Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгууль тойрсон ээдрээ

Сүүлийн өдрүүдэд олон оронд тухайн улсад төдийгүй бүс нутагт ойрын 4-5 жил ямар хүч ноёлох вэ гэдгийг тодруулсан сонгуулиуд болж өнгөрлөө. Нөлөөлөл гэдэг нь зөвхөн тухайн нэг нэр дэвшигчийн ард байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэлээр хязгаарлагдахгүй, АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, Герман гэх мэт их гүрний аль нь тухайн улс ба ойролцоох бүс нутагт давуу эрхтэй байх вэ гэдгийг илтгэх хэрэг.  



Украйн


Наад захын жишээ нь Украйнд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль. Нэр дэвшигчид бүгд Өрнөдийн талыг баримтлагч байсан тул хэн ялснаас үл хамаараад Европын холбоо, Америкийн нөлөө тухайн улсад Оросынхоос илт давамгайлах нь ойлгомжтой байв. Иймд Орос ба Өрнөдийг ойлголцолд хүргэх замаар өөрийн улсын эрх ашгийг хамгаалах хүн гарах уу эсвэл илэрхий Өрнөдийн талд ажиллаад хоёр талыг улам их ээдрээнд хүргэх нэгэн гарах нь уу гэдэгт л асуудлын учиг байсан.
Салан тусгаарлагчид давамгайлж байсан зарим газар Ерөнхийлөгчийн сонгууль явагдаагүй ч Америк тэргүүтэй Өрнөдийн орнууд сонгуулийг дуу нэгтэйгээр зөвшөөрч, Порошенкод баяр хүргэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл өөрсдийнх эрх ашгийг хамгаалах хүн ямар ч тохиолдолд ялах нь тодорхой байсан тул сонгууль орон даяар болоогүй гэдгээс үл хамаарч таарав. Улмаар салан тусгаарлагчдын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг хүч үл хэрэглэх гэрээ хэлэлцээрийн түвшинд оруулах гэж яарахгүй хэвээр. Нэгэнт л манай бодлогыг явуулах нь тодорхой болохоор хэн, яаж ялах, ялсны дараа улсаа яаж төвхнүүлэх нь манайд хамаагүй гэсэн бодлого явсаан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Сири

Гэтэл өнөөдөр Сирид эхлэх гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байдал тэс өөр. Албан ёсоор энэ сонгуульд Башар Асадаас гадна Өөрчлөлт ба чөлөөлөлтийн төлөөх Махер Абдель Хажар ба Үндэсний санаачлагын намын дарга Хассан Абдель Илляхи ан Нури гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Өрсөлдөөн байгаа хэдий ч сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэдгээ Өрнөдийн орнууд эртлэн мэдэгдэж эхэлсэн. Өрнөдийн дэмждэг сөрөг хүчний төлөөлөл сонгуульд өрсөлдөх хүнээ ч нэр дэвшүүлээгүй. Дараа нь сонгуулийн үр дүн ямар байхаас үл хамаараад Өрнөдийн талыг дэмжигч гарч ирнэ гэсэн баталгаагүй тул сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдэг мэдээж байж боломгүй зүйл. Иймд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ сөрөг хүчний төлөөлөл ч мөн адил мэдэгдсэн. Улмаар сонгуулийг түр хойшлуулаад Башар Асад сайн дураар огцорч, дараа нь шилжилтийн хамтарсан түр Засгийн газар байгуулж бүх нөхцөл байдлыг хэлэлцэж шинэ сонгууль явуулахыг санал болгосон. Өнгөц сонсоход эвлэгхэн байж болох. Гэвч Өрнөдийн талын дэмжлэгийг авсан сөрөг хүчин эрх баригчидтай байгуулсан тохиролцоогоор огт биелүүлдэггүй, анхнаасаа биелүүлэх сонирхолгүй байдаг гэдгийг Украйнд болсон хэрэг явдал харуулав.
Янукович ээлжит бус сонгууль болох хүртэл эвслийн Засгийн газар байгуулах тухай гэрээг Европын холбооны төлөөлөгчдийн оролцоотойгоор байгуулсан ч хэдхэн цагийн дараа сөрөг хүчин төрийн эргэлт хийж, Януковичийг унагаад шинэ Ерөнхийлөгч томилж, шинээр сонгууль зарлаж өмнө нь хүрсэн бүх тохиролцоогоо эвдсэн. Улмаар шинэ эрх баригчид украйн хэлээр ярьдаггүй, украйн үндэстэн биш болгоныг шахан хавчиж цээрлүүлнэ гэсэн. Одоо үр дүнг нь та бид харж байна. Украйн Крымийн хойгийг Орост алдсан, Зүүн Өмнөд нутгуудын орос хэлээр ярьдаг хүмүүс салан тусгаарлахаа зарлан иргэний дайны байдалтай байна.
Тэгэхээр Башар Асад Өрнөдийн ятгалгыг дагаад суудлаасаа сайн дураар буулаа гэж мэдэгдлээ л бол сөрөг хүчин нэн даруй өөрийн хүнийг Ерөнхийлөгчөөр томилж, түүнийг нь Өрнөдийн орнууд хүлээн зөвшөөрөх нь мэдээж. Гурван жил гаруй үргэлжилсэн иргэний дайн эцэстээ шашны сунна ба шиа урсгалыг дагагчид хоорондын ил цагаан мөргөлдөөн болж хувираад, сөрөг хүчин нь гол төлөв суннаг дагагчид болж байгаа. Ийм нөхцөлд Башар Асадыг буусны дараа сунна урсгалыг дагагчид дайран дээр давс гэгчээр байдлыг улам хурцатган шиаг дагагчдыг толгой дарайлан хядаж эхлэхгүй гэсэн баталгаагүй. Дээр нь, сонгуульд оролцогчдыг гэсгээхийн тулд сөрөг хүчин сонгуулийн төв байрласан хотууд руу мина шидэгчээр буудан олон арван хүний аминд хүрснийг Өрнөд тоогоогүй. Орос, Хятад хоёрт ялагдахгүй л бол сонгууль явахгүй, дайн үргэлжилсэн ч хамаагүй гэсэн бодлого явж байна гэхэд хилсдэхгүй.

