Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх өдөр ойртох тусам л Бразильд байдал түгшүүртэй болж байна. Өрнөдийн хэвлэл мэдээллийн агентлагууд шил шилээ даран сөрөг мэдээлэл цацаж байгаа нь түгшүүртэй байдлыг улам дэвэргэсээр. Жишээлэхэд, 2000 хүн хамруулсан санал асуулга явуулаад бразильчуудын 70 гаруй хувь нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутаг дээрээ явуулахыг эсэргүүцэж байна гэсэн мэдээ ойрын хэдэн өдөр дараалан телевиз, сонин хэвлэлээр явж байна. Монголчууд бөхөө дээдэлдэгтэй адил хөлбөмбөгийг үндэсний спорт гэж бүгд тахин шүтдэг 198 сая хүнтэй Бразилийн санал бодлыг 2000 мянган хүнээс авсан санал асуулгаар тодорхойлно гэдэг асуудалтай баймаар. Энэхүү мэдээллийн дайн Бразилийн хүн амын зарим хэсэгт нөлөөлж эхэлсэн бололтой дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцсэн элдэв арга хэмжээ явуулах болов. Тухайлбал, Сан-Паулу хотын метроны ажилчдын үйлдвэрчний эвлэл хугацаагүй ажил хаялт зарлажээ. Метроны ажилчид цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн хэмжээг өсгөхийг шаардсан байна. Зургадугаар сарын 12-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны тоглолт болох “Итакеран” цэнгэлдэх хүрээлэн рүү хөгжөөн дэмжигчдийг хүргэх гол ачааллыг метро үүрэх ёстой гэж зохион байгуулагчид тооцсон тул энэ ажил хаялт тун таагүй тусч байгаа нь мэдээж. Анхны тоглолт тул 70 мянган хүн багтаах чадвартай “Итакеран” цэнгэлдэх хүрээлэн дүүрэх нь гарцаагүй. Тэгээд ч Сан-Паулу хотын метрогоор ердийн үед л хоногт 4,5 сая хүн үйлчлүүлдэг болохоор ажил хаялтын улмаас ажлаа алдсан олон сая хүн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцэгчдийн тоонд нэгдэж байгаа нь тодорхой.