Хятадын Хенан мужийн нэгэн гэр бүлд тун харамсалтай явдал тохиолджээ. Ялихгүй юманд ямааны гарз гээч л болж.
Тус айлын эхнэр гар утсаа задгай жорлон руу унагачихжээ. Эхнэрийнхээ “үнэтэй” утсыг гаргаж авахаар нөхөр нь жорлон руу ороод, удалгүй үнэрт нь ухаан балартаад гарч ирж чадсангүй гэнэ. Тэгэхээр нь түүний ээж араас нь жорлон руу үсэрч хүүгээ аврах гэсэн боловч бас л муу усны аймшигтай үнэрт тэссэнгүй ухаан алджээ. Сандарч бачимдсан аав нь, бас эхнэр нь бүгд ар араасаа жорлонгийн нүх рүү орж, гэр бүлийнхнээ аврах гэсэн боловч үнэр нь хэтэрхий хүчтэй байснаас юу ч хийж чадалгүй бүгд ухаан алдацгаажээ. Энэ явдлыг харсан айл хөршийнх нь хүмүүс ч тэдэнд туслах гэж муу усны нүх рүү ар араасаа орцгоосон ч хамгийн түрүүнд орсон нөхөр, ээж хоёрыг аварч чадаагүй гэнэ.
Ингээд тосгоны хэсэг хүмүүс олс ашиглан ухаан алдсан гэр бүлийнхнийг татаж гаргацгаасан байна.
Ээж хүү хоёр эмнэлэгт ирмэгцээ нас барсан бол эхнэр нь ухаангүй байгаа гэнэ. Мөн аав нь хөрш айлын хүнтэйгээ бэртлээ эмчлүүлж байгаа аж. Ингээд таван хүнтэй гэр бүлийн хоёр нь тавхан хормын дотор амиа алдацгааж, бэр нь эмнэлэгт ухаангүй, хөгжлийн бэрхшээлтэй хадам эцэг нь нэг ойтой ач хүүгээ гэртээ харахад хүрчээ. Хамгийн харамсалтай нь, тэд ердөө 2000 юань буюу 320 ам.долларын үнэтэй гар утасны төлөө ийн амиа алдсан юм.