“Tyrannosaurus Bataar” нэртэй динозаврыг Монголд төдийгүй дэлхийн нийтээр андахгүй болжээ. Батаарын ясыг говь нутгаас хууль бусаар гарган дуудлага худалдаагаар оруулан зарсан Эрик Прокопид өчигдөр Нью-Йорк хотын шүүхээс гурван сар хорих ял оноосон тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд дуулгаж байна. Эрик Прокопид арав хүртэл жил хорих ял оноож магадгүй байсан ч тэрээр баривчлагдсан даруйдаа шууд буруугаа хүлээн, мөрдөн байцаах ажиллагаанд идэвхтэй тусласны хүчинд ийм бага ял авсан аж. Америкийн прокурорууд Прокопийг хамтран ажилласан гэж магтаад түүний тусламжтайгаар улс үндэсний малтмал эд өлгийн зүйлсийг хулгайлан хууль бусаар борлуулдаг хар захыг нээхэд тусалсан гэдгийг онцолжээ.
2012 онд Прокопи Батаарын ясыг АНУ-ын хилээр оруулж ирэхдээ Их Британиас олсон, үнэ нь дөнгөж 15 мянган ам.доллар гэж хуурамч мэдүүлэг өгсөн байв. Гэвч мөн оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон “Heritage” дуудлага худалдаагаар Батаарын ясыг оруулж 1,05 сая ам.доллар хүргэн зарсны дараа наймаа олон улсын анхаарлын төвд орж, улмаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж худалдааг хууль бус гэж мэдэгдэн Америкийн Засгийн газартай хамтран ажилласаны хүчинд үлэг гүрвэлийн ясыг эх орндоо эргүүлэн авчирч чадсан билээ.
Тиранозавр Батаар нь 70 сая жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд 2,4 метр өндөр, 7,3 метрийн урттай. Батаарын яс маш сайн хадгалагдсан бөгөөд их биеийн ясны 75 хувь, гавлын ясны 80 хувь нь бүрэн бүтэн байсан нь тун ховор тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Дэлхийн олон орны музейд байдаг үлэг гүрвэлийн араг ясны ердөө 50 хувь нь л хадгалагдан үлдсэн байдаг аж.
Тухайн үедээ палеонтологич эрдэмтэд Батаарын ясанд дүн шинжилгээ хийгээд найман жилийн өмнө Монголын говиос ухаж авсныг тогтоож байсан юм.