөлөг онгоц оролцож тодорхой бүс нутагт тогтвортой байдлыг хадгалахад НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх сургууль хийж байгаа юм.
Saber Strike-2014 сургуулилтад янз бүрийн орны 4,7 мянган цэргийн албан хаагч, 800 нэгж техник оролцож байгаа бол BALTOPS-2014 ажиллагаанд АНУ-ын 1,3 мянган цэргийн албан хаагч оролцож байна. Энэ хоёр хээрийн сургуульд нийтдээ НАТО-гийн 6,0 мянган албан хаагч хамрагджээ.
Уг нь эхлээд BALTOPS-2014 хээрийн сургуульд Оросыг урьсан ч Украины хямралаас болоод НАТО-гийн удирдлага ОХУ-ын цэргийнхэнтэй хамтран ажиллахаа больж Оросын хөлөг онгоцууд энэ хээрийн сургуульд оролцохгүй үлджээ.