Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Серби нөхөн төлбөр шаардаж байна

Сербийн Ерөнхийлөгч Томис­лав Николич НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр үг хэлэхдээ 1999 онд НАТО-гийн нисэх хүчин Югославыг 78 хоногийн турш бөмбөгдсөний нөхөн төлбөр авах бодол­той байгаагаа мэдэгджээ. Тэ­рээр “Би дайны нөхөн төл­бөр гэдгийг сонгодог утгаар төлөхийг шаардаагүй, гомдоллоогүй байна. Гэхдээ би нэгэнт Сербийн Ерөнхийлөгч болохоор манай иргэн, объект, эдийн засагт бүхэлд нь учруулсан асар их хохирлыг нөхөж өгнө гэсэн та бүхний амлалтыг сануулж байна” гэжээ.

Тухайн үеийн Югославын бүрэлдэхүүнд байсан Сербийг, гол төлөв албаничууд амь­дардаг Косово мужийг тус­гаар улс хэмээн хүлээн зөв­шөө­­­­рүүлэх, өөрийн нутаг гэж үзэхээс татгалзуулахын тулд НАТО-ийн онгоцууд бөм­бөгдсөн юм.
Нийтдээ Сербийн үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтэц рүү 344-1031 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц 1991 удаа агаараас дайрсан байдаг. Бөмбөгдөлтийн улмаас 200 үйлдвэр, найман цахилгаан станц, 82 гүүр, төмөр замын долоон вокзал, зургаан нисэх буудал олон тооны зам ноцтой гэмтсэн. 400 гаруй барилга байгууламж, 422 сургууль, 48 эмнэлэг, зурагтын төв бүрэн сөнөсөн юм. 2000 гаруй энгийн номхон иргэн амь үрэгдэж, 7000 хүн шархадсанаас 30 хувь нь хүүхэд байв. Мөн бөмбөгдөлтөөс дайжин 750 мянга гаруй хүн орон гэрээ орхин гарч, 500 мянган хүн ажилгүй болжээ.

Бөмбөгдөлтийн улмаас Югослав арга буюу хүчин мөхөсдөж Косово мужийг НАТО ба Олон улсын цэргийн хүчний мэдэлд шилжүүлсэн. Хожим НАТО нь бүх эрх мэдлийг Косовогийн хүн амын дийлэнх албани үндэстнүүдэд хүлээлгэн өгсөн. Үүний хүчинд Косовогийн албаничууд 2008 онд мужаа тусгаар улс гэж зарлахад гол төлөв өрнөдийн орнууд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү бөмбөгдөлтөөс үүд­сэн хохирлын хэмжээг мэр­гэжилтнүүд 50-100 тэрбум ам.доллар гэж тодорхойлдог. Гэх­дээ яаж ч тодорхойллоо гээд хохирлын хэмжээ асар их гэдэг нь эндээс харагдаж байна. Бөмбөгдсөн бүс нутагт экологид ихээхэн хохирол учруулсан төдийгүй одоог хүртэл нөлөө үзүүлсээр байгаа тухай мэргэжилтнүүд онцолжээ. Тухайлбал, 1999 онд НАТО-гийн онгоцууд Сербийн химийн үйлдвэрүүдийг бөм­бөгд­сөний улмаас агаар, хөрс, усанд химийн хорт бодис их хэмжээгээр орсон. Тухайн үед Сербийн Эрүүл мэндийн сайд Лепосава Миличевич “Манай химийн үйлдвэрүүдийг Адольф Гитлер ч бөмбөгдөж байгаагүй юм шүү. Гэтэл НАТО манай гол мөрөн, агаарыг бохирдуулж, чөлөөтэй бөмбөгдөж байна” гэж байжээ.

Мөн сербийн цэрэг, иргэний объектын эсрэг цацраг идэвхийг нь бууруулсан уран голчтой бөмбөг ашигласнаас болж бөмбөгдүүлсэн бүс нутгийн хөрс, ус их хэмжээний цацраг идэвхт бодисоор хордсон. Косовогийн цэвэр усны нөөцийн ихээхэн хэсэг нь цацраг идэвхит бодисонд хордсон тул одоо ч унданд ашиглах боломжгүй. Мөн цацраг идэвхийн нөлөөгөөр бөмбөгдүүлж байсан бүс нутагт оршин суудаг иргэдийн хорт хавдар, удамшлын өвчний тоо эрс нэмэгдсэн байна. Ингээд ч зогсохгүй бөмбөгдөлтийн дараа Косовод алба хааж байсан НАТО-гийн энхийг сахиулагчдын дунд хорт хавдрын өвчлөл огцом өссөний улмаас өрнөдийн зарим улс тухайн үед Косовод алба хааж байсан бүх албан хаагчаа эмнэлгийн нарийвчилсан үзлэгт хамааруулж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан