Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ албан хаагчийнхаа амийг 20 саяар, дуучид хоолойгоо тэрбумаар даатгадаг

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, түймрийн галд амиа алдсан гурван залууг өнөөдөр Чойбалсан хотноо нутаглуулна. Хөрст дэлхийдээ амгалан нойрс доо эрэлхэг эрс минь. Даанч харамсалтай. Харуусал төрөхийн хажуугаар амиа алдсан залууд төр засаг хэтэрхий хайнга хандсанд дургүй минь хүрээд болдоггүй. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд танд хандаж хэлэх зүйл хэрээс хэтэрлээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдашийн өнчрөн үлдсэн гурван хүүхэд, эхнэрт нь Засгийн газрын нөөц сангаас 79,4 сая төгрөг олгов. 28 настай Ж.Одбаярын голомтыг сахиад үлдэж буй эхнэр Н.Нандинцэцэг, таван настай охин О.Жаргалмаад 80 сая 300 мянган төгрөг хүлээлгэн өглөө. Ахлах ахлагч, 28 настай С.Бат-Эрдэнэний эхнэр, хоёр хүүхдэд нь Засгийн газраас 69,6 сая төгрөг өгчээ. Хүний амийг ийм өчүүхнээр үнэлчихээд их юм хийсэн юм шиг яаж хоёр гардан гардуулж чадаж байна вэ, Шадар сайд аа. Улсын онцгой комиссын дарга танд хүн чанар гэж байна уу. Та ямар айл хэсч, шинэ жилийн ууттай бэлэг сэлт тарааж яваа биш дээ.

“MM” агентлагаас авахуулаад орон нутгийнх нь телевизийг дагуулж очиж, мөнгө гардуулан өгч зургаа татуулж байх юм. Таны бахархалтайгаар авахуулсан зурагнаас үр хүүхдийнхээ хойно үлдэн өөрийгөө зүхэж буй эцэг эх, ханиа алдчихаад хорвоогийн хатуу жамтай эвлэрч ядан суугаа эхнэр, аавыгаа асууж зүрхлэхгүй суугаа охиныг хараад өөрийн эрхгүй сэтгэл эмтрээд байх юм. Одоогоос таван жилийн өмнө Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраах гэж яваад 15 баатарлаг эр ямар эмгэнэлтэйгээр алтан амиа алдлаа. Тухайн үед М.Энхболд та амиа алдсан аврагчдын нэрсийг мөн л шагнал гардуулж байгаа юм шиг өндөр дуугаар уншиж байсансан. Ингэснээр та олон хүний зэвүүцлийг хүргээд амжсан.  Энэ бүхнээс та хатуу сургамж аваагүй хэрэг үү.

 

Хөшөөт цогцолбор босгох эрх мэдэлгүй сайд

 

Талийгаач Ч.Намжил­да­шийн аав, ээж, гэр бүлийнхэн нь хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж яваад амь насаа алдсан гурван гал сөнөөгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөт цогцолборыг орон нутагтаа барьж өгөхийг Шадар сайдаас хүсчээ. “Асуудлыг бүрэн судлаж, аймгийн хэмжээнд шийдвэрлэхийг нь шийдвэрлэж, Засгийн газарт тавьж байгаа саналыг уламжлахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад даалгалаа” гэсэн хариу өгчээ. Үхтэл үр харам гэдэг. Эцэг эх нь тангараг өргөсөн үр хүүхдийнхээ амь насыг танаас нэхсэнгүй шүү дээ. Үр хүүхдэд нь  зориулан босгох хөшөөт цогцолбор тэдэнд өнөөдөр юунаас ч илүү үнэ цэнэтэй болж, үлдсэн хугацаанд сэтгэлээ хуурч явъя  гэсэндээ л тэр. Хэдэн төгрөг өгчихөөд бүх асуудлыг таягдан хаячихдаг төр засагтай учраас тэд ийн гуйгаа биз дээ. Харамсалтай нь, Засгийн газрын бүрэлдэхүүнд толгой хорогдож явдаг атлаа М.Энхболд гуай аймаг орон нутгийн удирдлагуудад даатгачихаад иржээ.