Афганистан


Афганистаны сонгууль мөн л дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ оны сүүлээр АНУ, НАТО  тэргүүтэй олон улсын энхийг сахиулагч Афганистанд байрлаж байгаа цэргээ гаргаж дуусна. Үүний дараа улс орноо ээлжит удаагаа алан хядагчдын үүр болгочихолгүй авч явах амаргүй хариуцлага  сонгуулиар ялсан Ерөнхийлөгчид тулгарна. Одоогийн улсыг Америк тэргүүтэй өрнөдийн орнууд цэрэг, санхүүгийн хүчирхэг дэмжлэгээр “хүчээр” бий болгосон. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат амжилттай болсон гэдгийг онцлох хэрэгтэй. Элдэв заналхийлэл, сүрдүүлэг их байсан ч Афганистаны тал сонгуулийг өндөр түвшинд зохион байгуулсныг олон улсын ажиглагчид санал нэгтэй зөвшөөрсөн. Сонгуулийн эхний тойргоор 51 хувийн санал авч ялсан нэр дэвшигч гараагүй тул ойрын өдрүүдэд хоёр дахь шатны сонгууль явуулна. Шинэ Ерөнхийлөгч 2014 онд Өрнөдийн цэргийн эвсэл гарсны дараа Афганистанд Америкийн цөөн тооны цэргийн албан хаагч үлдэх эсэхийг тодорхойлсон гэрээнд гарын үсэг зурах том хариуцлагатай тулгарна. Гэтэл Америкийн Ерөнхийлөгч цэргийн их хүчээ Афганистанаас гаргах ч тодорхой тооны хүчнээ 2016 он хүртэл тус улсад байлгах болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч сонгогдоогүй ч байгуулах гэрээг өмнөөс нь баталгаажуулаад зарласан хэрэг. Та нарыг бид гаргаж ирсэн тул хэн ялахаас үл хамаараад ямар гэрээ байгуулахыг бид мэднэ гэсэн бодлого биш гэж үү.

Египет


Олон улсын анхаарлыг татсан дараагийн том сонгууль нь Египетийн Ерөнхийлөгчийн сонгууль. Урьдчилсан мэдээгээр энэ сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Египетийн зэвсэгт хүчний Ерөнхий командлагч асан Абдель Фаттах ас Сиси фелдмаршал 96 хувийн санал авч гайхамшигтай ялалт байгуулжээ. Ийм ялалтыг хуучин Зөвлөлт, эсвэл Саддамын үеийн Ирак, Каддафийн үеийн Ливид л байгуулдаг байсан гэдгийг бүгд бэлхнээ санаж байгаа. Одоо ийм ялалтыг Умард Солонгосын Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн хүн л байгуулдаг. Гэвч байдал Өрнөдийн орнуудыг нэг их санаа зовоохгүй байгаа бололтой. Учир нь, ас Сиси фельдмаршал сонгуулиар ялаагүй тохиолдолд лалын хэт явцуу үзэлт Лалын ахан дүүс намын байр суурь бүс нутагт хэт бэхжин Өрнөдийн байр суурь суларна. Сонгуульд санал өгөх эрхтэй хүмүүсийн ердөө 48 хувь нь оролцсон, сонгуулийн хороо сая гаруй саналын хуудсыг хүчингүйд тооцсон ч Өрнөдийн орнууд Сисийг Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч таарах байх. Ямар ч байсан чи манай хүн юм байна түр явж бай гэсэн бодлого явж буй бололтой. Тэр тусам шинэ Ерөнхийлөгч нь Израйлийг эсэргүүцсэн, лалын явцуу үзлийг дэвэргэсэн элдэв мэдэгдэл хийхгүй л бол Мубарак шиг ахиад 20-30 жил төрийн эрхийг бариад явж ч болохоор.
Энэ мэтээр жижиг орны парламентын болон төрийн тэргүүний сонгуулийн үр дүнг тухайн улсын сонгогчдын санал гэхээс илүүтэйгээр их гүрнүүдийн гадаад улс төрийн бодлого голчлон тодорхойлсон хэвээр.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан