Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааны эзэн болсон. Саяхнаас Засгийн газар иргэдэд хувьцаагаа худалдах боломж олгоод буй. Хэрэв Засгийн газарт нэрлэсэн үнээр хувьцаагаа иргэд худалдахаар шийдсэн бол энэ сарын 20-ны дотор харьяа хороо, сум дээрээ очиж хүсэлтээ гаргахыг дуулгасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд очиж иргэд хувьцаагаа худалдах талаар хэрхэн хүсэлт гаргаж байгааг сурвалжиллаа. Тавдугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед тус хороонд очиход иргэд бужигналдаж урт дараалал үүсгэжээ. Учир нь, тэд Засгийн газарт хувьцаагаа худалдаж сая төгрөгөө бэлнээр авахыг илүүд үзэж байгаа аж.
Өргөдөл гаргахад бичиг баримт шаардахгүй
Тус хорооны нийгмийн ажилтан Л.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогоор хувьцаагаа худалдах хүсэлтээ хэдэн хүн гаргаад байна вэ?
-Иргэд бэлэн мөнгөө л авсан нь дээр гэж үзэж байгаа бололтой. Хувьцаагаа худалдаж болно гэж Засгийн газар мэдэгдсэнээс хойш иргэд олноор дугаарлаж эхэлсэн. Өдөр ирэх бүр хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэн нэмэгдсээр л байна. Аягүй бол иргэд энэ сарын 20-ны дотор хүсэлтээ гаргаж амжихгүй байх. Одоогоор дүнгээ нэгтгэж гаргаагүй байна.
-Энэ сарын 20-ны дотор өргөдлөө өгөхгүй бол хувьцаагаа л авна гэсэн үг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Гэхдээ иргэд “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцаа хэзээ арилжаалагдах нь тодорхойгүй юм чинь мөнгөө л олж авъя гэсэн бодолтой байна. Энэ нь иргэдийн хувьцааны талаархи мэдлэг муу байгааг л илэрхийлж буй хэрэг. Зөвлөгөө өгч ирээдүйд хувьцаа ямар ашигтай болохыг хэлдэг ч хүн энэ хавьд алга. Хувьцаагаар мөнгө олно гэдэг гэр хорооллын иргэдэд үлгэр мэт санагдаад байх шиг.
-Өргөдлөө заавал өөрөө хороондоо авчирч өгч байгаа юу?
-Өөрийн биеэр ирж өгч чадахгүй тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүдээс ирж болно. Эцэг эх, эмээ, өвөө, 16 хүртэлх насны гишүүн тухайн гэр бүлийг төлөөлж хүсэлт гаргах эрхтэй.
-Өргөдөл гаргахад ямар бичиг баримт шаардаж байгаа вэ?
-Хорооны нийгмийн ажилтнаас өргөдлийн анкет авч бөглөж өгнө. Хэрэв хувьцаа авахгүй бэлэн мөнгөө авъя гэвэл байрны урьдчилгаа төлбөрт оруулж болно. Энэ хүсэлтээ өргөдөлдөө тусгах хэрэгтэй. Уг нь, иргэд бэлэн мөнгөнөөс илүү орон сууцны урьдчилгааг сонирхож байгаа. Гэсэн хэдий ч орон сууцны урьдчилгаанд яаж өгөх нь тодорхойгүй учир бэлэн мөнгөө л авъя гэсэн шийдэлд хүрээд байна.
Брокер диллерийн компаниудтай уялдаатай ажиллах хэрэгтэй
Монголын хөрөнгийн биржийн мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Э.Одбаяраас иргэддээ зөвлөгөө болохуйц зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд хувьцаа гэдгийг төдийлөн ойлгохгүй байна. Тэгэхээр энэ талаар мэргэжлийн хүний хувьд тодорхой мэдээлэл өгөөч?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд компанид хөрөнгө оруулан түүнийг үндэслэн хуралд оролцон санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг борлуулсан орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэж нэрлэнэ. Хувьцаа эзэмшигч нь тухайн компаниас ногдол ашиг буюу тухайн компанийн жил бүрийн ашгийн хуваарилалт мөн ханшийн өөрчлөлтөөс ашиг олох боломжтой юм.
- “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа авчихвал 1990 оны цагаан, ягаан тасалбар шиг болох вий гэж эмээх хүн олон. Хувьцааны давуу тал нь юу вэ?
-Ирээдүйд өсөх магадлалтай гэж тооцоод 100 төгрөгөөр хувьцаагаа авлаа гэхэд тэр нь өсөөд 120, 150 төгрөг болбол тэр хэмжээгээр ашиг олно. Эсвэл ногдол ашгийг нь авч тогтсон орлоготой байхаар төсөөлөл өвөртлөн хувьцаа худалдан авдаг иргэд ч байдаг.
-Тэгвэл хувьцааны сөрөг тал нь. Хувьцаанаас ашиг олохын тулд эзэмшигч ч тодорхой үүрэг хүлээх ёстой биз дээ?
-Хувьцаа болгоны үнэ өснө гэж ойлгож болохгүй. Тодорхой судалгаа шинжилгээний ажил хийж хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зарим уул уурхайн компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээ сая төгрөгөөс дээш хүртэл өссөн. Гэхдээ эрсдэл байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тиймээс хувьцаа эзэмшигч та брокер диллерийн компаниудтайгаа нягт уялдаатай ажиллахыг зөвлөж байна.