 

ОБЕГ-ын албан хаагчид “Миг” даатгалд даатгуулдаг

 

Онцгой байдлын салбарын албан хаагчид “Миг” даатгалд амь насны даатгалд хамрагддаг аж. Амиа алдсан гурван залууд даатгалын компаниас хорин сая төгрөг хүлээлгэн өгсөн. “Миг” даатгалтай холбогдож энэ талаар тодруулах гээд чадсангүй. Харин “Бодь” даатгалын компаниас байгууллагын ажилчдын гэнэтийн ослын даатгалыг хэрхэн хийдэг талаар тодруулж үзлээ.

 

-Сайн байна уу. Байгууллагын ажилчдын гэнэтийн ослын даатгалын талаар мэдээлэл өгөөч?

-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Гадаадын хөрөнгө оруулалттай юу.

-Тийм ээ. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани.

-17-65 насны хүмүүсийг даатгалд хамруулна. Гэмтэж бэртэх эрсдэл өндөртэй эсэхээс шалтгаалж янз бүрээр даатгадаг. Манай байгууллагын зүгээс амь нас даатгах доод хэмжээг нь 10 сая төгрөгөөр тогтоож өгдөг. Харин танай байгууллага хүсвэл дээд хязгаар нь хэд ч байж болно.

-Доод хэмжээг нь 10 саяар тогтоодог гэхээр байгууллагууд амь насыг нь үүнээс ч дор үнэлэх гээд байдаг байх нь ээ?

-Тийм. Тэгээд л манайх босго тогтоож өгдөг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын уул уурхайн компанийн захирал нь өөрсдийгөө 100 саяас дээш төгрөгөөр үнэлдэг. Түүнээс ч өндөр байх шаардлага тавьдаг. Харин монгол ажилчдаа бол маш хямдаар үнэлэх гээд байдаг.

-Би ажилчдаа 20 саяар даатгуулна гэвэл ямар хураамж төлөх вэ?

-Хүнийхээ тооноос шалтгаалаад 2-3 хувийг нь төлнө. 20 саяар гэвэл 40-60 орчим мянган төгрөг жилдээ төлнө гэсэн үг.

Монгол хүний үнэлэмж, үнэ цэнэ өнөөдөр ийм л байна. Уртын дуучин Г.Хонгорзул 2007 онд 100 сая төгрөгөөр хоолойгоо даатгуулсан. “Миг” даатгал компаниас түүнд санал тавьж өөрсдөө мөнгийг нь гаргаж даатгасан. Харин даатгалын хугацаа дуусч уг компаниас түүнд хугацаагаа сунгах хүсэлт тавихад тэрээр зөвшөөрөөгүй гэдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд олноо танил болоогүй оюутан залуу Ө.Цэрэнчунт “Ард” даатгалд нэг тэрбум төгрөгөөр хоолойгоо даатгуулсан. Тэрээр “Их мөнгөөр даатгуулж байгаа хамгийн анхны дуучин нь би. Надаас өмнө дуучин Хонгорзул өөрийнхөө хоолойг 100 саяар даатгуулж байсан юм. Хүн эрүүл мэнддээ анхаарах ёстой. Энэ бол мөнгөний асуудал биш шүү дээ. Үүний цаана хүний эрүүл мэнд сөхөгдөж байгаа юм. Хүний амийг мөнгөний тоотой харьцуулж болохгүй шүү дээ” гээд гайхуулан ярьсан. Амь насаа биш эд эрхтнээ тэрбум, тэрбумаар даатгаж байна шүү дээ. Хүний амь насыг үнэлж болохгүй  л дээ. Гэхдээ албан хаагчдынхаа амь насыг 20 саяар даатгачихаад, улаан галын өөдөөс 10 литр ус үүрүүлээд явган явуулчихдаг Онцгой байдлын ерөнхий газар одоо өөрөөр ажиллах цаг нэгэнт иржээ.  Засгийн газар, хариуцсан сайд нар нь сургамж авахад хангалттай олон гашуун сургамж давтагдлаа. Дахиад эрдэнэт хүний амь насаар дэнчин тавих хэрэггүй.

0 Сэтгэгдэл
sn bichsen bn shvv
Хамгийн их уншсан