Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 арми

Зөвлөлт задран унаж “Хүйтэн дайн” дууссанаар дэлхий даяар энх тайван тогтоно гэдэгт олон хүн итгэж байсан. Гэвч тэгсэнгүй. 1992 оноос хойш бүс нутгийн шинжтэй том, бага дайнгүй жил гэж нэг ч байсангүй. Тухай бүрт их гүрнүүд зэвсэгт мөргөлдөөнийг аль болох богино хугацаанд, олон хүний аминд хүргэлгүй зогсоож, асуудлыг энхийн замаар шийдэх нь зүйтэй гэдэгт санал нийлж байв. Дээр нь санхүү, эдийн засгийн хямралууд цөөнгүй гарсан тул өрнөдийн улсууд Батлан хамгаалахын зардлаа багасгасаар. Харин Хятад, Орос хоёр нэмэгдүүлсээр ирсэн. Гэвч манай хоёр хөрш зэвсэгт хүчиндээ илүү мөнгө зарцууллаа гээд НАТО-той эн тэнцэх тухай яриад ч хэрэггүй байсан тул өрнөдийн орнууд харсан ч хараагүй мэт царайлаад тоогоогүй. Үр дүнд нь  Зөвлөлт байх үеийнх шиг зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ хүйтэн дайны тухай яриа огт байгаагүй юм.

Гэтэл Украины хэрэг явдалтай холбоотойгоор байдал эрс өөрчлөгдлөө. Өрнөдийн орнууд Украинд армиа шинэчлэх, батлан хамгаалахаа бэхжүүлэхэд зэвсэг, хөрөнгөөр тусална гэдгээ амлав. Хамгийн таагүй нь Украины зүүн мужуудын салан тусгаарлагчдын эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг зогсоож, хямралыг энхийн замаар шийдэхийг уриалахын оронд заавал ялалтаар дуусга, салан тусгаарлагчдыг хиар цохь, шаардлагатай бүхнийг бид өгнө гэж Америк мэдэгдлээ. Төрийн эргэлтээр дууссан Майдан дөнгөж эхэлж байхад Януковичийг жагсагчдын эсрэг цагдаагийн тусгай салаа гаргахад “Ард түмнийхээ эсрэг цагдаагийн хүч хэрэглэх нь харгислал. Сөрөг хүчинтэй зөвхөн хэлэлцээр хийх замаар ээдрээг шийдэх ёстой” гэж байсан улсууд салан тусгаарлагч гэсэн нэр зүүсэн хэдий ч Украины иргэн хэвээр байгаа зүүн мужуудын хэдэн зуун мянган хүний эсрэг арми, онгоц, танк, их буу хэрэглэж байгааг ийнхүү дэвэргэн өгшүүлж суугаа нь сонин. Энэ бүхэнд ганцхан л тайлбар байна. Бүс нутагт нөлөөллөө тогтоохын төлөөх, өөрөөр хэлбэл Украинд  хэн эзэн сууж Зүүн ба Төв Европ, Хар тэнгисийн бүс нутгийг хянах вэ гэсэн их гүрнүүд ээлжит хүйтэн дайн эхлүүлсэн хэрэг.

Украинтай адил үйл явдал Өмнөд Америк эсвэл Африкийн хаа нэгт өрнөсөн бол дэлхий нийт онц анхаарахгүй өнгөрч болох байсан. Гэвч энэ бүхэн нь Оросын хилийн дагуу, Европын холбооны бөөрөнд өрнөж байгаа үйл явдал. Тиймээс Украины ээдрээ эхэлснээр АНУ ба Европын холбоо тэргүүтэй өрнөдийн орнууд нэг талаас, Орос ба түүнийг дэмжиж байгаа Хятад нөгөө талаас гэсэн бичил хүйтэн дайн эхэллээ гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Хүйтэн дайн хэд хэдэн үндсэн шинж тэмдэгтэй.

Нэгдүгээрт, улс орнууд батлан хамгаалахын төсөв болон тулах магадлалтай бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлнэ. 2008 оны Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш батлан хамгаалах төсвөө танасаар ирсэн Европын холбооны орнууд үүнийгээ зогсоогоод эргээд нэмж магадгүй тухай ярьж эхэллээ. НАТО-гийн гишүүн болон идэвхтэй хамтран ажилладаг холбоотон улсын тоо, тэдэнд өгдөг зэвсэг, санхүүгийн тусламж, тухайн бүс нутагт байрлаж байгаа Америкийн цэргийн тоог нэмэгдүүлнэ гэлээ. Оросын хилийн дагуу удаа дараалан хээрийн сургууль хийж байна. Хилийнх нь орчим их цэрэг төвлөрөхийг Орос зүгээр хараад суухгүй тул мөн адил арга хэмжээ авч таарна.

