Эквадор улс өөрийн алтны нөөцийн 50-иас илүү хувийг Америкийн хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкинд гурван жилийн хугацаатайгаар шилжүүлэн өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр одоогийн ханшаар 580 сая ам.долларын үнэ хүрэх 466 мянган унци алтыг банкинд шилжүүлж байна. Хариуд нь Эквадор улс алтаа хэрэглүүлсний хүү гэж гурван жилийн дотор 20 сая ам.долларын ашиг олох төдийгүй цаашид Засгийн газрын бонд гаргахад илүү давуу баталгаатай болно гэж үзжээ. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа “Алт нь банкны агуулахад байлаа гээд зардлаас өөр ямар ч ашиг өгөхгүй. Харин бидний авсан арга хэмжээний үр дүнд бодит ашиг өгдөг актив болон хувирч байгаа юм” гэжээ. Эквадор нь 2009 онд 3,2 тэрбум ам.долларын бонд болон түүний хүүг төлөх чадваргүй гэж мэдэгдээд дампуурлаа зарласан юм. Одоо ийнхүү Америкийн хөрөнгө оруулалтын банкинд алтны нөөцийн дийлэнхийг хадгалуулахаар өгснөөр төсвийн алдагдлаа багасгах, мөн нэмж 700 сая ам.долларын бонд гаргах боломж олгоно гэж үзжээ.
“Goldman Sachs” банк үүнээс өмнө Венесуэлийн Засгийн газартай яг адил тохиролцоо хийж байсан аж. Банк 1,68 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж, хариуд нь Венесуэлийн Төв банк 1,85 тэрбум ам.долларын үнэтэй алтаа түр хадгалуулахаар өгсөн юм. Банкны гаргасан хөрөнгийг эргүүлэн төлөх хүртэл тусгай нөхцөлийг талууд мөрдөнө. Нэг талаас алтны үнэ буурвал Венесуэлийн Төв банк нэмэлт алт хадгалуулахаар явуулна, харин үнэ өсвөл илүү гарсан алтны хэмжээг банк буцаан өгч байхаар тохирсон байна.