Канадын Квебек мужийн цагдаа нар шоронгоос нисдэг тэргээр оргосон хоригдлуудыг хайх ажиллагаа эхлүүлсэн тухай тус улсын “CBC” суваг мэдээллээ. Хэрэгтнүүд бямба гарагийн орой, орон нутгийн цагаар 19 цагийн үед салхилж байх үедээ тэднийг авахаар ирсэн нисдэг тэргэнд сууж оргосон аж. Цагдаа нар нисдэг тэрэг ямар аргаар зэвсэглэсэн харуул хамгаалалттай газар буусныг тодруулахаар шоронгийн ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа аж. Одоо хамгийн чухал нь нисдэг тэрэг байгаа газрыг олох явдал гэж цагдаа нар онцолжээ.
Энэ дуулиантай явдал нь Канадад нисдэг тэрэг ашиглан шоронгоос оргосон хоёр дахь тохиолдол болсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын зүүн өмнөд нутагт байдаг Сен Жером хотын шоронд хоригдож байсан хоёр хэрэгтэн нисдэг тэргээр оргож байв. Тухайн үед цагдаа нар шуурхай ажилласны хүчинд нисдэг тэргийг шоронгоос 85 км зайтай байдаг цанын амралтын орчмоос илрүүлж, оргосон хэрэгтнүүдийг баривчилж байжээ.