Хоёрдугаарт, өрсөлдөгч улсыг дуулгавартай болгох, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх боломжгүй болгохын тулд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, арга хэмжээндээ холбоотнуудыг эрчимтэй элсүүлж эхэлнэ. Өрнөдийн орнууд Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ хэдийнээ аваад эхэлчихсэн. Америк болон Европын холбоо дипломат шугамаар Оросын байр суурийг эсэргүүцэгч улсын тоог нэмэхээр олон арга хэмжээ авсан. Оросын гол түнш Хятадыг ятгаж үзсэн нь үүний жишээ. Одоо Бразиль, Өмнөд Африк, Энэтхэг, Аргентин гэх мэт улсыг ятгах ажил явагдаж байгаа тухай мэдээ ирж байна. Орос ч адил арга хэмжээ авч байгаа.

Гуравдугаарт, харилцан бие биенээ буруутгасан, зэмлэсэн үзэл суртал, ухуулгын дайн явагдана. Украинд болж байгаа үйл явдлыг Орос ба Өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд ямаршуу эрс ялгаатай өнцгөөр харуулж, тайлбарлан маргаж байгааг уншигч та өдөр болгон зурагтаар харж, сонин хэвлэлээс уншиж байгаа.
Энэ гурваас эдийн засаг нэн чухал ч гэлээ шийдвэрлэх үүрэгтэй нь зэвсэгт хүчний байлдах чадвар. Тиймээс улс орнуудын армийн чадвар, батлан хамгаалахын төсвийн хэмжээ сүүлийн үед дэлхий дахинд хамгийн анхаарал татсан сэдэв болж хувираад байна. Иймд уншигч танд дэлхийн хамгийн хүчирхэг 10 зэвсэгт хүчнийг сонирхуулъя.

АНУ

Америкийн батлан хамгаалахын төсөв 612,5 тэрбум ам.доллар. Жагсаалтад орсон үлдсэн есөн улсын бүгдийнх нь батлан хамгаалах төсөв нийлээд ч энэ хэмжээнд хүрэхгүй. Америк нь Европоос далайгаар хязгаарлагдсан тул Европын мөргөлдөөнд тэр бүр олон зуун мянган хуурай замын цэргийн хүч оролцуулж чадахгүй. Тиймээс АНУ-ын гол давуу тал нь нисэх онгоц тээгч 19 аварга том усан онгоц бүхий Тэнгисийн цэргийн хүч. Нийт цэргийн албан хаагчийн тоо нь 1,43 сая, бэлтгэл хүчин 850 мянга.

ОХУ

Оросын Батлан хамгаалахын төсөв 2008 оноос хойш бараг гучин хувиар нэмэгдсэн, дараагийн гурван жилийн дотор ахин 44 хувиар өснө. Энэ жил батлан хамгаалахдаа 76,6 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Нийт цэргийн албан хаагчийн тоо 766 мянга, бэлтгэл хүчин 2,485 сая. Асар өргөн уудам нутагтай тул хуурай замын хүчин голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зөвхөн танк гэхэд л 15,5 мянга хүрдэг.

БНХАУ

Хятадын Батлан хамгаалахын төсөв 126 тэрбум ам.доллар. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 12,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд цаашид улам л өснө гэж шинжээчид үзэж байна.
Цэргийн албан хаагчдын тоо 2,285 сая, бэлтгэл хүч 2,3 сая. Байлдааны шинэ зэвсэг техник худалдан авах, технологийг хэлэлгүй “зээлэх” зэргээр зэвсэгт хүчний чанартаа их анхаарч байгаа.

Энэтхэг

Энэтхэг сүүлийн хэдэн жил армиа шинэчлэх, шинэ зэвсэг техникээр хангахад голлон анхаарч байна. Тиймдээ ч байлдааны зэвсэг, техникийн дэлхийн хамгийн том импортлогч улс болж хувирсан. Батлан хамгаалахын төсөв нь 46 тэрбум ам.доллар. Цэргийн албан хаагчдын тоо 1,33 сая, бэлтгэл хүчин 2,14 сая.

Их Британи

Англичууд 2018 он гэхэд Батлан хамгаалахын төсвөө одоо байгаа 54 тэрбум ам.доллараас 20 хувиар багасгах төлөвлөгөөтэй. Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчний төсвийг хамгийн ихээр танана. Гэхдээ хэмнэсэн мөнгөөр хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техник түлхүү худалдан авах тул төсвөө таналаа ч Хятад гэх мэт улсуудыг давамгайлах хэмжээний зэвсэгт хүчинтэй хэвээр байна. Цэргийн албан хаагчдын тоо 205,3 мянга, бэлтгэл хүч 188 мянга.

Франц

Франц Батлан хамгаалахдаа ДНБ-ий 1,9 хувийг буюу 43 тэрбум ам.доллар зарцуулдаг. 2013 онд цэргийн албан хаагчдын тоог 10 хувиар цомхотгоод хэмнэсэн мөнгөөрөө илүү орчин үеийн техник, зэвсэглэл худалдан авсан. Улмаар энэ жил Батлан хамгаалах төсвөө өсгөөгүй. Гэхдээ л зэвсэгт хүчин нь  Төв Африкийн Бүгд найрамдах Улсаас эхлээд Чад, Мали, Сенегал гээд дэлхий олон халуун цэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, байлдах чадвар маш өндөр.

ХБНГУ

Дэлхийн хоёр ч дайныг эхлүүлсэн улс гэгддэг тул германчууд зэвсэглэл, зэвсэгт хүчин, дайн тулаан гэх мэт зүйлсдээ болгоомжтой ханддаг. Үгүй байсан бол Герман шиг хүчирхэг эдийн засагтай улс Батлан хамгаалахдаа одоо зарж байгаагаас хавьгүй ихийг зарцуулах байсан биз. Батлан хамгаалахын төсөв нь 45 тэрбум ам.доллар. Сүүлийн үед НАТО-гийн гишүүн Зүүн Европын орнуудын батлан хамгаалах салбарт туслалцаа үзүүлэх тухай ярьж байгаа. Цэргийн албан хаагчдын тоо 183 мянга, бэлтгэл хүчин 145 мянга.

Турк

Туркийн Батлан хамгаалахын төсөв 18,2 тэрбум ам.доллар. Дараа жил ахин 9,4 хувиар нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Хил залгаа Сирид болж байгаа иргэний дайн, курдын салан тусгаарлагчдын эсрэг явуулж болзошгүй байлдааны ажиллагаа зэргээс болж ийнхүү Батлан хамгаалахын төсвөө нэмж байгаа. Турк НАТО-гийн гишүүн тул эвслийн хүрээнд дэлхийн олон оронд явуулж байгаа цэргийн ажиллагаанд оролцдог. Жишээлэхэд, Афганистан, Балканы хойг.

Өмнөд Солонгос

Хойд Солонгостой хийсэн дайн албан ёсоор дуусаагүй, хөрш зэргэлдэээ Хятад, Япон Батлан хамгаалахын төсвөө нэмж байгааг дагаад зэвсэгт хүчиндээ гаргадаг зардлаа нэмэгдүүлсэн.
Батлан хамгаалахын төсөв нь 34 тэрбум ам.доллар. Цэргийн албан хаагчдын тоо 640 мянга, бэлтгэл хүчин 2,9 сая.

Япон

Япон Үндсэн хуульдаа хилийн чанадад байлдааны ажиллагаа явуулах зэвсэгт хүчинтэй байх хориотой, зөвхөн өөрийгөө хамгаалах хүчин л зөвшөөрнө гэж заасан. Гэвч сүүлийн хэдэн жил дараалан Хойд Солонгосын цөмийн зэвсэг, алсын тусгалтай пуужин, Хятадтай хийж байгаа газар нутгийн маргаан зэрэг ээдрээнээс үүдэн 11 жилийн дотор Батлан хамгаалахын төсвөө эрс нэмэх шийдвэр гаргасан. Батлан хамгаалахын төсөв нь 49,1 тэрбум ам.доллар. Цэргийн албан хаагчдын тоо 247 мянга, бэлтгэл хүчин 57,9 мянга.
Хэдий Өөрийгөө хамгаалах хүчин гэдэг ч Япон 1595 байлдааны нисэх онгоц, 131 байлдааны усан онгоцтой.

0 Сэтгэгдэл
Манай улсын зэвсэглэл үнэхээр хоцрогдсон. 3 сая хүнтэй 800,000 үнэхээр худлаа-
Тийм гэж бодохгүй байна. Тэд зүгээр цөмийн зэвсэгээ урдаа барьдаг
БНАСАУ-ын зэвсэгт хүчин эхний 10-т орох ёстой. Энд орхигдсон бололтой. Тэдний хуурай замын арми агуу гэсэн.
Тийм гэж бодохгүй байна. Тэд зүгээр цөмийн зэвсэгээ урдаа барьдаг
МУ- байлдааны дайчилгаанд 800 000 цэрэг татах боломжтой..... Азид хуягт, танкны тоогоор дээгүүр байранд ордог. Хэдий ихэнх нь хуучин ЗХУ -ын үеийн зэвсэглэл ч гэлээ байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай....
Манай улсын зэвсэглэл үнэхээр хоцрогдсон. 3 сая хүнтэй 800,000 үнэхээр худлаа-
Монголын зэвсэгт хүчин 800жилийн өмнө дэлхийд хамгын хүчтэй армитай байлаа
Хамгийн их уншсан